Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Д.Амгалан: Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгох хуультай

Огноо:

,

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг арваннэгдүгээр сарын 1-нээс зохион байгуулна.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх бүсийг НИТХ-аар тогтооно гэж заасан. Үүний дагуу НИТХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг тогтоосон. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Багахангай, Багануур, Налайх дүүргийн суурьшлын бүсээр хориглосон бүсүүдийг тогтоож, журамласан. Мөн дүүргийн Засаг дарга нар хориглосон бүсэд нэвтэрсэн малыг тус бүсээс гаргах, стандарт зохих шаардлага хангасан хашаанд байршуулах, байршуулсан зардал болох мал эмнэлгийн үйлчилгээ, тэжээл, тээвэрлэлтийн зардал зэргийг малын эзнээс гаргуулах хууль эрх зүйн зохицуулалт үйлчилдэг байна.

Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалангаас тодруулахад “Нийслэлийн Засаг даргаас холбогдох байгууллага, дүүргүүдэд дээрх хууль журмыг хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал бэлчээсэн тохиолдолд иргэнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ААН, хуулийн этгээдийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Нэг нэгж 1000 төгрөгөөр тооцогддог учраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсэд малаа нэвтрүүлсэн иргэн нэг сая төгрөг, хуулийн этгээд 10 сая төгрөгийн торгуультай. Хуулийг иргэд, төрийн захиргааны байгууллага аль аль талаасаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Хотын төвийн зургаан дүүрэг, ялангуяа Богдхан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мал нэвтэрсэн зөрчлүүд гараад байгаа. Хуулиар хүлээсэн үүргээ дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн харьяа газар, агентлагууд хэрэгжүүлэх нь зүйтэй байна” гэв.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа нэвтрүүлж байгаа нь хотын эко систем, ногоон байгууламжийг сүйтгээд зогсохгүй мал амьтны гоц халдварт өвчин үүсгэх, олон нийтийг хамарсан өвчлөл тараах эрсдэл ихтэй. Жишээлбэл, өнгөрсөн долоодугаар сард Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Шар хоолойн ам Дунд төгөл гэх газарт шүлхий өвчин гарч, долоодугаар сарын 10-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл нэг сарын хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон. Гоц халдварт өвчин гарсан тухайн хэсэг нь мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс байсан. Гэтэл хуулийн хэрэгжилт сул, хууль журмыг мөрдөөгүйн улмаас өвчлөл гарч, хязгаарлалт тогтоож, тухайн бүсэд оршин сууж байгаа 500 гаруй иргэний эрх ашиг зөрчигдсөн. Эдийн засгийн хувьд ч хохиролтой. Тухайлбал, Шар хоолойн аманд шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосноор Баянзүрх дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 165,057,190.0 төгрөгийн хөрөнгө гарган хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллажээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох