Улстөр нийгэм
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Говьсүмбэр аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар болон Шуурхай штабт ажиллаж байна.
Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн нөхцөл байдал, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалттай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн нөхөн хангалт 89.9 хувьтай байна. Аймгийн хэмжээнд 2024 онд 56 удаагийн гамшгийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 180 иргэний амь насыг аварч, аж ахуйн нэгж байгууллагын 689 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 2023 онтой харьцуулахад 42.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Түүнчлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт аймгийн хэмжээнд нийт 728 алба хаагч хамрагдаж, хангалттай дүгнэгдсэн.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2024-2025 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт 89.9 хувьтай хангагджээ.
Тодруулбал,
-Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 540 хувь
-Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 89.5 хувь
-Малчдын түвшинд өвс тэжээлийн бэлтгэл хангалт 80.7 хувьтай байна.
Отрын бүс нутагт гурван аймгийн 147.0 мянган толгой мал өвөлжүүлэхээр тогтсон. 2025 оны 1-р сарын 08-ны өдрийн байдлаар отроор өвөлжиж байгаа гадны аймаг сумдын малчин байхгүй байна.
Гоц халдварт хонины цэцэг, бог малын мялзангийн тандалт судалгааг зургаан идэвхтэй ба идэвхгүй хэлбэрээр зохион байгуулсан. Тандалтанд эрсдэлтэй бүс нутгийн нийт 463 хот айлыг хамруулсан ба 16 мянга гаруй толгой малд эрүүл мэндийн ерөнхий үзлэг хийсэн байна. Тандалтаар хонины цэцэг, бог малын мялзангийн сэжиг таамаг илрээгүй. Мөн шүлхий, үхрийн арьс товруутах, богийн мялзан, хонины цэцэг зэрэг 4 төрлийн гоц халдварт өвчний эрт илрүүлгийн үзлэг, тандалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 120 өрхийн 13 мянга гаруй толгой малыг хамруулсан ба сэжиг илрээгүй тайван статустай байна.
Маллах отрын бүс нутагт 3 сумын 147.0 мянган толгой мал өвөлжүүлэхээр тогтсон. 2025 оны нэгдүгээр сарын 08-ний өдрийн байдлаар отроор өвөлжиж байгаа гаднын аймаг сумдын малчин байхгүй байна.
2025 оны нэгдүгээр сарын байдлаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт 79 Хоршооны 220 малчин өрх 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Шударга мэдээ2023/12/08
“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шин...
-
Цаг үе2020/01/03
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
-
Үзэл бодол2020/05/12
Монголын хуулиас гадуур Оюу Толгой төсөл
-
Шударга мэдээ2022/10/03
Иргэд D.PARLIAMENT.MN цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайдаас асуулт асуух боло...
