Шударга мэдээ
Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ээлжит бус хуралдааныг яаралтай горимоор зарлан хуралдуулж, Коронавируст халдвар /COVID-19/-ын тархалттай холбогдуулан эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн яамнаас санаачлан боловсруулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулснаар Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж баталлаа. Үүнд дараах дөрвөн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.
1. 0-18 насны хүүхэд бүрт 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 70.000 төгрөгөөр нэмэгдүүлж 100.000 болгон олгоно. Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авна.
2. Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний талоныг 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр 122 мянган насанд хүрэгч 32.000 төгрөг, 118.2 мянган хүүхэд тус бүр 16.000 төгрөгийн хүнсний талоны дэмжлэг авч байх юм.
3. Нийгмийн халамжийн сангаас сар бүр дараах иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01- ний өдөр хүртэл хугацаанд тус бүр 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Үүнд, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, одой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 62,6 мянган иргэн хамрагдана.
4. Малчдын орлогыг нэмэгдүүлж, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу малчдад тушаасан ноолуурын нэг килограмм тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Урамшууллыг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын А данс дахь ямааны тоог үндэслэн олгох аж.
Эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 793 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Санхүүжилтийн эх үүсвээрийг Төсвийн тухай, Засгийн газрын нөөц сангийн тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг холбогдох хуулиудад нийцүүлэн шийдвэрлэсэн гэв . Дэлхийн нийтийг хамраад буй Коронавируст цар тахлын улмаас цуцлагдсан улс, тив дамнасан томоохон арга хэмжээнүүдэд зарцуулагдахаар төсөвлөсөн мөнгө, сургууль боловсролын үйл ажиллагааг зогсоосноос хэмнэгдсэн зарим төсөв гэгчилэн хуримтлагдсан мөнгийг зориулалтыг нь өөрчлөх байдлаар дээрхи багц арга хэмжээний санхүүжилтийг хийх боломжтой гэж үзжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүн бүрт тааруулж биш, нийгмийн эрх ашгийн төлөө Засгийн газар шийдвэр гаргалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэлхий нийтийг заналхийлж буй Коронавируст халдварын тархалтын үед иргэдээ улс орноо, иргэдийнхээ амь насыг хамгаалахын тулд УОК-ын шийдвэрийг дагаж биелүүлнэ ”гэлээ.
Шударга мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Шударга мэдээ
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Манай улсад лаг шатаах үйлдвэр байхгүй. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг боловсруулж, хатааж, шатаах технологиор устгаж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд тусгасан. Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлуулсан.
Барилга угсралтын тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байгаа юм. Уг үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд буюу Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40 мянган ам.метр талбайд барина. Үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй технологийг ашиглан хоногт дунджаар 250 метр.куб лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай. Харин жилд 843.200 метр.куб лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүх юм.
Үйлдвэрийн ач холбогдол:
- Төв цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулж устгана.
- Нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулна.
- Үнэрийн голомтыг арилгана.
- Эрчим хүч үйлдвэрлэнэ.
- Ажлын байр нэмэгдэнэ.
- Хаягдлыг дахин ашиглах боломж бүрдэнэ.
Шударга мэдээ
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Тодруулбал, хяналтын 20 оператор дөрвөн ээлжээр ажиллаж, ППМ100 болон түүнээс дээш заасан айл өрхүүдтэй бүртгэлтэй утасны дугаараар нь холбогдож, шаардлагатай тохиолдолд шуурхай баг явуулж, шалтгаан нөхцөлийг нь тодруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээний хэлтсийнхэн айл өрхүүдэд ажилладаг.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын системд нийслэлд ажиллаж байгаа бүх угаарын хий мэдрэгчийн дохиолол ирэх бөгөөд дараах түвшинд ангилан харуулдаг.
- Онц аюултай
- Аюултай
- Их бохирдолтой
- Дунд зэргийн
- Бага бохирдолтой
- Хэвийн
Галлагааны улирал эхэлснээс хойш тус төвийнхөн дэлгэцээр 15.525 дуудлага хүлээн авч, 31.050 хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлжээ. Ингэхдээ 860 удаа гэрээт хяналтын ажилтныг угаарын дуудлагын дагуу холбогдож чадаагүй айл өрхүүд рүү явуулж, шаардлагатай арга хэмжээг авсан байна. Нийслэлийн долоон дүүрэгт 500 гэрээт хяналтын ажилтан албан хаагчид бий.
Тэд хяналтын төвөөс ирсэн угаарын түвшин өссөн тухай дуудлага мэдээллийн дагуу тухайн айлд хамгийн түрүүнд очиж анхны нөхцөл байдалтай танилцан, агаар сэлгэлт хийж, иргэдийг гарган, зөвлөгөө сэрэмжлүүлэг хүргэж 24 цагийн бэлэн байдалд ажилладаг. Гэрээт ажилтнууд угаарын хордлогын байдал хүндэрсэн, тусламж авах шаардлагатай иргэдийн тухай дуудлагыг эмнэлгийн байгууллагад өгч, шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй.
Угаар хийн хордлого илэрсэн айл өрхүүдийн нөхцөл байдал:
- Түлшний шаталт бүрэн дуусаагүй үед яндангаа авч өрхөө бүтээсэн
- Угаар мэдрэгч төхөөрөмжийг унтраасан, эвдсэн
- Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал алдагдсан
- Яндан хөөлөөгүй гэх мэт шалтгаан нөхцөлийн улмаас угаарын хийн хордлого үүсэж байна
-
Цаг үе2025/07/22
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2021/09/23
БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахууныг саадгүй, шуурхай татан авна
-
Үзэл бодол2024/09/23
Т.Мөнхсайхан: Яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэг дугаарт шилжүүлэхэд уди...
-
Цаг үе2020/05/12
Коронавируст халдварын үед барилгын компани, ажилчдад өгөх зөвлөмж