Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долоодугаар сарын 29-нөөс 2019 оны наймдугаар сарын 3-ны өдрүүдэд АНУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцана. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзана. Айлчлалаар аюулгүй байдлыг бэхжүүлэх, хоёр орны хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэсэн Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарах юм.
Айлчлалтай холбогдуулан Цагаан орднооос гаргасан мэдэгдэлд, “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авч уулзана. Энэхүү айлчлал нь АНУ, Монгол Улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутгийг тогтвортой байлгах, хоёр орны тогтвортой түншлэлийг хангах зорилготойгоор батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, тусгаар тогтнол, хууль дүрмийг сахин дээдлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэнэ” гэсэн байна.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Үзэл бодол2021/03/30
Д.Эрдэнэбаатар: Дотоод хэргийн их сургууль 2021-2022 оны хичээлийн жилд төрийн т...
-
Цаг үе2025/05/16
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Улстөр нийгэм2020/06/02
Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 ламхайг эх оронд нь авч ирнэ
-
Улстөр нийгэм2023/03/27
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
