Шударга мэдээ
Төрийн банк: Модыг мод(а) болгоё
Төрийн банк 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Аяны хүрээнд хүрээнд улс орны өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 салбар нэгжийн 4000 ажилтан Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 30 гаруй нэр төрлийн 20,000 гаруй мод суулгаж, суулгац нэг бүрээ арчлан хамгаалсаар байна.
Энэ хаврын тухайд, Төрийн банкны бүхий л салбар нэгж он оны мод тарих “буухиа”-гаа үргэлжлүүлсэн бөгөөд банкны төвийн ажилтнуудын төлөөлөл өчигдөр буюу тавдугаар сарын 14-ний өдөр улиас, шар хуайс, агч зэрэг гурван төрлийн 100 гаруй модыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Таширын аманд суулгалаа.
Төрийн банк нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулагдсан 2022 оноос эхлэн банк хоорондын шимтгэлийн дүнгээс тодорхой хувийг тус санд хуримтлуулж, төвлөрүүлсээр ирсэн. Одоогийн байдлаар банкнаас санд төвлөрүүлсэн шилжүүлгийн дүн 3.34 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах ногоон байгууламжийг тохижуулахад зарцуулж байна. Мөн экологийн боловсрол олгох томоохон төслүүдэд хөрөнгө оруулснаас гадна нийслэлийн гурван дүүргийн таван байршил, орон нутгийн таван бүсэд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийгээд байна. Үүнийг нийтэд нь тооцвол, Төрийн банк 77.89 га талбайд 218.7 мянган мод тарьж, хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсныг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас онцолж байна.
Мөн нэгэн тоо баримтыг дурдахад, “Модыг мод(а) болгоё” уриан дор банкны хамт олны тарьж ургуулсан мод болоод сангаар дамжуулан ургуулсан модод хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1,094.2 тонн нүүрсхүчлийн хий (СО2)-ээр шингээж, та бидэнд цэвэр агаар бэлэглэж байна. Үүгээр зогсохгүй банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2024 онд 877.87 тонн СО2 -оор бууруулжээ. Энэ бол Төрийн банк хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах дэлхий нийтийн зорилтод бодит хувь нэмрээ оруулж буйн тод илрэл юм.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаар хөрсний бохирдол, цөлжилт, шар шороон шуурга, тэдгээрээс шалтгаалсан үр дагаврууд эдийн засгийн өсөлтөд сөрөг тусгалаа үзүүлж, тогтвортой өсөлтөд эрсдэл учруулсаар байна. Тиймээс байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг түүчээлэхийн тулд Төрийн банк жил тутам тогтвортой, ногоон санхүүжилтийнхээ хэмжээг өсгөсөөр байна. Тухайлбал, тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцын үлдэгдэл 2024 онд өмнөх оноос 92.9 хувиар нэмэгдэж, 178.0 тэрбум төгрөгт буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.
Цаашид Төрийн банк тогтвортой хөгжлийг эрхэмлэгч үндэсний тэргүүлэгч банк болохынхоо хувьд, тогтвортой, ногоон санхүүжилтийн хэмжээг өсгөхөөс гадна хамт олныхоо идэвх оролцоогоор байгальд ээлтэй, ногоон шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүрээлэн буй орчнн, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсээ үргэлжлүүлсээр байх болно.
Итгэл төгс - Ногоон ирээдүй
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2021/09/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд түвшни...
-
Цаг үе2019/11/01
Монголын хамгийн том авто худалдааны цогцолбор "ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ЛОГИСТИ...
-
Цаг үе2020/04/21
Малайзын төрийн сангаас хулгайлагдсан 300 сая долларыг АНУ буцаан өглөө
-
Цаг үе2021/04/29
Зориулалтын дагуу ашигладаггүй газрын асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралд тан...
