Урлаг спорт
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр боллоо. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертын найруулагч сонгон шалгаруулах асуудлыг танилцуулах, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажил, явцын мэдээлэл, Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах төсвийн зардал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.
Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар өглөө. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байх бөгөөд Монгол Улсын газар нутаг, ард түмэн, төр гэсэн өргөн утга агуулгатай байхаар төлөвлөжээ.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ болон Хүндэтгэлийн тоглолтын үзэгдэл хоорондын залгааг маш тодорхой болгох, илэрхийлэх гэж буй санаа зорилгоо зөв гаргахад анхаарах, нээлтийн арга хэмжээг орой дахин тоглох учраас гэрэлтүүлгийн асуудлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй” гэдгийг санууллаа. Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмыг гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид үзэх тул улс орныхоо өв соёл, онцлог байдлыг энгийн ойлгомжтой байдлаар харуулахад онцгойлон анхаарахын зэрэгцээ зарим орны найрамдалт харилцааг харгалзан үзэж, үзүүлбэрүүдээ бэлдэхийг онцгойлон анхааруулсан.
Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Монгол орныг нийт долоон бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү бодлоготой уялдуулан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнд бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусгаж өгөх нь нэн чухал гэдгийг хуралдааны үеэр Шадар сайд онцолсон.
Өнөөдрийн хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчийн багуудын танилцуулгыг хийж, ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанаар сонгон шалгаруулалтыг эцэслэхээр тогтлоо. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний эхний пробыг 06 дугаар сарын 15-нд үзэхээр тогтож, салбар хороод найруулагчийн багтаа дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Урлаг спорт
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг улсын арслан Э.Батмагнай асаалаа
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Өчигдөр тус наадмын нээлтийн ёслол Баянхонгор аймагт болж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан МБАТСН-ыг албан ёсоор нээж, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн мэндчилгээ дэвшүүллээ.
Наадмын тамирчдын тангарагийг жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Л.Сосорбарам, таеквондогийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга, Д.Чинзориг нар өргөв.
XVI наадмын тугийг пара таеквондогийн “Парис-2024” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, боксын Дэлхийн цомын хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Энхтөр, пауэрлифтингийн улсын аварга, бодибилдингийн спортын ОУХМ Н.Нэмэхбаяр, чөлөөт бөхийн улсын аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Бямбадорж нар өргөн мандуулав.
Харин тус наадмын галт бамбарыг үндэсний бөхийн улсын арслан, чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Батмагнай асаалаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Монголын хүүхдийн спортын VII их наадмын галт бамбарыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамтаар асааж байв.
Монголын бүх ард түмний спортын ХVI наадам спортын 28 төрөлд, 163 жин, зайд, 879 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн 3146 тамирчин өрсөлдөж байна.
Урлаг спорт
ABU GENERAL ASSEMBLY 2025: Спортын салбар хорооны уулзалт, хэлэлцүүлгүүд эхэллээ
Эхний хэлэлцүүлэг “Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд боллоо. Тус хэлэлцүүлэгт МҮОНТ-ийн “MNB Спорт” сувгийн захирал О. Ууганбаяр, БНСУ-ын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нарын олон орны хэвлэл мэдээлэл болон спортын байгууллагуудын удирдлагууд, төлөөлөгчид оролцсон юм.
Хэлэлцүүлгийг Турк улсын үндэсний өргөн нэвтрүүлгийн байгууллагын Спортын газрын захирал (TRT) Эмре Ботан Күмэт удирдан явуулсан байна. Оролцогч орнуудаас БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ, Малайз, Шри Ланк, Индонези, Вьетнам зэрэг орнуудаас тухайн салбарын мэргэжлийн төлөөлөгчид олноор ирж оролцлоо.
Монголын Үндэсний Спортын Хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав эхний илтгэлийг тавьж манай улсын үндэсний спортын тухай хууль, өнөөгийн нөхцөл байдал, олон улсад танигдсан байдал, хөгжлийн чиг хандлага зэргийг танилцуулсан юм. Мөн сурын харваа, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан эртний уламжлалт спортын төрлүүдийн түүхэн цаг хугацааны өөрчлөлт, өв соёлыг танилцуулсан юм.
Мөн эрийн гурван наадмын спортын төрлүүдээс гадна шагайн харваа, мөсний шагай, мөсний харваа, тэмээн уралдаан, тэмцээн поло, тулам булаалдах тэмцээн гээд бусад олон төрлүүд байдгийг ч онцолсон юм. Түүнчлэн үндэсний бөхийн спорт дээр тулгуурлаж хөгжүүлсэн чөлөөт бөх, жүдо бөхийн спортын төрлүүдээр тив дэлхий, олимпын наадмуудад олон амжилт гаргасаар ирснийг үндэсний спортын түүх уламжлалтайгаа уялдуулан танилцуулав. Мөн дэлхийн монголчуудын наадмыг энэ жил Бельги улсын Брюссель хотноо анх удаа зохион байгуулахын зэрэгцээ дэлхийн олон орон дахь монголчууд үндэсний спортын төрлүүдээр дамжуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлж байдгийг чухалчиллаа. Тэрээр энэ бүх үйл ажиллагаа болон түүнийг таниулан сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг ямар чухал нөлөөтэй тал өөрийн байр сууриа мөн илэрхийлсэн. Ингэхдээ энэхүү үйл ажиллагаануудыг даган тус салбарт орж ирэх реклам, зар сурталчилгаануудын орлого, ивээн тэтгэгч байгууллагуудын оролцоо нэмэгдэж, маш олон боломжууд гарч ирдэг гэдгийг онцоллоо.
БНСУ-ын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон өөрийн илтгэлдээ үндэсний ширым бөхийн спортоороо дамжуулж орчин үеийн хүүхэд залууст уламжлалт өв соёлоо хэрхэн түгээж байгаа талаараа хуваалцлаа. Мөн уламжлалт хэв маягийг орчин үеийн хэв загварт шилжүүлж телевизийн шоу хэлбэрээр эх орондоо болон олон улсад хэрхэн гаргаж байгаа туршлагаа танилцууллаа. Тэд олны анхаарлыг татах гадаад төрх, бие бялдрын хөгжилтэй залуучуудыг тус шоунд оролцуулж олны анхаарлыг татдаг байна. Үүний нөлөөгөөр тамирчид нь олон байгууллагуудын нүүр царай болж, реклам сурталчилгаа, загварын ертөнцөд орж, тус спортоор таниулан сурталчилж чаддаг байна.
Мөн дотооддоо спортын олон төрлийн тэмцээнүүдийн үеэр бүжигчид, хөгжөөн дэмжигч охид зэргийн нөлөөгөөр үзэгчдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх гээд энтертайнмент олон арга хэлбэрүүдийг ашигладаг байна. Илтгэлийнхээ дүгнэлт хэсэгт тэр уламжлалыг тэр хэвээр нь хадгалах боломж маш бага учраас орчин цагийн хөгжлийн чиг хандлагатай нэгтгэн уялдуулж, цааш хөгжүүлэн авч явах нь чухал юм.
Шри Ланкийн Үндэсний Телевизийн ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ энэ үеэр тавьсан илтгэлдээ мөн үндэсний спортын төрлүүдийнхээ талаар онцоллоо. Волейболын спортын үндэсний хэлбэр болон үндэсний тулааны спортын төрлүүдээ танилцуулсан юм. Монголын үндэсний бөхтэй адил тус улсын үндэсний спортын төрлүүд ч өв соёлыг нь ихээхэн тээдэг, соёлын чухал өвүүд болдог байна. Үүнийг спортын тэмцээн уралдаануудын шууд дамжуулалт, нэвтрүүлгүүдээрээ түгээн дэлгэрүүлж байж л цар хүрээг нэмэгдүүлж, хадгалан авч үлдэж чадна гэдгийг тэр чухалчиллаа.
Хурал, хэлэлцүүлгүүд өнөөдөр мөн спортын хэд хэдэн чухал сэдвүүдээр үргэлжлэх хуваарьтай байна.
Урлаг спорт
"Саньяа 2026" Азийн VI элсний наадамд оролцох урилгыг МҮОХ-нд ирүүллээ
БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа хотноо Азийн VI элсний наадмыг 2026 оны дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд 14 спортын 15 дэд төрөлд зохион байгуулахаар шийдвэрлэж нийт 63 багц медалийн төлөө АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-ны баг тамирчид өрсөлдөх боллоо.
Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 2 жил тутамд зохион байгуулагддаг энэхүү наадам нь анх 2008 онд Индонезийн Бали аралд анх удаа зохион байгуулагдаж улмаар Оман (2010), БНХАУ-ын Хайнан (2012), Тайландын Пукет (2014), Вьетнамын Дананг (2016) хотуудад тус тус болсон юм.
Цар тахал болон тодорхой шалтгааны улмаас 10 жил завсарласан энэхүү наадам цар хүрээгээ улам тэлж 2026 онд Саньяа хотод зохион байгуулагдахаар боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
-
Улстөр нийгэм2023/08/30
Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаата...
-
Цаг үе2021/11/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Цаг үе2021/06/17
“Хүнс Комплекс” ХХК нь Имартын “Хөх шошго” хөтөлбөрийг д...
-
Үзэл бодол2024/01/17
Д.Жаргал: Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгуулл...