Урлаг спорт
“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаандаа оролцоорой!
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран үзэгч, сонсогч хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна.
Зорилго:
Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.
Уралдааны хугацаа:
Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд багтааж зөвхөн гэртээ гар утсаараа дүрс бичлэг хийн 2020 оны 05 дугаар сарын 05-наас 5-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг mymusic@mnb.mn цахим хаягаар хүлээн авна. Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ.
Хамрах хүрээ, сэдэв:
Уралдаанд зориулсан бүтээл нь “МИНИЙ БЯЦХАН ТАЙЗ” нэрийн дор үндэсний болон сонгодог хөгжмөөр тоглож өрсөлдөнө. Уралдааны шалгаруулалтын ангилал нь мэргэжлийн сургуулийн, хөгжим сонирхогч хүүхдийн гэсэн 2 ерөнхий ангилалтай байна.
-------------------------------------------------------------------------------------
Сонирхогчийн ангилал:
• 5-11 нас
• 12-16 нас
Энэ ангилалд оролцох хүүхдүүд өөрийн тоглодог хөгжмийн бүтээлийг дэвсгэр хөгжимтэй тоглож болно.
Мэргэжлийн ангилал:
• 5-11 нас
• 12-16 нас
Энэ ангилалд мэргэжлийн сургуулийн сурагчид оролцох бөгөөд дэвсгэр хөгжимгүй тоглоно.
-------------------------------------------------------------------------------------
ШАГНАЛЫН САН
МЭРГЭЖЛИЙН АНГИЛАЛ
5-11 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/
Нэгдүгээр байр: Yamaha F51 даралтат хөгжим
Хоёрдугаар байр: Yamaha PSS-A50
Гуравдугаар байр: Medeli хөгжим
Тусгай байр: Даралтат хөгжим
12-16 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/
Нэгдүгээр байр: Medeli A810 даралтат хөгжим
Хоёрдугаар байр: Medeli A300 даралтат хөгжим
Гуравдугаар байр: Даралтат хөгжим Medeli
Тусгай байр: Medeli даралтат хөгжим
-------------------------------------------------------------------------------------
СОНИРХОГЧИЙН АНГИЛАЛ
5-11 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/
Нэгдүгээр байр: Yamaha F51 даралтат хөгжим
Хоёдугаар байр: Yamah PSS F30 даралтат хөгжим
Гуравдугаар байр: Yamah PSS F30 даралтат хөгжим
Тусгай байр: Medeli
12-16 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/
Нэгдүгээр байр: Yamaha PSR E363даралтат хөгжим
Хоёрдугаар байр: Yamaha PSS-A50
Гуравдугаар байр: Ukulele хөгжим
Тусгай байр: Medeli Даралтат хөгжим
-------------------------------------------------------------------------------------
Нийт шагналын сан: 8 сая төгрөг
-------------------------------------------------------------------------------------
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Уралдаанд дүрс бичлэгээ илгээхдээ дуу дүрсний чанарыг гэр бүлийнхнээсээ зөвлөгөө авч бэлдсэн бичлэгээ илгээнэ.
• Бичлэгийн үргэлжлэх хугацаа 2 минут хүртэл байна.
• Зөвхөн гар утсаар, гэртээ бичсэн бичлэг байна.
• Нэг хүүхэд нэг бичлэг илгээнэ.
• Бүтээлээ цаг mymusic@mnb.mn цахим хаягаар илгээнэ.
• Тухайн бүтээлийг тоглосон хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг бичлэгийн тайлбарын хамт хавсаргана.
УРАЛДААНЫГ ДҮГНЭХ:
Уралдааныг 2020 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ТОТАЛ МЮЗИК компанийн мэргэжилтнүүд хамтран дүгнэж шилдэг хөгжимчин хүүхдийг шалгаруулна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ,
ТОТАЛ МЮЗИК ХХК
Холбоо барих утасны дугаар: 80807630

Урлаг спорт
Морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа
Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Ийм нууц хэлбэрийн уралдаан нь учирч болзошгүй олон эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудал бий. Аливаа уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлага, цагдаа, хяналтын болон эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх ёстой. Гэвч энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах, монгол өв соёлоо харгалзан үзэхийн зэрэгцээ далд хэлбэрийн уралдааныг зогсоож, гаргасан дүрэм журмыг чанд мөрдөх, хариуцлагын тогтолцоог сайжруулж хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай. Мөн морин уралдааны цаг хугацааг сайтар тооцоолж зохион байгуулах, нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Хашчулуу “Энэхүү уулзалтад ММСУХ-ны төлөөллүүд, Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон холбогдох бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбооны саналыг үндэслэн биднийг хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. ММСУХ үндэсний өв соёл, дархлаа болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, морин уралдааны анхны хамгаалалтын төхөөрөмжийг оруулж ирсэн. Унаач хүүхдийг даатгалд хамруулах асуудлаар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажилласан. Өнөөдөр морины уралдаан спортын хэмжээнд хөгжиж байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хүүхдийг эцэг, эхээс нь булаан авч, эмнэг догшин морь унуулаад, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж, талцуулж байгаад харамсаж байна” гэв.

НМСУХ-ны тэргүүлэгч М.Мөнхбаясгалан “11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Гэвч уламжлал ёсоор Сар шинийн баярын дараа хаврын улиралд хүүхдүүд морио унаад уралддаг жишиг бий. Угтаа хаврын уралдаан нь нэг талаараа аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой байсан. Гадаад, дотоодын жуулчид ирэхэд бидний онцлон үзүүлдэг гол өв соёлын нэг нь морин уралдаан юм. Үүнийг дагаад монголчуудын дээл хувцасны соёл, эд хэрэглэл, ахуй зан заншил зэрэг олон соёлыг жуулчид нэг дороос, богино хугацаанд үзэж танилцах боломжтой байсан” гэсэн юм.

Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзий “Морин уралдааныг бид санаачилж зохиогоогүй. Бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс зохиож түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлал юм. Бид ийм арвин түүхтэй ард түмэн. Монголчууд малчин ард түмэн. Өнөөдөр Монгол улсад малчин, уяач бэлтгэдэг тусгай сургууль байхгүй. Морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь малчны амьдралд өсөж, өв соёл, уламжлалаа тээж яваа хүүхдүүд байдаг. Хэрэв энэ заншил тасарвал малчин удам, ахуй соёлын залгамж халаа үгүй болох эрсдэлтэй. Мөн хүүхдээр морь унуулахыг зарим хүн хөдөлмөр эрхлэлт мэтээр ойлгож байна. Харин энэ нь хөдөлмөр бус үндэсний спорт юм. Хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэж, соёл уламжлалаа залгамжлан авч явах ёстой. Үндэсний өв соёлоо устгах бус харин хамгаалж, хадгалж үлдэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх сарын 5-наас толилуулна
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна.
Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Энэхүү жүжгээр өсвөр насны хүүхэд – эцэг эх хоорондын харилцааны хямрал, сошиал орчны нөлөө түүнээс хамаарсан итгэлцэл болон хууралт зэрэг яг одоо бидний дунд байгаа асуудлуудыг хөндөх болно.
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.
Урлаг спорт
“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна.
“Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм. “Улаанбаатар кап” тэмцээнээр шигшээ 32 баг шалгарч, урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж, 1400 гаруй тоглолт зохион байгуулаад байна. Мөн өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулсан юм.
