Улстөр нийгэм
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.
Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.
Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.
Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.
Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Багш, сурагчдын ачааллыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны Ундраа" сургуульд ажиллалаа.

Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад нийт 412 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс 3000-аас дээш сурагчтай, ачаалал өндөртэй 38 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бол нэг ангид 46-аас дээш сурагчтай 77 сургууль бий. Хотхон, хорооллын тоо нэмэгдэж байгаа ч сургуулийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Тиймээс энэ асуудлыг түр зуурын арга хэмжээгээр бус, бага болон ахлах сургуулийн зохион байгуулалтыг шинэчлэх замаар системтэй шийдвэрлэнэ.
"Оюуны Ундраа" сургууль нь нийслэлийн ачаалал өндөртэй сургуулиудын нэг буюу өнөөдрийн байдлаар 4700 гаруй хүүхэд суралцаж байна. Ирэх хичээлийн жилээс тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулж, дэргэдэх хүүхдийн тоо нь цөөрсөн цэцэрлэгийн байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглана. Харин одоогийн сургуулийн байрыг төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулж, намраас сурагчдаа хүлээн авч эхэлнэ. “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажил тус сургуулиас эхэлж байна. Миний хувьд хүүхэд гэрээсээ хол, түгжрэл дунд сургуульдаа явах бус, боловсролын үйлчилгээ хүүхдийн гэрт ойр байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна” гэлээ.
Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх энэхүү шинэчлэл нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлогын нэг хэсэг юм. Сургууль, цэцэрлэгийг хүүхдийн амьдарч буй орчинд ойр байгуулснаар сурагчид хол зайд зорчих шаардлагагүй болж, өглөө, оройн оргил цагийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.





Улстөр нийгэм
Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл нэр дэвшжээ
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол хөгжлийн чухал хэмжүүр болж буй энэ цаг үед Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн чиглэлээр гаргасан бүтээл Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшжээ.
Тодруулбал, Монгол Улсын Төрийн шагналт, академич, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, академич, математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг нэр дэвшүүлсэн байна.
Эрдэмтдийн судалгааны хүрээнд шугаман бус бодлогыг бодох Ньютон төрлийн шинэ итерацийн аргууд, мөн зарим хэсэгчилсэн дифференциал тэгшитгэлийг бодох өндөр эрэмбийн төгсгөлөг ялгавар болон төгсгөлөг элементийн аргуудыг боловсруулжээ.
Эдгээр арга нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм, эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөл, математик загварчлал шаарддаг олон салбарт ашиглагдах боломжтойг тодорхой жишээн дээр туршиж, баталгаажуулсан гэж судлаачид үзэж байна.
Мөн уг судалгааны чиглэлээр гарсан бүтээлүүд олон улсын Springer Nature хэвлэлийн газарт хэвлэгдэж, Elsevier Scopus зэрэг олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн санд бүртгэгджээ. Түүнчлэн Монгол эрдэмтдийн бүтээлүүд олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын номын сангуудаар дамжин эрдэмтэн, судлаачдын хүртээл болж эхэлсэн байна.
Тооцон бодох математик нь бодит амьдралын нарийн төвөгтэй үзэгдэл, процессыг математик загварчлал, алгоритм, компьютерын тооцооллоор шийдвэрлэхэд чухал үүрэгтэй салбар юм. Иймээс Монгол эрдэмтдийн боловсруулсан шинэ онол, аргууд нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн чиг хандлагатай уялдаж буйгаараа онцлог юм.
Улстөр нийгэм
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
|
Хуралдаан
10:00
|
Танхим
Их хуралдай
|
Хэлэлцэх асуудал
10
|
1. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай х уулийн төсөл / Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /
2. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
3. Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 18 гишүүн 2026.06.04 -ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
4. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.17 - ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэ…
5. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 72 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут…Төслийн PDF
6. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
7. Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
8. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуул ийн төсөл / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
9. Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF
10. “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн /Төслийн PDF
