Үзэл бодол
Я.Долгоржав: Хоёр ч Ерөнхийлөгчийн багт олон сайхан нөхөдтэйгөө сэтгэл нийлэн ажиллаж байсан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Я.Долгоржавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба бусад төрийн байгууллагаас хэрхэн ялгардаг вэ?
-Миний бие 2004-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх, хэсэг хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллаж байсны хувьд таны асуултанд өөрийнхөө харж буй өнцгөөс хариулъя.
Бүхэл хийгээд хэсгийн учир холбогдлын үүднээс үзвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх хүрээлэн(институц)-гийн нэг бүрдэл хэсэг нь юм. Улс, ард түмэн, ер нь нийгмийн аливаа бүлгийн өмнө тавигдсан тодорхой зорилтыг хариуцаж үйл ажиллагаагаа зохих хууль дүрмийн дагуу хэрэгжүүлэхээр зохион байгуулагдсан бүтцийг манай монголчууд хүрээ, хүрээлэн гэж нэрийдэж байсан нь цэрэг-улс төр, иргэн, шашин-сүм хийдийн түүхээс тодорхой харагддаг. “Монголын нууц товчоо”-нд ч энэ талаар тэмдэглэсэн зүйл бишгүй бий. Иймээс би Ерөнхийлөгчийн институц гэж гадаад үг хэрэглэлгүй, хүрээлэн гэх үг хэрэглэж байгааг минь болгооно биз ээ. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтцийн болоод үйл ажиллагаа (функц)-ны онцлог нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн хүрээлэнд бүхэлд нь хүлээлгэсэн үүргээс хамаардаг зүйл. Чухам үүгээрээ л Тамгын газрын бүтэц, үйл ажиллагаа нь давхцал хийгээд хийдэлгүй, төрийн бусад байгуулгаас ялгарах учиртай.
Улсын тэргүүнийхээ хувьд Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаа бүхэлдээ дэмжлэг үзүүлдгээрээ онцлог. Үе үеийн Тамгын газар, зөвлөхүүдийн зорилго, чиг үүрэг ижил юм. Зөвлөхүүд хэдийгээр Тамгын газарт харьяалагддаг ч зөвхөн Ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй учраас шугаман удирдлагын бүтцэд ордоггүй штаб маягийн бүтэц үүсгэн ажилладаг. Энэ мэтийг зарим хүмүүс анзаардаггүйгээс, таны асуултандаа хөндсөнчлөн “Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодит үйл ажиллагаа” болон түүний талаарх “олон нийтийн санаа бодол” хоёрын хооронд ойлголтын зөрүү байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ард иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэвлэл, мэдээлэл, нийгмийн сүлжээ, албан ба албан бус сургалтын байгууллагаар идэвхитэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Нөгөө талаар, олон түмний зүгээс гарч буй шударга, зөв санал, шүүмжлэлийг Тамгын газар анхаарч, ажилдаа тусгаж байх нь чухал.
-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үед тулгарч байсан сорилт, бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулсан түүхүүд, хоёр Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаанд улиран ажилласан хүний хувьд Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын бодлого, үйл ажиллагааны ялгаатай ба ижил талын тухай бодлоо хуваалцана уу?
-Сорилт, бэрхшээлгүй юм гэж байдаггүй. Их үү, бага уу, хүнд үү хөнгөн үү, хөрөнгө мөнгөний юу, улс төрийн үү, хүн хүчний юу, санаачлагагүй, салан задгайнх уу гэдэгтээ л байдаг. Тэр бүх жишээ, кэйсийг энд яриад яахав дээ. Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын хувьд аль аль нь Тамгын газрын удирдлага, зөвлөхүүдийн орон тоон дээр тухай, тухайн салбартаа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, улс төрийн мэдлэг, туршлагатай, тулхтай хүмүүс авч ажиллуулж байсан учраас элдэв сорилт, бэрхшээлд нийгмээ нэг их “сэгсэргээ”, “донсолгоо”-нд оруулаад байлгүй туулсан. Тамгын газар, зөвлөхийн баг ч Ерөнхийлөгчөө улсын тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийнх нь хувьд тодотгож ажиллахыг хичээсэн. Хэдийгээр манай Үндсэн хуулинд “төрийн тэргүүн” гэх томъёол бий ч улсаа тэргүүлж буй Ерөнхийлөгч юу юунаас урьд, Statehood (аулсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бард түмний эв нэгдэл,эх оронч үзэл, вБүрэн эрхт байдал, гзасаг төрийн тогтолцоондоо анхаарал хандуулж ажиллах) гэх ойлголтын агуулгыг бүрдүүлж байдаг учиртай. Дээр нэр дурьдсан хоёр Ерөнхийлөгчийн үед statehood-тэй холбоотой хийдэл доголдол, хэрүүл маргаан гараагүй, харин ч бэхжих, батжих талдаа байсан. Үүнд зөвлөхүүдийн зүгээс зөвлөж Ерөнхийлөгчийн хүрээлэн институц-гээс хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн нь тодорхой. Бодлого, үйл ажиллагааны хувьд хоёр Ерөнхийлөгчид ижил зүйл байлгүй яахав, нэг л ижил хууль, эрх зүйн орчинд ажиллаж байсан юм чинь. Гэхдээ цаг үе, улс төр, нийгэм-эдийн засаг, гадаад орчин, эрэлт хэрэгцээ нь өөр болохоор ялгаатай зүйл гарах нь ойлгомжтой. Угаас “Нэг голын усанд хоёр дахин орж болдоггүй” гэдэг биз дээ. Тухайлбал, даяаршлыг хэт туйлчлан үзэх хандлага илт мэдрэгдээд ирсэн үед Ерөнхийлөгч Н.Багабанди үндэсний онцлог, ард түмнийхээ нийтлэг үнэт зүйлсийг хамгаалан хөгжүүлэх талаар тусгайлан анхаарч морин хуураа дээдлэх, монгол сурын харвааг хөгжүүлэх, эзэн Чингис хааны одон бий болгох, ”Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх, монгол бичиг болон эх оронч үзлийн талаар цуврал зарлиг гарган ард түмнийхээ дунд түгээн дэлгэрүүлэхэд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нь ард түмнийхээ талархлыг хүлээж эдүгээ ч түүний нэртэй холбогдон яригддаг. Залгамж чанар байсан. Ерөнхийлөгч Н.Багабанди Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд Монгол Улс даяар төрт ёсны их баяр болгон тэмдэглэх зарлиг гаргасныг биечлэн хэрэгжүүлэх үйлс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед тохиож их ажил өрнөж, Засгийн газрын ордны өргөтгөл баригдаж эзэн Чингис хааны хөшөө сүндэрлэж, төрийн ёслол хүндэтгэлийн өргөөг бүтээж УИХ энэ ойд зориулж Хүндэтгэлийн чуулган чуулж, Ерөнхийлөгч утга төгөлдөр илтгэл тавин ард түмэндээ хүргэсэн нь үүний нэг нотолгоо юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр улсын тэргүүн дипломатын хувьд санаачилга гарган АНУ, ОХУ, АБН Египет Улс зэрэг дэлхийн олон улсын төр засгийн газрын тэргүүн хийгээд алдар суу нь бөмбөрцгийн хэмжээнд түгсэн эрхмүүдэд хандан Их Монгол Улсын түүхэн ойтой холбогдуулж санал, сэтгэгдэлээ илэрхийлэхийг хүсч дипломат шугамаар шаргуу ажилласны хүчинд “ИХ МОНГОЛ УЛС-800” гэдэг ном бүтсэн. Энэ бол орчин цагт улсынхаа бүрэн эрхт байдал, их түүхийг дэлхий нийтээр өвөрмөц маягаар давтан хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг болсон билээ. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын хооронд залгамж холбоо байхыг бэлгэдэж, бас сануулж Н.Багабанди Ерөнхийлөгч Чингис хааны одонгоор анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг шагнах зарлиг гаргаад шинээр сонгогдсон гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг одонг түүнд гардуулахаар зохицуулж байсан түүх бий.
-Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлд оруулсан хувь нэмэр хийгээд таны үед ЕТГ-ын үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгааны агуулгаар баяжуулж байсан талаар дурсамжаа хуваалцаач?
-Биднийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, зөвлөхийн багт ажиллаж байх үеийн нэг онцлог бол аливаа тулгамдсан асуудалд аль болохоор олон түмний санаа бодлыг сонсох, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллахыг чухалчилдаг байлаа. Иймээс ч үе үе томоохон хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг байсан. Тэдгээр хуралд анхны Ерөнхийлөгч өөрөө ч бас эрдэмтэн хүн юм П.Очирбат, хуульч Б.Чимид, Г.Совд нараас аваад Л.Түдэв, Ш.Бираа тэргүүтэй нэрт эрдэмтэд идэвхтэй оролцоно. Тухайлбал, “Үндсэн хууль ба ардчилсан эрхзүйт төр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал дээр Үндсэн хуулийг шинэчлэх, “дордуулсан долоон өөрчлөлтийг засах” гэх мэт саналууд анхлан нухацтай хэлцэгдэж байсныг санаж байна.
Миний тухайд онцгойлж хэлээд байх юу байхав. Монгол Улсынхаа хоёр ч Ерөнхийлөгчийн багт Б.Батхишиг, Т.Билэгт, Ц.Дашзэвэг, Д.Цогтсайхан, Г.Баясгалан Д.Готов, Л.Лхагва, Б.Намхайжанцан, Д.Нэргүй Б.Очирбат, Б.Чойжилсүрэн нарын олон сайхан нөхөдтэйгөө гар сэтгэл нийлэн ажиллаж, хажуугийн хамжаа, дэргэдийн дэмжээ болж явсандаа сэтгэл хангалуун байдаг.
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг цаашид хэрхэн сайжруулах шаардлагатай гэж үздэг вэ. Танд нэмж тэмдэглэн хэлэх зүйл байна уу. Санал сэтгэгдлээ хуваалцана уу?
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг цаашид байнга сайжруулж ажиллах хэрэгцээ, арга механизмыг ирээдүйтэй залуу, залгамж үе маань харж байгаа гэдэгт итгэж байна. Тэгэхдээ, их зохиолч Д.Нацагдоржийн “Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилттай” гэсэн ухаантай үг байдгийг санах нь чухал. Энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тэмдэглэж байна. Хойших мөрөө арай холхон харвал Их Монгол Улсын тэргүүний институц, Тамгын газар одоохондоо тод харагддаггүй юм аа гэхэд нэгэн үе Монгол Улсаа тэргүүлж явсан Богд Жибзундамба хутагтын хүрээлэн(институц) харагдаж л байгаа. Хэдийгээр Богд хаан маань хутагтын дүртэй ч улсынхаа улс төрхт төлөв байдал(statehood)-ыг хадгалж бэхжүүлэхийн тулд шаардлагатай үед бүхнийг хийхэд бэлэн, тэр бүү хэл, таван замаар, түмэн цэрэг хөдөлгөж явсан түүхтэй хүн шүү дээ. Үүнийг дурдсаны учир нь улсын тэргүүний институцийн хөгжлийн түүхийг цаг хугацааны хувьд ч орон зай, агуулга, багтаамжийн хувьд ч илүү өргөн хүрээнд судлан үзэж сургамж ухаарал авах хэрэгтэй.
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Үзэл бодол
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

-
Цаг үе2024/02/07
Хүүхдийн тоглоомын талбайн эзэмшигчийг хариуцлагажуулах эрх зүйн зохицуулалтыг б...
-
Улстөр нийгэм2023/05/08
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ...
-
Улстөр нийгэм2021/07/19
Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна
-
Үзэл бодол2020/04/22
Тойрогтоо хамгийн их, бага төсөв суулгасан гишүүд
