Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 7. Сугар гараг. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй хар бич өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Гал
Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цаг үе
Төрийн банк Ногоон харилцах дансны үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ
Төрийн банк тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, ногоон эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Ногоон харилцах дансны үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.
Ногоон харилцах данс нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжигч иргэн, аж ахуйн нэгжид зориулсан харилцах данс бөгөөд харилцагч өдөр тутмын төлбөр тооцоо хийх, банкнаас санал болгож буй цахим үйлчилгээнд хамрагдах зэргээр тус дансаа ашиглах боломжтой.
Мөн Ногоон харилцах данс шинээр нээлгэж, зургаан сараас доошгүй хугацаанд ашигласан тохиолдолд бичил бизнесийн зээл, эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, ПОС-ын орлого барьцаалсан зээл, тэтгэврийн бизнесийн зээл, өрхийн бизнесийн зээл, гарааны бизнесийн зээл зэрэг бизнесийн зээлийг тогтоосон интервалын доод хүүгээр авах боломжтойгоороо давуу талтай.
Түүнчлэн харилцагч таны харилцах дансны сарын дундаж үлдэгдлийн 10.0 сая төгрөг тутамд нэг мод тарих нийгмийн хариуцлагыг банкны зүгээс хэрэгжүүлэх бөгөөд тарьсан модны тоо болон байгаль орчинд үзүүлсэн нөлөөг ил тод тайлан хэлбэрээр хүлээн авч, хүрээлэн буй орчиндоо эерэг өөрчлөлт түүчээлэх “ногоон” тэмүүллийг тань алдаршуулах болно.
Харилцагч та банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл өөрт ойр байрлах Төрийн банкны салбар нэгжид хандаж Ногоон харилцах данс нээлгээрэй. Ногоон харилцах данс шинээр нээлгэхэд Дансны тусгай дугаарын үйлчилгээнд хураамжгүйгээр хамрагдаж, цээжлэхэд хялбар алтан, мөнгөн дугаарлалтаар дансаа нээлгэх боломжтой.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Цаг үе
ЗГ: Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж, Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.
Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахална.
Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.
Сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөөс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна.
Ганц хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд бусад улс орны жишгийн дагуу Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, хуулийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-нд Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны долоодугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, говийн бүс нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
2025 оны долоодугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
-
Цаг үе2024/03/22
"Петро чайна дачин тамсаг" ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашиг...
-
Шударга мэдээ2019/10/11
Найрамдал цогцолборын төлөөлөгчид Артек төвд зочиллоо
-
Цаг үе2024/12/26
Нийслэлийн 2025 оны төсвийг 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа
-
Цаг үе2023/10/04
Жилийн хугацаанд 415 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байв