Шударга мэдээ
Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ болон НҮБ хамтран ажиллана
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Энэ хүрээнд Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Нэг төвт хотоос Олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөж ШИНЭ ДЭД ТӨВ-үүд бий болгох суурь инженерийн “Дэд бүтэц” болон нийгмийн барилга байгууламжийн ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хөтөлбөрийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, НҮБ-ын суурин зохицуулагч ноёнТапан Мишра, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн ноён Арнауд Хекманн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Элейн Конкиевич, НҮБ-ын Хүүхдийн сангийн орлогч төлөөлөгч хатагтай Специоз Хакизимана болон НҮБ- ын Хабитатын үндэсний төслийн менежер хатагтай Ш.Энхцэцэг нар газар дээр нь ирж танилцан, төсөл хэрэгжилтийн үр дүн болон цаашид гэр хорооллын төслүүдийг хэрхэн уялдуулан хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Зочдыг төслийн зохицуулагч Д.Авирмэд хүлээн авч төслийн хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.

Уулзалтын үеэр АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран НҮБ-ын төлөөлөл Гэр хороололд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцан цаашид НҮБ-ын харьяа байгууллагуудтай гэр хорооллыг хөгжүүлэхэд эрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Тэрээр гэр хороололд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг НҮБ-ын бусад төсөл арга хэмжээнүүдтэй уялдуулан хэрэгжсэнээр илүү үр дүнтэй байх болно хэмээсэн бол НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Өнөөдөр УБ хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудтай газар дээр нь ирж танилцлаа. Хотын гэр хорооллын бүсэд хотын төвөөс илүү тав тухтай цэцэрлэг, Бизнес инкубатор сургалтын төв, Спорт цогцолбор, Цэцэрлэгт хүрээлэн гээд дэд төвийн иргэдэд хэрэгцээтэй олон бүтээн байгуулалт хийгдэж, эхнээсээ ашиглалтад орсон байгааг харах таатай байна. НҮБ-ын зүгээс энэ том бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийсэн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламж дээр тулгуурлан иргэдийг чадваржуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой. НҮБ-ын салбар байгууллагууд болох UNDP, UNICEF, UNHABITAT гэх мэт байгууллагуудаараа дамжуулан дэд төвд оршин суугаа иргэд руу чиглэсэн хөтөлбөрүүд дээр тухайлбал UNDP-ээс гэр хорооллын залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа, UNICEF-ээс дэд төвд хүүхэд хамгааллын чиглэлээр ялангуяа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх болон хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадваржуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, мөн байгаль хамгаалал, ногоон орчин бий болгох гэх зэрэг олон талд хамтран ажиллах боломж байна.” гэлээ.
Төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх юм. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм.
Ийнхүү УБ хотын Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ болон НҮБ хамтран ажиллахаар боллоо.
Шударга мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.
Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
-
Цаг үе2025/01/06
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр ба...
-
Шударга мэдээ2021/02/03
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан тодорхойгүй ху...
-
Цаг үе2023/09/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Цаг үе2020/04/07
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
