Үзэл бодол
Чоно борооноор буюу авлига “хорооноо”-гоор...
Монголд COVID-19-ийн 11 дэх тохиолдол илэрсэн тухай ЭМЯ-ны мэдээллийн дараа энэ нийтлэлийг бичив.
Дэлхийг хамарсан цар тахлын эсрэг улс орнуудын Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа өнөөгийн цаг үед хэрвээ (хэрвээ шүү!) авлига гарч ирвэл хүн төрөлхтөний хамаг хүчин чармайлт үгүй болно хэмээн даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн-Транспэрэнси Интернэшнл сануулж байна.
Ердийн үед дэлхий нийтийн хэмжээнд эрүүл мэндийн салбар дахь авлигын хэмжээ жилдээ 500 тэрбум ам.долларт хүрдэг талаар 2019 оны судалгааны эмхэтгэлд бичсэн нь бий. Тэгвэл нийтийг хамарсан хямрал буюу онцгой цаг үед хяналт суларч авлига нэмэгддэг нь бодит явдал бөгөөд бид өнгөрсөн түүх, туршлага, сургамжаас суралцах хэрэгтэй.
2014-2016 онд эбола вирусийг тогтоон барихаар оролдож байсан үйл явц нь авлигатай тэмцэх үйл хэрэгт гашуун сургамж болжээ. Гвиней, Сиерра-Леон дахь эболагийн тархалтын үеэр 6 сая ам.долларыг авлигад төлсөн талаар олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээс мэдээлж байв. Эбола вирусний үед хөрөнгө завших, урвуулан ашиглах, цалингийн тайланг буруу гаргах, давхар санхүүжилт хийх, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хахууль өгөх, хорионы бүсийг давах зэрэг зөрчлүүд гарч байв.
Тэгвэл Английн анагаах ухааны сэтгүүлийн мэдээлэлд дурдсанаар 2009-2010 оны гахайн ханиадны дэгдэлтийн үеэр “Тамифлю” эмийг зөвлөж байснаас үүдэн уг эмэнд дэлхийн хэмжээнд зарцуулсан хөрөнгө 18 тэрбум ам.долларт хүрчээ. Гэтэл дөрвөн жилийн клиник туршилтын мэдээлэлд хийсэн үнэлгээгээр Щвейцарийн эм үйлдвэрлэгч “Роше” компанийн “Тамифлю” эмэнд парацетомолоос илүү нөлөө байхгүйг тогтоосон байдаг. Харин SARS өвчний 2003 оны дэгдэлтийн үеэр эрүүл мэндийн салбар дахь ирээдүйд үүсэж болох онцгой байдлыг зохицуулах, уялдааг хангах үндэсний удирдлагын төвийг Тайваньд байгуулж, ингэснээр ил тод байдлыг нэмэгдүүлэн, шинэ технологийг ашиглаж урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа нь нэгэн сайн туршлага болоод байна. Баруун Африк дахь эбола болон Ази дахь SARS өвчний дараа нэмэлт хөрөнгө гаргаж, хяналтыг чангатгаснаар эрүүл мэндийн салбарын дэд бүтэц сайжирсан байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 200 улс, бүс нутагт COVID-19 цар тахалтай нүүр тулан тэмцэж байна. 462 мянга гаруй хүн өвчилж, 20 мянга гаруй хүн нас барсан. Цаашид энэ тоо өдөр тутам өсөх хандлагатай байна. Эрүүл мэндийн үйлчилгээ хүссэн иргэд огцом олширсоор байгаа энэ цаг үед тухайн улс орны эрүүл мэндийн салбар нь тийм ч тогтвортой биш бол нуран унахад ойрхон байна. Ихэнх улс орон эмнэлгийн мэргэжилтнүүдээр дутмаг байгаа бөгөөд тэдэнд оношлох, эмчлэх боломж хязгаарлагдмал байна. Дэлхий нийтийн хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муудаж байна. БНХАУ, Энэтхэг болон бусад улсын эм үйлдвэрлэгч компаниуд жороор олгодог эм, бусад эмэнд ордог бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бууруулж байна. Эрдэмтэд, судлаачид COVID-19-ийн эсрэг вакцин гаргаж авах өрсөлдөөнийг эхлүүлээд байна.
Авлига хаана үүсэх вэ?
Дэлхийн эрүүл мэндийн салбарт өмнө нь тухайлбал, эбола вирус, гахайн ханиадны үеэр хүний зовлонгоор ашиг хонжоо ологчид гарч ирсэн энэ мэт эрсдэлийг урьдчилан тодорхойлох нь эрүүл мэндийн тусламж нэн шаардлагатай одоо цаг үед улс орнуудын авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад томоохон дэмжлэг болно. Тиймээс одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлаас улбаалж авлигын дараах эрсдэлүүд үүсэж мэдэхээр байна. Тухайлбал,
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон эмнэлгийн ор, эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр дутаж байна. Эмнэлгийн албан хаагчид хэнийг түрүүлж эмчлэх вэ, хэн нь илүү хүнд байна вэ гэдгийг тодорхойлох хэцүү сонголттой тулгарч байна. Энэ нь хээл хахуулийн орчинг аандаа бий болгох эрсдэлтэй. Европын холбооны иргэдийн 29 хувь, Африк, Ойрхи Дорнод, Хойд Африкийн улсуудад 14 хувь, Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутагт 10 хувь нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд хээл хахууль өгдөг байна. Үүний эсрэг талд төлбөрийн чадваргүй, эмзэг давхаргын хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэж болзошгүй.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ муудсанаас шалтгаалж худалдан авахаас өөр ямар ч сонголтгүй болсон Засгийн газруудаас нийлүүлэгч компаниуд үнэ өртгөө дураар нэмэн мөнгө нэхэх эрсдэл үүсэхээр байна.
Цар тахлын эсрэг вакцин гаргаж авах өрсөлдөөнд Засгийн газрууд ихээхэн хөрөнгө оруулж байна. Тухайлбал, АНУ гэхэд халдвар тахлыг судлахад 2002 оноос 700 сая ам.долларыг зарцуулаад байгаа. Саяхан Англи коронавирус судлахад 20 сая фунт стерлинг амласан бол Европын холбоо энэ чиглэлээр төсвөө 47.5 сая евро болгож өсгөжээ.
Засгийн газар юу хийх ёстой вэ?
Транспэрэнси интернэшнл байгууллага нь амин чухал эм тариа, вакцины худалдан авалтыг сайжруулах, гэрээ, хэлцлийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлтөөс урьдчилан сэргийлэх, цаг тухай бүрт нь шаардлагатай байгаа эмийн талаарх мэдээлэл солилцож байх талаар улс орнуудын Засгийн газарт дараах уриалгыг хүргэж байна. Үүнд:
Юуны түрүүнд эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг нээлттэй, ил тод байлгаснаар авлигын эрсдэлийг бууруулах боломжтой. Эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт угаасаа авлигын өндөр эрсдэлтэй байдаг. Ердийн үед дэлхийн хэмжээнд худалдан авалтын 10-25 хувь нь авлигад хулгайлагддаг болохыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба тооцоолон гаргасан. Тэгвэл Европын холбооны эрүүл мэндийн салбарт үйлдэгдсэн авлигын хэргийн 28 хувь нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотой байв.
Үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх ёстой. Үүний тулд зарим улс орны сайн туршлагыг хэрэгжүүлж болох юм. Тухайлбал, Энэтхэгт жижиглэнгийн үнээс дээш үнээр борлуулж буй бараа, бүтээгдэхүүний талаар мэдээлэл хүлээн авах тусгай утсыг ажиллуулж байна. Түүнчлэн “Amazon” цахим худалдааны компанийн зүгээс COVID-19-ийг эмчилдэг, хамгаалдаг гэх хуурамч бүтээгдэхүүний жагсаалтыг интернэтэд тухай бүрийд устгаж байна.
Онцгой нөхцөл байдлын үед тусламж үзүүлэх, хуваарилах зорилгоор нэмэгдүүлсэн нөөцийг авлигачид завшихаас сэргийлж мөнгөний урсгалд мониторинг хийж, хөрөнгийг хянаж байх шаардлагатай.
Анагаах ухааны судалгаа, боловсрол, үйлчилгээнд санхүүгийн ашиг сонирхол, хувийн нөлөөлөл нэлээд байдаг нь нууц биш. Германы "CureVac" компанийн вирусний эсрэг вакцин гаргахаар ажиллаж буй судлаачдад ихээхэн хэмжээний мөнгө амласан талаарх мэдээлэл гарч байгаа нь дэлхийн бусад улс орнуудад сөрөг үлгэр дуурайл болж буй. Тиймээс цар тахлын эсрэг гаргаж авах вакцин, эмийн үйлдвэрлэл нь хувийн компаниуд ба улс орнуудын нууц өрсөлдөөний талбар байх ёсгүй. Энэ нь ил тод бөгөөд тэдний хамтын ажил байх ёстой юм.
Мэдээллийн ил тод байдлыг хангах нь Засгийн газрын үүрэг гэж ТИ зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, хуурамч мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд дэх хээл хахуулийн эрсдэлийг бууруулахын тулд шүгэл үлээж байгаа мэдээлэгчийг хамгаалах талаар арга хэмжээ авах нь чухал хэмээн онцлов.
COVID-19 цар тахал үргэлжлэн тархаж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарын эмзэг асуудлыг нээлттэй хэлэлцэж байхыг ТИ уриаллаа. Эцсийн дүндээ олон нийтийн эрх ашгийн төлөө зөв шийдвэр гаргахын тулд том бизнесийн болон хувийн ашиг сонирхлын нөлөөллийг бууруулах ёстой. Улс төрийн болон бизнесийн эрх ашиг бус зөвхөн олон нийтийн эрүүл мэнд нэгдүгээрт тавигдах ёстой хэмээн ТИ онцлон тэмдэглэлээ.
Манай монголчууд “Чоно борооноор” хэмээн хэлцдэг. Энэ нь чоно бороо орох үеэр далимдуулан хоттой хонь эргэж байдаг буюу муу хүн үргэлж сиймхийг харж хөдөлдөг гэсэн утга юм. Тиймээс иргэдийн хувьд эрүүл мэндийн сонор сэрэмжээ эрс нэмэгдүүлсээр байгаа энэ онцгой цаг үед авлигын эсрэг хараа хяналтаа ч бас алдахгүй байх хэрэгтэй юм.
Т.МӨНХТУНГАЛАГ
АТГ-ын США-наас орчуулж бэлтгэсэн “Corruption and the Coronavirus” нийтлэлийг эх сурвалж болгов.
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Үзэл бодол
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

