Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонх буюу 62 суудал авсан. Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах тухай албан бичиг өчигдөр надад ирсэн байна.

Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Нэгдүгээрт, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон жил төр, засагт ажиллалаа. Ардын намын тавьсан өр, Ардчилсан намын тавьсан өр гэж дэлхий даяар мэдэхгүй. Монгол Улсын өр л гэж бий. Энэ их өрийг дарах уран ухаан, арга залийг та мэргэжлийн хүний хувьд бодож шийднэ биз.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбартаа олон жил ажилласан тул чиг үүргээ, салбарын нөхцөл байдлаа мэдэж байгаа байх. Бид өнөөдөр армийнхаа сүр хүчийг харуулах тал дээр тодорхой ажлуудыг эхлүүлснийг үргэлжлүүлэн ажиллана гэж итгэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 180 мянган малчин өрхийн хамаарал бүхий салбарын сайд болж байна. Хөдөө  аж ахуй бол Монголын онцлог салбар. Мөн энэ салбар эдийн засгийн хос морины нэг буюу хүнээр яривал хоёр хөлийнх нэг нь байх ёстой. Энэ тал дээр өөрөө туршлагатай учраас сайдад дэмжигдсэн болов уу гэж бодож байна. Жишээ нь, хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнга ярьдаг. Монгол Улсын жилийн хүнсний импортын үнийн дүнг мэдэж байна уу?

З.Мэндсайхан: ­Ерөнхий импортын харьцаагаа мэдэж байгаа. Үнийн дүнгийн мэдээлэл сайн аваагүй байна.

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн сайд болохоо хэзээ сонссон бэ? Энэ чинь маш тодорхой асуудал. Ерөнхий сайд хүнсний ногоо дотооддоо тариалах асуудлыг ярьдаг. Ном, сонин, судалгаа харахад л тодорхой байгаа. Монгол Улс жилдээ 400-500 сая ам.долларын хүнсний бараа импортоор авдаг. Үүнийг 100 хувь дотоодоосоо хангая гэж Ерөнхий сайд ярьдаг. Энэ бол 400-500 сая ам.долларын бараа гаднаас оруулж ирдгийг болино гэсэн санаа юм. Монгол Улс газар нутгийнхаа хэдэн хувьд газар тариалан эрхэлдэг вэ?

З.Мэндсайхан: 21 орчим хувьд.

Х.Баттулга: Газар нутгийнхаа нэг орчим хувьд газар тариалан эрхэлдэг. Бид үр тарианыхаа хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой. Бид жилд хэдэн сая арьс боловсруулдаг вэ?

З.Мэндсайхан:  Жилдээ бид 15 орчим сая арьс боловсруулах нөөцтэй.

Х.Баттулга: Жилд 15-20 сая ширхэг арьс боловсруулдаг, үүний 80 хувь нь бог малын арьс байдаг. Бог малын арьс хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ, малчдынхаа орлогыг яах вэ, жилд хэдэн тонн ноос, ноолуур хураадаг, үүний үнийн дүн хэд байдаг, хэдэн хувийг нь гадагш гаргадаг гэх мэтчилэн асуултуудыг өөртөө тавьж, хэрэгжүүлэх ажилд өнөөдрөөс эхлэн ханцуй шамлан ороорой.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбартаа олон жил ажилласан давуу талтай. Хэдэн онд төмөр замын бодлого батлагдсан бэ?

Л.Халтар: 2010 онд батлагдсан. Одоо 10 гаруй жил боллоо. Гол нь төмөр замын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Хөрөнгө мөнгө, царигийн гол асуудлууд байсан. Сая өмнөх УИХ-ын отгон чуулганаар царигийн асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо бид нарт ажлаа явуулахад харьцангуй амар боллоо.

Х.Баттулга: 2010 онд батлагдсан бодлого яагаад яваагүй вэ?

Л.Халтар: Одоо үндсэндээ 10 жил болжээ. Мөн хөрөнгө мөнгө, царигийн маргаантай асуудлууд байсан. Ер нь өргөн, нарийн царигийн асуудал улстөржсөн асуудал байсан.

Х.Баттулга: Бид 2010 онд “Нэг улс-Нэг цариг” гэдэг бодлого баталсан шүү дээ. Одоо төмөр замын ажил хэр явж байна вэ?

Л.Халтар: Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын далангийн ажил 93 хувьтай явж байна гэсэн мэдээллийг өчигдөр авлаа.

Х.Баттулга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил ямар явцтай байгаа вэ?

Л.Халтар: Тохирсон ёсоор төмөр замаа гар аргаар тавиад үндсэндээ ажил эхэлсэн. Зүтгүүрүүдээ аваачсан байна.

Х.Баттулга: Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 800 орчим км төмөр замыг монголчууд түүхэндээ анх удаа тавьж эхлээд, жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Далайд гарцгүй орны хувьд төмөр зам барих нь маш шаардлагатай ажил гэдгийг эдийн засгийн талаас нь мэдэж байгаа гэж итгэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна.



Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай учир өнөөдрийн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа байх. Бид өмнө нь хамтарч ажиллаж байсан. Одоо хот төлөвлөлтийн асуудлуудаа жигдлэх хэрэгтэй. Нийслэл дээр болон Барилга, хот байгуулалтын яаман дээр тус бүр  хот төлөвлөлтийн асуудал ярьцгааж, хүнд суртлын бүтэц бий болсон. Энэ асуудлыг жигдлэхгүй бол хот төлөвлөлт олон удирдлагатай, нүсэр бүтэцтэй яваад байна.  Өнөөдөр гал усны, газар хөдлөлтийн аюул болоход ямархуу нөхцөл байдал үүсэхийг өөрөө мэдэж байгаа. Зургаан баллын газар хөдлөлт болоход нийт барилга, байшингийн 60-70 хувь нь нурахад бэлэн байдалтай болсон. Мөн дагуул хот байгуулах ажилд ханцуй шамлан ороорой. Саяхан УИХ-аар Хот байгуулах тухай тогтоол батлагдсан. Энэ чиглэлд ажиллана гэж ойлгож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдлоо. Энэ салбарын сайдаар Ц.Нямдорж олон жил ажилласан. Тэр хүний хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь хүлээж авахгүй шүү гэдгийг өөрт чинь хэлье.

Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллахаар болсон уу. Байгаль орчин, цөлжилт, усны асуудал зэрэг олон ажил хамаарч байгаа юм билээ. Аялал жуулчлалын бодлого өнгөрсөн онд Н.Цэрэнбат сайдын үед Засгийн газраар батлагдсан. Энэ бодлого дээр Н.Цэрэнбат сайдтай хамтарч ажилласан. Энэ салбарт нэг зовлон байна. Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалт нэрээр газар олгож, түүн дээр нь хаус бариад зардаг шүү. Иймэрхүү асуудлаар эрүүгийн залилангийн хэрэг үүсчихсэн явж байгаа юм билээ.

Шадар сайдаар Я.Содбаатар ажиллахаар болж байгаа юм байна. Олон жил төрд ажилласан, ноён нуруутай сайд гэж бодож байна. Хамтарч ажиллана.

Миний хувьд улстөрчөөсөө илүү эдийн засгийг сэргээх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зэргээр аж ахуйн асуудлаар та бүхэнтэй илүү хамтран ажиллана. Бүгдээрээ Монгол Улсын Засгийн газрын өрийг төлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, гурван сая монголчууддаа өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй байна. Евразийн дунд өндөр хөгжсөн ардчилсан Монгол Улс бий болох платформыг тавихад сэтгэл шулуудан хамтарч ажиллахыг хүсэж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, шинээр томилогдох Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Соёлын сайд С.Чулуун нар оролцлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ

Огноо:

,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болж, улсын төсвийн 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
 
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
 
Төслийн хүрээнд 5 блок бүхий цогцолбор эмнэлэг баригдаж байгаа бөгөөд А блокт амбулаторийн кабинетууд,
 
В блокт рентген, компьютер томографийн оношилгоо болон лабораторийн тасгууд,
 
С блокт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд,
 
D блокт хэвтэн эмчлүүлэх нэмэлт ор, тасгийн хэсэг,
 
Е блокт шарил хадгалах байр (морг) тус тус байрлахаар төлөвлөгджээ.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Өгөөмөр баян дэнж" ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү цогцолборыг 2026–2027 онд үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж байна.
 
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор оношилгоо, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж өргөжин, Булган аймгийн эрүүл мэндийн салбарын чадавх шинэ түвшинд хүрнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

2026.06.11 /Пүрэв гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
15
Хэлэлцэх асуудал: 15
 
  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  2. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  7. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  8. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  11. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  12. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  14. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  15. Бусад
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох