Цаг үе
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Алба хаагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэснийг тэмдэглэлээ.
Ялангуяа энэ оны 4, 5 дугаар сард Өмнөд Суданы Юнити мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 1,500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь ханган, 800 орчим дүрвэгч бүхий цувааны хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулсныг онцоллоо.
“Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж яваа мянга мянган энхийг сахиулагч дайчдын гавьяа зүтгэл нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг хэллээ.
Мөн энхийг сахиулагчдын бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг гэр бүлд нь талархал илэрхийлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Цэргийн багийн ахлагч, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн Энхийг дэмжих ажиллагааны ахлах офицер, хурандаа Дуламжавын Эрдэнэбилэг,
- Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Дүрэм, заавар боловсруулах судалгааны ахлах офицер, дэд хурандаа Нямсүрэнгийн Шинэбаяр,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Чантуугийн Батчулуун,
- Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Ахлагчийн хөгжлийн төвийн дарга, тэргүүн ахлагч Төмөрхуягийн Сандагдорж,
Цэргийн хүндэт медалиар:
- Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн цэргийн операци-тактикийн төвийн багш, хошууч Мөнхбаярын Бат-Эрдэнэ,
- Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэхийн тусгай тоноглолтой авто техникийн инженер, ахмад Сүхбатын Баасандорж,
- Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн ангийн тэргүүн ахлагч Батсанаагийн Баднаанямбуу нарын 38 алба хаагчийг,
Энхийн төлөө медалиар:
- Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн химич, ариутгагч, дэд ахлагч Сүхбаатарын Баасанхорол,
- Хилийн цэргийн 303 дугаар ангийн холбоочин, ахлагч Баттогтохын Болорчимэг,
- Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын аврагч, ахлах ахлагч Дэмбэрэлийн Төрсүлд нарын 437 алба хаагчийг шагналаа.
Одоогоор манай 896 цэнхэр дуулгатан энхийг сахиулж байгаагийн 14.2 хувь нь эмэгтэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 19 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Мөн Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар анх удаа монгол генерал томилогдон үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Монгол цэргийн нэр хүнд жилээс жилд нэмэгдэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоо, удирдах албан тушаалтан, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэх бодлогын үр дүн гарсаар байна.
Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээсэн бөгөөд өнөөг хүртэл давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.
Цаг үе
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
Цаг үе
Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн.
Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан.
Нийт төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, ихэнх төсөл гэрээ байгуулах, тендер зарлах болон барилга угсралтын шатандаа явж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцлов.
Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын албан хаагчдын ажлын орчин, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, албан хаагчдын сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тодотголоо. НЗДТГ-ын албан хаагчид цаг ашиглалт, харилцаа хандлагаа дээшлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийцсэн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулж ахиц дэвшил гаргахыг хотын дарга Х.Нямбаатар уриалсан юм.
Цаг үе
Зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм пудаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 16-наас 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан байна.
-
Улстөр нийгэм2021/10/05
Нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгын нээлтийн ёслол боллоо
-
Улстөр нийгэм2022/09/26
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж экспор...
-
Цаг үе2024/07/02
Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх ажлын бэлтгэл 90 хувьтай үргэл...
-
Улстөр нийгэм2023/06/14
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод