Улстөр нийгэм
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэнэ
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдагаа Шадар сайд илэрхийлэв.
2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Монгол, Оросын санаачилга - 2021” арга хэмжээг хамтран зохион байгуулах, тэр үеэр бизнес форум, үзэсгэлэн худалдаа зэрэг цуврал арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн тул Элчин сайдыг бүх талаар дэмжиж ажиллахыг хүслээ.
Хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газар ажлаа идэвхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд дурдаж, энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөхөд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, 100 жилийн ойг хамтран тэмдэглэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэлээ. Харилцаа, хамтын ажиллагаанд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэгээ илэрхийлэв.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөөд байна. Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, “Монгол-Оросын санаачилга-2021”, “Найрамдлын галт тэрэг” цуврал арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх юм.
1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Монгол, Оросын хоорондох найрамдлын барилдлагааг байгуулах тухай Монголын Ардын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Орос Улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ бичиг” байгуулснаар дипломат харилцаа тогтоосон гэж үздэг. Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, хотжилтыг хөгжүүлэх, дэлхийн II дайныг даван туулах, олон улсын тавцанд гарах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд ЗСБНХУ чухал үүрэг гүйцэтгэсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулж, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Цаг үе2019/07/16
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/11/11
Зарим дипломат, албан паспортыг хүчингүй болгов
-
Улстөр нийгэм2024/12/20
Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ
-
Улстөр нийгэм2026/03/13
COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороодод чиглэл өг...
