Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Барилгын салбар хямралаас гарч, үйл ажиллагаа өргөжин тэлж байна

Огноо:

,

Барилга, хот байгуулалтын яам салбарын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл арга хэмжээний талаар /2019.6.20/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, салбарынхаа үйл ажиллагааг тайлагналаа. 

Хэвлэлийн бага хуралд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газар, хэлтсийн дарга, харьяа байгууллага, агентлагийн удирдлагууд, төслийн зохицуулагч нар оролцлоо. 

Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол улсын бүтээн байгуулалтын гол талбар. Энэ ч утгаараа нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Монгол улсын барилгын салбар зах зээлийн давлагаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөл байдалд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжин тэлж, хямралаас гарч эхэллээ.  

Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ:  
2016 оны байдлаар 949,0 тэрбум төгрөг 
2018 оны байдлаар 1 их наяд 45.2 тэрбум төгрөг болж 10.1 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ:
2016 оны байдлаар 3 их наяд 356.3 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 4 их наяд 9.8 тэрбум төгрөг болж 19.4 хувиар нэмэгджээ. 
Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ: 
2017 оны байдлаар 118 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 134.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлж 12 хувиар нэмэгдсэн байна.
Барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин:
2016 оны байдлаар 778 мянган төгрөг
2017 оны байдлаар 842 мянган төгрөг
2018 оны байдлаар 931 мянган төгрөг 
2019 оны 1-р улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж өсжээ. Ажиллагсдын дундаж цалин 2016 оноос 30.7 хувиар өссөн байна.

Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй гэж хэлж болохуйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Барилгын салбарын хэмжээнд 989 төсөл хэрэгжихээс Барилга, хот байгуулалтын сайдын багцын хүрээнд 322,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан байна. 

Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж, 2018 оны байдлаар 76596 ажлын байрыг бий болгосноос 56.6  мянга нь барилга угсралт, 10.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэл, 7.7 мянга нь нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ, 1.0 мянга нь хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, 0.2 мянга нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр ажиллаж буй бөгөөд жил бүр 8-9 мянга орчим суралцагч, инженер, техникийн ажилтнаар хүч сэлбэн өргөжиж байна. 

БАРИЛГЫН МАТЕРИАЛАА ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛЛОО 

Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн 5 жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон.

Сүүлийн 5 жилд  үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна. 

Жилдээ 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан 2012 онтой харьцуулбал өнгөрсөн 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрдэж байна. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын дотоодын хэрэгцээний 40 хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь дотооддоо хангадаг боллоо. 

Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байна. 

Энэ мэтчилэн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжин тэлж импортлогчоос экспортлогч орон болж эхэллээ. Эдийн засаг сайжирч, зөв бодлогоор дэмжсэний үр дүнд ийнхүү  барилгын салбарын өрсөлдөх чадвар сайжирч, үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ ажлын байрууд бий болохын сацуу салбарт орчин үеийн дэвшилтэд техник технологи нэвтэрсээр байна. 

БАРИЛГЫН САЛБАР ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТЭЙ БОЛЛОО
/“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлав/

Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулснаар төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдлээ. Уг бодлогын баримт бичиг нь 8 үндсэн чиглэлийн хүрээнд 9 зорилт, 25 үйл ажиллагааг 2029 оныг хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

  • "Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе"
  • "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе"   
  • "Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе" гэсэн гурван шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцож байна. 

Энэ хүрээнд салбарын амин сүнс болсон норм, нормативыг шинэчлэх ажил хийгдэж байна. Монгол Улсын барилгын салбарт 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 400 гаруй барилгын норм дүрэм, 600 гаруй стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

АНХ УДААГАА ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭВ

БХБЯ-наас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон  “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулж, анх удаагаа ипотекийн зээлийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүллээ.  Ингэснээр 2019 онд 9000 орчим иргэнд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломж бүрдээд байна.

Үүний үр дүнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд 2019 оны 5 дугаар сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн зээлийг 2309 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеийн зээл олголттой харьцуулахад 1.5 дахин их байна. Энэ нь дээрх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт үр дүнтэй байгаа нь харагдаж байна.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ

БХБЯ-наас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.  

 “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, 06-р сард ашиглалтад оруулаад байна.  

1    УБ, ХУД, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2:    /972 айлын орон сууц Нийт талбай 50,482 м.кв/
2    Орхон аймаг:    /315 айлын орон сууц    Нийт талбай 13,838 м.кв/
3    Хөвсгөл аймаг:    /135 айлын орон сууц Нийт талбай 6,619 м.кв/
4    Говь-Алтай аймаг:    /120 айлын орон сууц Нийт талбай 6,619 м.кв/ 

Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн баталснаар иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгаад байна.  

БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛ УЛСАД ОЛГОХ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ

БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Төрийн орон сууцны корпораци” “Нийслэлийн орон сууцны корпораци”-уудын хэрэгжүүлэх “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр 2019 оны 3 дугаар сард БНСУ-ын талтай санамж бичгийг байгуулаад байна. БНСУ төслийн ТЭЗҮ-г эцсийн байдлаар боловсруулж төслийн хөрөнгө оруулалтыг 2020 оноос эхлэн олгож эхлэхээр тохиролцоод байна.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ 
“НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ ТӨСӨЛ”

Барилга, хот байгуулалтын яам иргэдийг орон сууцжуулахад онцгойлон анхаарч хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байгаагийн нэг нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл юм. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах уг төслийн солилцох захидал зурагдсанаар энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. 

Энэ бол иргэдийн ихээхэн хүлээлт үүсгэж буй агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах нийгмийн бодлогын арга хэмжээ болон хэрэгжих төсөл юм.

“150 МЯНГАН АЙЛ-ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.  Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. 

                                   УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Барилга, хот байгуулалтын яам БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас 50 гаруй жилийн өмнө баригдсан төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажилд онцгойлон анхаарч ажилласны дүнд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж 2019.2.28-ны өдөр төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. 
Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп” ба Бээжин констракшн  инженеринг групп” консорциум ажиллаж байгаа бөгөөд үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөсөн. 

Шинэ Цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм. ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар тооцжээ.

ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРОХ ХҮРТЭЛ ХУРИМТЛАГДСАН ЛАГИЙГ ҮНЭРГҮЙЖҮҮЛЭХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийтийн аж ахуйн салбарын бодлогын хүрээнд аймаг, нийслэлд тулгамдаад байсан цэвэрлэх байгууламжийн асуудлуудыг дэс дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээг 2018 оноос хэрэгжүүлж  эхэлсний үр дүнд хоногт  2500 м3 лаг усгүйжүүлэх  байгууламжийг шинээр  барьж  энэ оны 07-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн хуримтлагдсан хур лагийг халдваргүйжүүлэх, дүүрсэн лагийн картуудыг үнэргүйжүүлэх, суллах, лагийг бордоо болгох ажлыг хэрэгжүүлж байна. 

  • Лагийн үнэрийг дарж бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг “ЭКО ТАЙХИ” ХХК гүйцэтгэж, Өдөр тутам гарч буй 1200 м3  (153 өдрийн турш гарсан 183600 м3) хүртэл хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох, Хур лагийн 10 га талбайн 241164 м3 лагийг бордоо болгох, Картын талбайд байгаа 294483 м3 лагийг бордоо болгож картыг суллах ажлуудыг хийж байна. 
  • Лагийн үнэр дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажлыг “Ховд тул” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна.  ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтний аргачлалаар 13220 м2 лагийг компостын аргаар хар шороон хөрс гарган авах ажлыг хэрэгжүүлж ажлын явц 90 орчим хувьтай явагдаж байна.  Дээрх бордоо болон хар шороон хөрсийг дараах маягаар ашиглах боломжтой. Үүнд:

         -Уул уурхайн нөхөн сэргээлт
         -Хөрсний доройтлыг арилгах
         -Хотын ногоон байгууламжид ашиглах
         -Гэр хорооллын хөрсний бохирдлыг арилгах
         -Нүхэн жорлонг цэвэрлэх, үнэргүйжүүлэх, ариутгах 
         -Хар шороон хөрсийг орлуулах
         -Цахилгаан станцуудын үнсэн санг хучих

  • Лаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг АЙ ВАЙ И ЗЭТ ГРУПП” ХХК гүйцэтгэж  буй бөгөөд энэхүү байгууламж нь хоногт 1000 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай. Тус байгууламж ашиглалтад орсноор Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай хатаадаг байсныг зогсоож, усгүйжүүлэн лагийн хэмжээг 5 дахин бууруулах ба үнэрийг багасгана. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай явагдаж байна. 

АЙМГУУД БИОЛОГИ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО

Азийн хөгжлийн банк /АХБ/-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгийн төвд хоногт 3000 м3 ахуйн бохир усыг цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төсөл”-ийг хүрээнд Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг хийж байна. Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 2021 он хүртэлх хугацаанд Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Дорнод, Завхан, Увс аймгийн төвүүдийн “Бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл хэрэгжинэ. 

БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
 

“ТАЙШИР-АЛТАЙ” УСАН ХАНГАМЖИЙН ТӨСӨЛ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны 06-р сарын 10-ны өдөр байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 14 сая еврогийн Австрийн хөнгөлөлттэй зээл тусламжийн хөрөнгөөр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019.4.29-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.  Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 50 гаруй км орчим урттай далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотод хүргэнэ.  Үүний үр дүнд Алтай хотын 19 мянган хүн амын амьдрах нөхцөл болон тэдэнд үзүүлэх усны үйлчилгээний чанар дээшилнэ.  

“ЗАМЫН-ҮҮДИЙН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХ” ТӨСӨЛ

БНХАУ-ын 300.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 58.8 сая ам.долларын санхүүжилтээр  “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийг 2011-2018 оноос эхэлж хэрэгжүүлэн дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, авто зам, холбоо дохиолол гэсэн 4 багц ажлуудыг гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөөд байна.  Төслийн хүрээнд Замын-Үүд сум болон “Замын-Үүд” чөлөөт бүсийн хэрэглэгчдийг цэвэр усаар хангах цэвэр усны нэгдсэн сүлжээ, 3200 м3/хоног хүчин чадалтай  ус цэвэршүүлэх үйлдвэр,  усны өргөлтийн станц, 3500 м3/хоног хүчин чадалтай бохир ус  цэвэрлэх байгууламж, түрэлтийн насос станц, даралт болон өөрийн урсгалын бохирын шугам сүлжээ болон 90 МВт-н дулааны станц, цахилгаан эрчим хүчний 110/10 кВ дэд станц, агаарын болон далд шугам сүлжээ,  “Замын-Үүд” чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт 13,5 км хатуу хучилттай авто зам, гэрэлтүүлэг, явган зам, холбоожуулалтын сувагчлалын барилга байгууламжууд баригдсан. Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх талаар Засгийн газрын 2019.05.29-ны өдрийн 206 дугаар тогтоол гарч, ажлын хэсэг ажиллаж байна.

УЛААНБААТАР ХОТЫН VII, XIV, МҮОНРТ-ИЙН ХОРООЛЛЫН ОРОН СУУЦ, ДЭД БҮТЦИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙДСЭН ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн /117,5 сая ам.доллар/ хөрөнгөөр 2011- 2018 онд Улаанбаатар хотын VII, XIV, МҮОНРТ-ийн хорооллын орон сууц, дэд бүтцийн төслийн хэрэгжүүллээ. Сүхбаатар дүүргийн VII хорооллын нутаг дэвсгэрт 1,18 га 
газар чөлөөлж 1800 айлын, Баянзүрх дүүргийн XIV хорооллын нутаг дэвсгэрт 1 га газар чөлөөлж 792 айлын орон сууц нийт 2592 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулснаар нийтдээ 10368 хүн ам тохилог орон сууцаар хангагдаад байна. 

БНХАУ-ЫН 2.0 ТЭРБУМ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДЭХ ТӨСӨЛ

Уг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах, төвлөрсөн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Уг төслийг 2017-2020 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн нийт 6 бүлгийн 55 багц төсөл арга хэмжээний жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлуулаад байна. 

ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ГҮЙЦЭТГҮҮЛЖ БАЙНА

Иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг шат дараалал багатай, түргэн шуурхай хүргэх, Төрийн байгууллагын үйл ажиллагааны давхардлыг цэгцлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олгох, мэргэжлийн инженерүүдийг давтан сургах, мэргэшлийн зэрэг дэв олгох сургалтын эрх зэргийг анх удаагаа мэргэжлийн төрийн бус байгууллагуудын холбоодод шилжүүлж түншлэлээр амжилттай гүйцэтгүүлж, гэрээг сунган ажиллаж байна. 

Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг олгох, сунгах үйл ажиллагааг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Төрийн бус байгууллагуудын түншлэлийг төлөөлж “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ тус тус хариуцан гүйцэтгэж байна.  2019 оны эхний хагас жилийн байдлаар сургалт эрхлэгч төрийн бус байгууллагуудаас зохион байгуулсан 53 удаагийн сургалтад 1020 мэргэжилтэн хамрагджээ. 

САЛБАРЫН БОЛОВСРУУЛАГДАЖ БУЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ, БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ, ДҮРЭМ ЖУРМУУД

•    Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
•    Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
•    Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
•    Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
•    Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
•    Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай /шинэ/
•    Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай /шинэ/  
•    Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
•    Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
•    “Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлого /2019-2029/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Дунд гол орчмын хог хаягдлыг долоодугаар сарын 24, 25-нд цэвэрлэнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот орчмын Туул, Сэлбэ, Дунд, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг голын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх үүрэг даалгаврыг өгсөн.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд болон цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд голыг цэвэрлэнэ.

Ингэхдээ, 

  • Дүүргийн 26-р хороо буюу Энхтайваны гүүрний доороос “Нарны хороолол”, 24-р хороо буюу “Алтай хотхон”-ы урдуур урсдаг Дунд голын ай савыг,
  • Дүүргийн 20-р хороо буюу “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд хэсэг, Сонсголонгийн гүүр орчимд Дунд гол Туул голтой нийлдэг хэсгийг самнаж цэвэрлэх юм.

Цэвэрлэгээг дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд гаргасан хуваарийн дагуу цэвэрлэх бол “Баянгол Шинэ Өргөө” хог тээвэрлэлтийг бүрэн хариуцаж ажиллана. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АТГ: Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Улаанбаатар хотод нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр БНСУ-ын талтай хамтарч ажиллана

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг БНСУ-ын “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын ерөнхийлөгч Нам Гүнг Ван нар харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн М.Намсрайхүү нээж, Улаанбаатар, Намъянжү хотуудын хамтын ажиллагааны талаар үг хэллээ. Улаанбаатар, Намъянжү хотууд 1998 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсрол, соёл, урлаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж ирсэн түүхтэй.

БНСУ-ын Намъянжү хотын захиргаанаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ тус хотын төлөөлөгч Нам Гүнг Ваны санаачилгаар Улаанбаатар хотод хандив өгөх, цаашид гэр оронгүй эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсний дагуу тус арга хэмжээг зохион байгуулаад байна.

Харилцан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд дараах 3 чиглэлд урт хугацаанд хамтран ажиллана.

  1. Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн боловсрол, хамгаалалд дэмжлэг үзүүлэх,
  2. Хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлд мод тарих, ойн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт, сайн дурын их цэвэрлэгээ хийх,
  3. Монгол, Солонгос хоёр улсын харилцан соёл, туршлага судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

Түүнчлэн Солонгосын талаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын удирдлагууд, гишүүд нийлсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаадугаар сарын 29-нөөс долоодугуур сарын 3-ны өдрүүдэд айлчлал хийж, Нийгмийн хамгааллын тусгай төв, тус төвийн өргөтгөл буюу Сургалт хөгжлийн цогцолбор төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагааг тохиолдуулан “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлэгч иргэдэд зориулан 33 хайрцаг нийт 367ш хувцас (өвлийн куртик-302, хүүхдэд зориулсан таеквондогийн өмсгөл-65ш) хандивлаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, санаачилгуудын талаар харилцан санал солилцов.

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох