Цаг үе
Гамшгаас сэргийлэхэд санхүүгийн оновчтой механизмыг нэвтрүүлэх асуудлаар Дэлхийн банктай хамтарч ажиллана

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай гамшгийн эрсдэлийг бууруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний санхүүжилтийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехиун Ли тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Монголд төдийгүй дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ, хор хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа учраас гамшигт тэсвэртэй нийгмийг цогцлоох, дасан зохицож даван туулах, эрсдэлийг шилжүүлэх санхүүгийн тогтолцоог нэвтрүүлэхэд улс орнууд анхаарч эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын зүгээс Гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги болоод хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа энэ чиглэлд анхаарч, олон нийтийн оролцоог ханган, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж байна.Цаашид Гамшгийн эрсдэлийн нэгдсэн сан, Эрсдэлийн даатгал зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг илүү боловсронгуй болгох зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүгийн платформыг нэвтрүүлэх саналыг миний бие УОК-ын даргын хувьд 2024 оны Ази, Номхон далайн бүсийн сайд нарын бага хуралд илэрхийлсэн" хэмээн онцолсон юм.
Уулзалтаар Дэлхийн банкны зүгээс тус санаачилгыг дэмжихээ илэрхийлж, гамшгийн бэлэн байдал болон гамшгийн дараах шуурхай хариу арга хэмжээ авахад зориулж, Дэлхийн банкны санхүүжилтийн нийт багцын 10 хувийн зарцуулагдаагүй үлдэгдлийг ашиглах боломжтой гэдгийг хэллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
Цаг үе
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 16-ны өдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.
2025 оны аравдугаар сарын 17-ноос 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
-
Цаг үе2024/05/02
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
-
Цаг үе2020/06/03
Гараа зөв угааснаар халдвараас бүрэн сэргийлнэ
-
Улстөр нийгэм2022/03/22
Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах үүрэг өглөө
-
Цаг үе2022/02/14
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна