Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дурдсан энх тайван, тогтвортой, хүртээмжтэй, дасан зохицсон, цэцэглэн хөгжсөн ирээдүйд хүрэх арга замыг тодорхойлох энэ цаг үеийн нэгэн чухал арга хэмжээ болж байна.
Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хариуцан, зохицуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Намиби Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Байнгын төлөөлөгч нарт гүн талархал илэрхийлье.
“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагааг нь улам эрчимжүүлэх зорилгоор өнөөдрийн энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Танд гүн талархал илэрхийлье.
“Ирээдүйн төлөө гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” баримт бичгийг олон удаагийн хэлэлцээ, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн батaлсан нь ээдрээ төвөгтэй энэ цаг үед Та бидний хамтын зорилго, улс төрийн хүсэл эрмэлзлийг бататгасан чухал алхам болж байна.
Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.
Мөн манай улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг.
Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэл зэрэг тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.
Манай улс энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан тунхаглалын гол үзэл санаа өнөөдрийн дээд түвшний уулзалтаар батлах баримт бичгүүдэд тусгалаа олж байгаад баяртай байна.
Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно.
Дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.