Улстөр нийгэм
198 сая төгрөгийн хөрөнгө, орлогыг их хэмжээний өөрчлөлт гэж үзнэ

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг худал мэдүүлэх, санаатайгаар орхигдуулах, хуульд заасан үндэслэлийн дагуу мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй зэрэг авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүрэгтээ хайнга хандах зөрчлүүд гарч байна.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, мөн хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргах үүрэгтэй. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болсон бөгөөд мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгөд 198,000,000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд тухайн орлого, хөрөнгийн талаар 30 хоногийн дотор цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээр болсон.
Нийтийн албан тушаалтны мэдүүлсэн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг Авлигатай тэмцэх газраас нарийвчлан хянан шалгадаг бөгөөд хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй, мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албан тушаалаас чөлөөлөх, ажлаас халах хүртэлх хариуцлага хүлээх үндэслэл болохыг анхааруулж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Шударга мэдээ2021/03/15
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:0...
-
Цаг үе2019/10/07
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2023/12/08
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон суу...
-
Цаг үе2024/12/23
Нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлт орлоо