Улстөр нийгэм
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны аравдугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтлоо.
Эхлээд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулж, шийдвэрлэсний дараа жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Улсын Их Хурлын 98 гишүүн санал хураалтад оролцож, 70.4 хувь нь дэмжин Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.
Засгийн газраас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн тус төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Байнгын хорооны тус хуралдаанаар төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцсэн байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалт явуулахгүйгээр, гүйцээн боловсруулах чиглэл өгч Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй хоёр санал, нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн боловч ажлын хэсгийн зүгээс шалгуур үзүүлэлт, зорилгыг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар, Д.Үүрийнтуяа, Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, холбогдох хуульд нийцүүлж улсын жилийн төлөвлөгөөг баталдаг. Ирэх оны төсөв жилийн төлөвлөгөөнд үндэслэх ёстой гэдгийг гишүүд тэмдэглэж байв. Орон нутгийн иргэдийн орлого бага хэрнээ хэрэглэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нь өндөр байдаг тул татварыг бүсчлэлээр нь хөнгөвчлөн тогтоох саналыг С.Бямбацогт гишүүн хэлж байв. Эрчим хүчний салбарын алдагдлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулснаар ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг тооцсон эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Эрчим хүчний сайдаас хариулт авав.
Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны хатуу, зөөлөн дэд бүтцийг өргөтгөж, сайжруулахаар “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх” гэсэн хөгжлийн төлөвлөгөөний төслийн 4.1.2.2 дахь арга хэмжээний талаар Ж.Баярмаа гишүүний тодруулж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулт өглөө. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын Засгийн газар хамтран 15 жилийн хугацаанд 100 хувийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл бөгөөд хэрэгжүүлэгч нь өндөр орбитын хиймэл дагуул бүтээдэг зургаан гол байгууллагын нэг, Италийн оролцоотой, Францын төрийн өмчийн компани гэдгийг тодотгов. Төслийн санхүүжилтийн зээлийн баталгаа болох 15 хувийг ирэх оны төсвийн төсөлд тусгах шаардлагатай гэлээ. Тус төсөл нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихээрээ нэн ач холбогдолтойг дурдсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийнхүү хөнгөлөлттэй зээлээр хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлж байгаагүй ч гуравдагч хөршийн хувиар гадны хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэн БНФУ-ын Засгийн газраас эл шийдвэрийг гаргасан гэдгийг тооцох нь зүйтэй хэмээв. Мэргэжлийн түвшинд ач холбогдлыг нарийвчлан тайлбарлах боломжтой гэдгийг Н.Учрал сайд хэлж, тус төслийн ТЭЗҮ-д Монгол Улс ирэх 15 жилийн хугацаанд 356.4 сая ам.долларыг гадны хиймэл дагуулд төлбөр болгон төлөх тооцооллыг дурдаж байв. Гадагшаа ийн урсаж байгаа валютыг дотооддоо үлдээх, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад хамтын ажиллагааны бодлого гэх зэрэг асуудлыг анхааралдаа авахыг тэрбээр гишүүдээс хүссэн.
Монгол Улсын иргэн бүрийг хүчирхийллээс ангид байлгах асуудлыг бодлогын түвшиндээ анхаарч, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх саналыг М.Нарантуяа-Нара гишүүн гаргаж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт, тайлбар авсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсний дараа төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 98 гишүүний 66 нь буюу 67.3 хувь нь дэмжиж, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2024/01/09
Сэлбэ голын гүнд суваг нээж, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна
-
Улстөр нийгэм2023/03/10
RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажлыг бүрэн хангажээ
-
Цаг үе2025/03/06
56 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүд алдагдсан хэргийг илрүүлжээ
-
Цаг үе2021/05/05
Оросын шүүх Навальныйгийн Авлигатай тэмцэх санд хориг тавьжээ
