Улстөр нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга “Азат Халал” махны үйлдвэрээр зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймгийн “Азат Халал” махны үйлдвэрээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
1996 онд байгуулагдсан “Азат” ХХК нь малын түүхий эд, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016 онд “Азат Халал” махны үйлдвэрийг Өлгий суманд байгуулсан байна.
Тус үйлдвэр нь олон улсын стандартын шаардлага хангасан халал аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулж, бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлж байгаа бөгөөд цаашлаад нөөц боломжоо ашиглан бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох зорилт тавин ажиллаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
“Азат Халал” үйлдвэр нь өдөрт 200 бод мал, 800 бог мал нядлах, есөн тонн бод, зургаан тонн бог малын шулсан мах, таван тонн чанасан мах, таван тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баруун бүсийн таван аймгаас халал аргаар боловсруулсан махыг Улаанбаатар хот руу тээвэрлэхгүйгээр шууд экспортлох боломж бололцоотой бөгөөд алслагдсан аймгуудаас Улаанбаатар хот руу мах тээвэрлэх нь төдийлөн ашигтай хувилбар биш гэж үзэж байна.
Баян-Өлгий аймагт сүүлийн дөрвөн жилд зургаан махны үйлдвэр байгуулагджээ. Энэ жил тус аймаг 900 мянган тоо толгой мал нядалж, 400 мянган тонн махыг дотоодын хэрэгцээнд хуваарилж, 500 мянган тонныг экспортлох шаардлагатай байгаа талаар аймгийн удирдлага танилцуулж, экспортод гаргах зөвшөөрлийн асуудал хүлээгдэж байгаа гэлээ.
Баян-Өлгий болон бусад алслагдсан аймгуудаас махаа шууд экспортлох боломж, нөхцөлийг бүрдүүлснээр малчдын орлого эрс нэмэгдэх, аж үйлдвэр хөгжих зэрэг ач холбогдолтой юм.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Шударга мэдээ2020/07/21
“Жи-Тайм”-ын хохирогчдын хохирлыг шүүгдэгчээс хураасан хөрөнгөөс бар...
-
Цаг үе2023/11/29
Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо
-
Улстөр нийгэм2025/08/27
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдол 16 хувиар өссөн байна
-
Цаг үе2023/01/30
Төрийн банк Bidend.mn платформтой хамтран ажиллана