Улстөр нийгэм
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй
-Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй хэрхэн танилцахаар ажиллаж байна вэ?
-Боловсролын ерөнхий хууль батлагдаж хэрэгжиж эхлээд дөнгөж жил гаруй болж байна. УИХ хууль тогтоох үйл ажиллагаанаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ биелүүлэх ёстой. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд тулгамдсан олон асуудал бэрхшээл үүсч байна. Нэн тэргүүнд багш нарын хомсдол салбарын эмгэнэл болоод байна. Боловсролын сайд 8 дугаар сарын сүүлээр 4200 багш дутагдаж буйг зарласан. Энэ бол сургуулиудаас авсан тоо. Бид цөм хөтөлбөрт тусгасан цагийн дагуу сургууль бүрийн бүлгийн тоонд үндэслэн багшийн тоог гаргахад 7600 багш дутагдалтай гэсэн тооцоолол гарсан. Цаашид сургуулийн норм нормативийг мөрдүүлэх, сургууль шинээр байгуулах тохиолдолд багшийн хомсдол улам л нэмэгдэхээр байна. Багшийн нарын хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарын хөгжил, шинэчлэлд ахиц гарах тухай ярих боломжгүй юм. Манай ажлын хэсэг хамгийн олон гишүүнтэй бөгөөд бид багш нарын хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллана. Санал, дүгнэлтээ хаврын чуулганаар танилцуулах болно.
-Хуулийн хэрэгжилттэй танилцаад Боловсролын ерөнхий хуульд өөрчлөх санал гаргах боломжтой юу?
-Хуульд өөрчлөлт оруулах тухай биш, хэрэгжилтийн алдаа, оноог хянах чиглэлээр ажлын хэсэг ажиллана гэдгийг онцолж хэлье. Ажлын хэсэг тулгамдсан асуудлуудыг маш сайн сонсож, бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах чиглэлийг баримтлаж байна. Жишээлбэл, сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 настны сургалтын талаар гишүүдийн гаргасан санал санаачлагыг багш нар, эцэг, эхчүүдтэй хамтран ярилцахаар төлөвлөж байна. Мөн ажлын хэсэг МУБИС зэрэг багш бэлтгэж буй их, дээд сургуульд дээр очиж, багш бэлтгэх бодлого, хяналтын тоог хэрхэн хангаж буй талаар мэдээлэл сонсож, оюутнуудтай уулзалт хийнэ. Энэ мэтчилэн боловсролын шат шатны байгууллагад очиж ажиллан бодит шийдэл гаргах нь үр дүнтэй хэмээн үзэж байна.
-Та боловсролын салбарын хөрөнгө оруулалтад шүүмжлэлтэй хандаж байсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямар боломж байна гэж харж байна вэ?
-Эдийн засаг өсч, төсөв тэлж байгаа үед боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр улсын хэмжээнд 40-өөс дээш тооны хүүхэдтэй 4860 бүлэгт 214 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Бүр 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Ер нь 1800-аас дээш хүүхэдтэй даац хэтэрсэн сургуульд сургалт хэвийн явуулах боломжгүй, энэ нь эргээд сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд ийм даац хэтэрсэн 124 сургуульд 368 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Энэхүү бүлэг дүүргэлт болон сургуулийн даац хэтэрсэн нөхцөлийг хэвийн болгохын тулд бидний хийсэн тооцоогоор даруй 150 сургууль шинээр барих зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс боловсролын салбарт хөрөнгө оруулалт маш чухал байгаа тул ирэх 4 жилд Засгийн газрын хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл дээр нэмээд 15 дахь мега төслийг боловсролын салбарт хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.
-Багшийн хомсдлыг шийдэх ямар гарц байна гэж та үзэж байгаа вэ?
Багшийн хомсдлыг бууруулахын тулд тэдний үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах нь хамгийн оновчтой шийдэл юм. Хөдөө орон нутагт багшийн хомсдол маш их байна. Тухайн аймаг, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн шилдэг төгсөгчийг багш мэргэжил эзэмшээд эргээд төрөлх сургуульдаа багшлах тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх, суралцах хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгох, 5 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллавал гадаадад магистрт суралцуулах, ипотекийн зээлийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх талаар төр дорвитой шийдвэр гаргах ёстой хэмээн үзэж байна.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
