Улстөр нийгэм
УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны гуравдугаар сарын 18-ны өдөр болсон “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад мэндчилгээ илгээснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уламжлан хүргэлээ.
Монгол Улсын топ 150 компанийн шилдэг 200 гаруй менежер оролцож буй “Менежментийн форум”-ыг жил тутам уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийнх нь тав дахь форум юм. Өнгөрсөн жилийн форумд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар ажиллаж байхдаа оролцсон бөгөөд энэ удаагийн форумд оролцох урилгатай байсан боловч Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийх албан ёсны айлчлал давхацсан тул ийнхүү мэндчилгээ илгээсэн юм.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний мэндчилгээг уламжилж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монголын парламентын шинэчлэл буюу парламентат ёсны хоёр дахь үе шат болон Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги, төлөвлөгөөний талаар танилцуулав. Бүтэц, бүрэлдэхүүн нь өргөжиж, 126 гишүүнтэй болсон Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гарч буйг тэрбээр олон намын болон олон салбарын төлөөлөл, улсын төсвийн хэлэлцүүлэг, анх удаа төсвийн төслийг Засгийн газарт буцаасан зэргээр жишээлэн ярьж, хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль тогтоомжийг батлан мөрдүүлж байх “Гурван төгөлдөршил”-ийн зарчим, эдгээрт тулгуурлан боловсруулж баталсан ирэх дөрвөн жилд баримтлах Улсын Их Хурлын стратегийг дэлгэрэнгүй тайлбарлан ярьсан юм. Хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төлөвшүүлэх стратегийн зорилгыг танилцуулахдаа тэрбээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд хийх процессын дахин инженерчлэл, энэ талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн туршлагаас суралцах, төрийн үйлчилгээний шат дамжлагуудыг цөөлөх, бууруулах талаар явуулж буй бодлогын арга хэмжээг жишээллээ. Үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн амин чухал эрэлт, хэрэгцээг тооцсон, цогц шийдвэр гаргадаг байх Улсын Их Хурлын хоёр дахь стратегийн зорилгыг тайлбарлахдаа татварын багц хуулийн шинэчлэл, хавтгайрсан хяналт шалгалтыг багасгах бодлогын талаар дэлгэрэнгүй өгүүлэв. Шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжих, олон ургалч үзэл бүхий дэвшилтэт шинэ үеийн парламентыг бэхжүүлэх, Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгуудын хүрээнд виртуал хөрөнгийн харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах, хуулиас давсан журам, дүрмүүдийг цэгцэлж, хууль тогтоомжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадваржуулах болон бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх зэрэг бодлогыг танилцууллаа.
“Менежментийн форум 2025” чуулга уулзалт “Building The Trust” уриан дор болж буй бөгөөд бизнес, эдийн засгийн орчны шинжилгээг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ хүний нөөцийн тулгамдсан асуудал, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвүүдийг хөндөн ярьж байна. Энэ үеэр бизнес эрхлэгчид бие биенээ өрсөлдөгч гэж бус хамтрагч гэж харж, нийтлэг зорилго, тулгарч буй бэрхшээл, сорилтыг дүгнэж буй нь нэгэн том алхам болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тэмдэглэж, хууль тогтоогчдод уламжлах санал, шүүмжээ илэн далангүй гаргахыг уриалаад, бизнес эрхлэгчид болон парламентын гишүүд, мөн Менежментийн форум өөр хоорондоо “алтан гурвалжин”-гийн дүрмээр нягт хамтран ажилласнаар бодитой үр дүнд хүрч чадна гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2021/08/25
Ж.Сандагсүрэн: Улаанбаатар хотын гадаад харилцааг шинэ түвшинд гарган идэвхжүүлэ...
-
Улстөр нийгэм2021/09/08
Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа
-
Улстөр нийгэм2024/06/18
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн бар...
-
Цаг үе2022/08/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
