Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа  болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг  хотын Захирагч өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатай хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар  12,750 аж ахуйн нэгжид  ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлон, бохирын цооногын  халдваргүйжүүлэлт үргэлжилж байна. Халдварт өвчнийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ үеэр хэллээ.

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянах цахим системд мэдээллийн баазыг бүрдүүлж байна

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг явуулж байгаа бөгөөд 120 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. НЗДТГ-аас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд  шалган нэвтрүүлэх 9 товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодоор 50204 иргэн, 15812 тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийгдсэн хэмээн бүртгэгджээ.

Хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ойн хээрийн түймэр буурчээ

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын газрууд хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл ажиллах юм. Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхийг хориглож, өнжмөл өвс шатаахгүй байж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласнаар өнжмөл өвсний болон ой хээрийн түймэр өнгөрсөн жилийн мөн энэ үетэй харьцуулахад 54,9 хувиар буурсан байна.

Нам даралтын зуухны тоог бууруулна

Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлагууд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нээс эхлэн нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 5000 гаруй нам даралтын зуух байдаг бөгөөд ирэх аравдугаар сараас өмнө цахилгаан дулаанд холбогдож, хийнд шилжих чиглэлийг хотын Захирагч өгчээ. Тус үүргийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хотын Захирагч захирамж гаргаж урт болон богино хугацаанд хийгдэх ажлуудыг төлөвлөжээ.хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Улаанбаатар хотод хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний савханцар өвчнөөс жилд 6000 гаруй иргэн өвчилж 400 гаруй хүүхэд энддэг судалгаа байна. Тиймээс агаар хөрсний бохирдлыг бууруулах эрчимжүүлсэн ажлууд хийгдэнэ. Нэн түрүүнд иргэдийг орон сууцжуулах төсөлд хамруулах, дэд төвүүдийг байгуулж, эрчим хүчний сервис цэнтрийг байгуулах ажлыг үргэлжлүүлнэ” гэсэн юм. Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулахын тулд био бактерыг туршиж эхэлсэн талаараа мөн дуулгалаа.

Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, ажлын хэсэг байгуулсан байна. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг холбогдох албаныханд өгчээ. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа. Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж дуусахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналт, Хот байгуулалт хөгжлийн газар болон Хотын стандарт орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газарт  хотын Захирагч болгожээ.Хотын соёлд нийцсэн өнгө үзэмжтэй, стандартын дагуу нэгдсэн нэг хашаа хороотой байх шаардлагыг иргэн аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгаа бөгөөд энэхүү ажлыг дэмжиж хамтран ажиллахыг мөн уриаллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд дунд болон доод шатны зарим албан тушаалтнууд хүнд суртал, авилгал хээль хахуулиас гадна хариуцлагагүй байдал гаргаж байгаа учраас ажлаас нь халсан талаар хэллээ. Тэрбээр төрийн ажлыг цалгардуулалгүй, иргэдийн эрх ашгийн төлөө өндөр хариуцлагатай ажиллахыг цохон тэмдэглээд иргэдэд төрийн ямар нэгэн үйлчилгээг авахад чирэгдэлгүй хурдан шуурхай өгч ажиллахыг хүслээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.

Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.

Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтоо толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.

Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.

Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.

Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/04/17

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ2026/04/17

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе2026/04/17

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе2026/04/17

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ2026/04/17

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе2026/04/17

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм2026/04/17

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох