Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хууль хэрэгжиж эхлээд ямар хугацаанд үр дүн гарах, “Орано” групп нь манай улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглах талаар баталгаа гаргуулах, олборлох ураныг энх тайвны зорилгоор ашиглах талаар гэрээндээ тусгах, олборлосон тодорхой хувийг борлуулах эрхтэй байх, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл дээрх хуулийн төсөл болон цаашид хийх гэрээ, хэлэлцээрийн талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, шинжлэх ухааны ойлголтуудыг тодорхой ойлгомжтой хүргэхэд анхаарах талаар асуулт асууж, хариулт авчээ. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг гүйцээн боловсруулах, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн. Байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асуулаа.



Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт үндсэн орд байрлаж байна. Эдгээр сумын иргэдэд нөхөн олговорыг хэрхэн олгох талаар асуухад “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал "2006 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт 9 тэрбум төгрөг зарцуулсан. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян суманд 300 сая төгрөгийн нөхөн олговор  жил бүр өгч байна" хэмээн хариулав. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ө.Шижир нар хог хаягдлыг хэрхэн шийдэх, уран олборлоход их хэмжээгээр шаардагдах хүхрийн хүчлийг хаанаас импортлох талаар асуусан.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, манай орон зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 байранд явдаг. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрээ түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Зэс хайлуулах үйлдвэрлэлээс хүхрийн исэл гарна. Тэрхүү хүхрийг олборлох үйл ажиллагаандаа ашиглана гэв. Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга Г.Манлайжав, төслийн үйл ажиллагааны үр дүнд 250 тонн цацраг идэвхт хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын зохих хууль, журмын дагуу хог, хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгана. Төслийн явцад 3 төрлийн хог хаягдал гарна. Шатах, тослох материал буюу аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барина, цацраг идэвхт буюу шар нунтгийн сав, бээлий зэрэг хог хаягдлыг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаах гэсэн 3 аргаар хог хаягдлыг шийдэхээр тохиролцсон гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, цацраг идэвхт ашигт малтмал олборлохтой холбогдуулан болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хийхээр тусгасан байна. Байгаль орчны үнэлгээг хийсэн атлаа хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаарх үнэлгээ тун тааруу байна хэмээгээд хүний эрүүл мэндэд нөлөөлөх үнэлгээг сайжруулах талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Сандаг-Очир, хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталж байгааг тэмдэглээд төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг нийтээрээ ойлгож, цаг нь ирэхээр аливаа төсөл эхэлдэг гэдгийг харуулж байна гэв. Цаашид гэрээг үр ашигтай байгуулахад анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.
Түүний дараа Байнгын хорооны бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах санал гаргав. Нэгдсэн хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэж байх  хооронд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангасны дараа өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцэслэн батлахаар тогтов.

Түүний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийн оршил хэсэгтээ “Монголын ард түмэн бид Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тунхагласан нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин биелүүлэхийн үндэс болсон. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлж, түүний агуулга, үзэл санааг ойлгож, өрх бүр дээдлэн залахыг уриалж, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төрийн байгууллага, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах; Монгол Улсын иргэн  бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулж сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалах зохицуулалтыг тусгасан байна. Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгах, уг тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Үндсэн хуулийг тунхаглалын шинж чанартай биш, залуучууд хойч үедээ Үндсэн хуулийн үзэл санааг бага наснаас нь ойлгуулах, бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тодорхой тусгаж, эргэх холбоог нэмэгдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн үзэл санаа боловсролын байгууллагын хөтөлбөрт одоо хэрхэн туссан, түүнийг сайжруулах талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа эсэх, хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах бус үүрэгжүүлэх боломжтой эсэх талаар асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Алтангэрэл нар Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлүүлэх хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, саналаа хэлсэн.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Үндсэн хуульт ёсоо эрхэмлэн дээдлэж, иргэд нь хуулиа мэддэг, эрх мэдэлтнүүд түүний үзэл санаанд үнэнч зүтгэдэг байх ёстой. Энэ удаагийн парламент Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” шийдвэрийг гаргаж буй нь Монгол Улс ардчилсан засаглалтай, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл баримтлалдаа туйлбартай зогсож чадаж буйн илэрхийлэл хэмээгээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.6 хувь дэмжиж батлав.



Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найрууллагыг танилцууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжин, баталлаа. Тус хуультай хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.

Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.

Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтоо толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.

Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.

Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.

Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм17 цаг 4 минут

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ17 цаг 13 минут

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе17 цаг 16 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе17 цаг 24 минут

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ17 цаг 44 минут

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм17 цаг 51 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе19 цаг 42 минут

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм19 цаг 46 минут

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох