Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Азийн Үнэт цаасны форум Улаанбаатар хотноо болж байна

Огноо:

,

Азийн үнэт цаасны холбоодын 30 дахь удаагийн форум Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.

Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй форумд 20 гаруй орны 100 гаруй хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд оролцож хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа болон тогтвортой санхүүжилт, дижитал шилжилт, бүс нутгийн интеграц, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцэж байна. 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал форумыг нээж ”Азийн үнэт цаасны форум нь бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага, бирж болон салбарын холбоод хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх индэр  байсаар ирсэн. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас гаргасан “Азийн хөрөнгийн зах зээлийн тайлан”-д дурдсанаар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Азийн хөрөнгийн зах зээл үсрэнгүй хөгжиж ирсэн. Тодруулбал, бүртгэлтэй нийт компанийн тоо хоёр дахин, зах зээлийн үнэлгээ дөрөв дахин өссөн бөгөөд одоогоор Ази тив дэлхий дахинд бүртгэлтэй бүх компанийн 55 хувь, нийт зах зээлийн үнэлгээний 27 хувийг эзэлж байна. Энэ амжилтыг үзүүлэхэд та бүхний хүчин чармайлт, хувь нэмэр их байсныг энд онцлох нь зүйтэй болов уу. Монгол Улсын хувьд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх, зохицуулалтын орчноо сайжруулах, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажилласаар ирсэн. Мөн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, бүс нутгийн уялдаа холбоог гүнзгийрүүлэхийг зорилтоо болгож ажиллаж байгаа энэ цаг үед  форум болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.   

Азийн 20 гаруй орны 24 мянга гаруй хөрөнгө оруулагчийг эгнээндээ нэгтгэдэг Азийн үнэт цаасны холбооноос зохион байгуулж буй энэ удаагийн форум манай улсад анх удаа болж буй нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил бүс нутгийн төвшинд амжилттай хөгжиж байгаагийн нэг илрэл юм. Нөгөө талаар Монголын хөрөнгийн зах зээл, онцлох төсөл, оролцогч талуудыг олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байгааг оролцогчид онцолж байлаа.

Форум Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, дотоодын компаниудад гадаад зах зээлээс хөрөнгө татах боломжийг бүрдүүлэх зорилготой “Mongolia’s Capital Market Connectivity” арга хэмжээгээр маргааш үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Огноо:

,

Прокурорын байгууллагаас 2025 он, 2026 оны I улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” нийт 2,144 хэрэгт хяналт тавьжээ.

Орон нутагт хамгийн ихээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэн гарч байгаа аймгуудын хувьд Хэнтий аймагт 326, Дорнод аймагт 189, Архангай аймагт 193, Сүхбаатар аймагт 163 бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 47, Хан-Уул дүүрэгт 43, Налайх, Багахангай дүүрэгт 13 бүртгэгдсэн нь хамгийн их байна.

Прокуророос мал хулгайлах гэмт хэрэгт 551 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас насны хувьд 18 хүртэл насны 6, 18-30 насны 183, 31-44 насны 261, 45-аас дээш насны 101 хүн, хүйсийн хувьд эрэгтэй 538, эмэгтэй 13 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 66, эрхэлсэн ажилгүй 485 хүн байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 393 хүнд холбогдох 246 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс 239 хэрэгт 333 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Тодруулбал, 262 шүүгдэгчид 1-12 жил хүртэл хугацаагаар хорих ял, 29 шүүгдэгчид 6 сараас 4 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 42 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, хянан харгалзжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 349,2 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 55,6 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, нийт 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа тул малчид та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд малаа байнгын хариулгатай байлгах, тэмдэгжүүлэх, хотны зохион байгуулалтыг сайжруулах, хөршийн холбоог ашиглан малаа хамтран хамгаалах, сэжигтэй үйлдэл илэрвэл цагдаагийн байгууллагад мэдээлэх нь чухал болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Огноо:

,

Авлигатай тэмцэх газар-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны нэгдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар 59 тохиолдолд зөрчил тогтоогдож, хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан байна. Мөн зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлжээ. Түүнчлэн авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн байна.

Тухайлбал, Зээлийн батлан даалтын сантай холбоотой шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нэгэн компанид батлан даалт гаргахдаа хууль зөрчсөн, мөн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нөхцөл тогтоогдсон тул холбогдох албан тушаалтнуудад ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, цалингийн хэмжээг багасгах зэрэг сахилгын шийтгэл ногдуулжээ.

Мөн “Цемент шохой” ХХК-д хийсэн шалгалтаар санхүүгийн зөрчил болон хуурамч боловсролын баримт бичиг ашигласан нөхцөл илэрч, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу явуулах талаар Эрдэнэс Монгол-д мэдэгдэл хүргүүлжээ.

Мөн нас барсан иргэний тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон зөрчил илэрсэн байна. Шалгалтаар улсын бүртгэл болон нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн солилцоо хангалтгүй, холбогдох зохицуулалт дутмаг байснаас ийм нөхцөл үүссэн гэж үзжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар-ын 2023-2025 оны шалгалтын дүнг нягтлахад нийт 721 иргэнд нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй олгогдсон байна. Үүнээс 1.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, 1.1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулжээ. Одоогоор 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина

Огноо:

,

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах хүрээнд шат дараатай ажлуудыг хийж байна. Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл өнөөдрийн хурлаар хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцлээ.

Улмаар Бага тойруу дотор 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавихаар боллоо. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр тусгайлан сургалтад хамруулах байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлье. Эхний ээлжинд Бага тойруу дотор явган хүний замаар явуулахгүй байхад хяналт тавих шаардлагатай байна. Өнгөрсөн намраас л хавар 16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан, анхааруулсан. Гэтэл одоо ч зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна” гэв.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал:

-Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар баруун хөвөөгөө чөлөөлж өгөх. Хөвөөгүй тохиолдолд баруун талаар зорчих боломжийг олгож бусдад хүндэтгэлтэй хандах.

-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх

-Эхний ээлжинд Бага тойруу доторх 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллах

-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах

-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.

-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.

Иймд иргэд болон жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/04/17

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ2026/04/17

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе2026/04/17

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе2026/04/17

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ2026/04/17

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе2026/04/17

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм2026/04/17

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох