Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ийг УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барилаа. Илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөж, товч танилцуулгыг хийв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг билээ.

19 дэх илтгэлийг “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал”, “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 санал хүргүүлж байна. Үүнд:

НЭГ. Малчин эмэгтэйчүүдийн ХҮНИЙ ЭРХ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН АСУУДЛААР

А.Хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр:

  1. Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг бүх аймагт бий болгож, тэдгээрт ажиллах алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, алслагдсан багт хүрч ажиллахад шаардагдах автомашин, шатахуун болон холбогдох бусад зардлыг шийдвэрлэх;
  2. Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа шийдвэрлүүлдэг байх;
  3. Цагдаагийн төв байгууллагын бүтэц дэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан нэгжийг аймаг дахь Цагдаагийн газарт бий болгох, хамтарсан багийн үйл ажиллагаатай уялдуулах;
  4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Салбар зөвлөлийн мэргэжилтнүүдийг сургах, арга зүйгээр хангах, хамтарсан багийг дэмжин ажиллах үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, мөн алслагдмал газарт амьдардаг, мэдээлэл авах боломжгүй, бичиг үсэг үл мэддэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг нэмэгдүүлэх;
  5. Цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургагч багшийг бэлтгэх, орон тоог нэмэгдүүлэх, сургалтын байр, танхим, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх, шаардагдах зардлыг шийдвэрлэх;

Б. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр:

  1. Аймаг, сумын Засаг дарга нар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах замаар жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих нөхцөлөөр хангах;
  2. Эрүүл мэндийн байгууллагын хүний болон санхүүгийн нөөцийг хуваарилахдаа мэргэшсэн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч, багийн эмчийн орон тоог зохистой нэмэгдүүлэх, cумын эрүүл мэндийн төвүүдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах;
  3. Малчдад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн тухай гэр бүл төлөвлөлт, хүчирхийллийн талаарх мэдээллийг тогтмол, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх;
  4. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа жирэмслэхээс сэргийлэх хэрэгслийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  5. Аймгийн эрүүл мэндийн газар харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээлэлд малчдын талаар нарийвчлан ангилсан статистик үзүүлэлт гаргадаг болох.

В. Бусад эрхийг хангах чиглэлээр:

  1. Бага, дунд боловсролын тухай хуульд бага боловсрол олгож буй ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн насны онцлогт тохирсон байдлаар тохижсон, алслагдмал орон нутагт амьдардаг хүүхдүүдийг 7 хоногийн ажлын өдрүүдэд хүлээн авах цэцэрлэгийн нөхцөл бүхий дотуур байртай байх зохицуулалтыг тусгах;
  2. Малчин эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлийг олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол хамруулах, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах чиглэлээр аймаг, сумдын түвшинд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
  3. Мал аж ахуйн бус бусад ажлыг туслах малчны ажилд хамааруулахгүй байх, 16 насанд хүрээгүй хүүхдийг туслах малчнаар ажиллуулахгүй байхаар тооцож “туслах малчин”-ы нэр томьёог холбогдох хуульд оновчтой тодорхойлох, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туслах малчны ажлын байр болон хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зохицуулалтыг тусгах.

ХОЁР. ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААР

  1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж, аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх;
  2. Орон нутгийн төсөвт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тогтмол тусгах;
  3. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох;
  4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн биелэлтийн дүнг Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгож үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  5. Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хорооноос гаргаж буй хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, мэдээг нэг загвар, шалгуураар гаргах;
  6. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хүчирхийлэл болон дарамтын тухай 190 дүгээр конвенцыг соёрхон батлах.

ГУРАВ. ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР

20. Хот суурин газарт сургууль, эмнэлэг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд олон жил хуримтлагдаж хадгалагдаж байгаа, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байршуулах, хадгалах зориулалтын барилга, байгууламжийг яаралтай бий болгох;

21. Химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэрийг барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх;

22. Химийн хорт болон аюултай бодисын нэгдсэн бүртгэлтэй болох, хариуцах байгууллагыг тодорхойлох;

23. Байгууллага, аж ахуйн нэгжид хадгалагдаж байгаа хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг зөөвөрлөх, стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламжид хадгалах.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.

Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.

Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтоо толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.

Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.

Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.

Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/04/17

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ2026/04/17

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе2026/04/17

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе2026/04/17

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ2026/04/17

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе2026/04/17

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм2026/04/17

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох