Үзэл бодол
Мөнхийн дуудлага буюу хос дэнс
Сэтгүүлч Надмидцэрэнгийн Туяа
Анхаараарай, анхаараарай!
Хүн тээгч, хөгжлийн ачаа үүрэгч, төмөржсөн эриний бэлгэдэл, түргэн галт тэрэг дуут дохио хангинуулсаар ирж явна. Амьдрал бол хөдөлгөөн, айсуй галт тэрэг шиг яаруу.
Л.Н.Толстой “Анна Каренина” зохиолоороо Оросын уран зохиолд “Галт тэрэг ба үхэл” сэдвийг оруулсан гэх. Зохиолч өөрөө галт тэрэгний буудал дээр насан эцэслэсэн бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд дорно дахины гүн ухааныг шимтэн судалж, сэтгэлийн амар амгалан, туйлын үнэнийг хайсаар байжээ. Энэ эрэл хүн төрөлхтний мөнхийн дагуул. Түрүүлж сэхээрэгчдээс хариулт нэхэн шаналгадаг үүрдийн асуулт.
“Би хариулъя!” гэж зоригтой дуугарах цөөхөн хүнийг цаг үе нь, газар орон нь, ард түмэн нь төрүүлдэг тэнгэрийн хишигт талархнам.
Асуултын хариу болгож, Аннаг хөтөлсөөр найруулагч Наранбаатар ирж явна.
Тахлыг давсан жүжиг
Дүрэмт хувцас нь хуучирсан, ширвээ сахалтай шуудан зөөгч малгайгаа аван мэндчилээд, эгэлдрэглэн үүрсэн том цүнхнээсээ шаргал дугтуй гаргаж өгөв. Дугтуйнд ганц үр байлаа...
Тайлж тайлбарлахын аргагүй ийм зүүд найруулагчид арваад жилийн өмнө иржээ. Тархиндаа үндэслүүлж, бодолдоо ургуулж явсаар, орчуулагч Н.Пүрэвдагвад санал тавив. Наранбаатарын онцолсон гол зөрчил, улаан шугам, өөр өнцөг, дүрийн өгүүлэмж, санаа зорилго шингэсэн, гурван эхээс хянан орчуулсан 2 бүлэг, 25 үзэгдэлт “Анна Каренина буюу бүтэлгүй хайрын дууль” жүжгийн зохиол 2018 онд найруулагчийн гар дээр ирлээ. Төдий том хэмжээний романыг түүвэрлэн, цөм агуулгыг барьж хөрвүүлнэ гэдэг тун амаргүй. Нэгэнт энэ давааг давсан хойно драматургийг зохих байранд урлан шигтгэж, “долоо хэмжсээр” 15 үзэгдэлт найруулагчийн зохиол бэлэн боллоо.
Оросын Тула мужийн “Ясная Поля¬на” эдлэн. Лев Николаевичийн төрж өссөн, туурвил бүтээлүүдээ бичиглэсэн тэмдэгт газар. Өндөр өвгийнхөө гэр му¬зейн эрхлэгчээр ажиллаж асан, дөрөв дэх үеийн В.И.Толстой 2008 онд Монголд зурвасхан ирэхдээ “Би энд ирэхийг мөрөөдөж байсан” хэмээжээ. Үүнээс 11 жилийн дараа Монголын УДЭТ-ын “Анна Каренина” жүжгийн баг хамт олны төлөөлөл алдарт зохиолчийн төрөлх нутгийг зорин очив. Найруулагчийн нүдэнд туссан нь зүүнтээ залсан Будда болон судрууд.
“Хөрөг зураг, хүрэн улаан жаазнууд, хүн хүний онцгой дүр. Орос орон бол хөрөг юм”. Нөхдөөсөө холдон нуурын эрэг дээр ганцаар суухдаа өөр юу бодож, ямар мэдрэмж тээсэн бол? Намрын нуур, намрын салхи... Намрын шим Наранбаатар найруулагчийн онгод хөгийг оргилуулдаг гэнэм. Олз омог дүүрэн аяллаас тэд ирээд үйлдвэр техник, тайзны сургуулилт өрнөлөө.
2020 оны хоёрдугаар сар.
Жүжгийг уран сайхны зөвлөлөөр хянуулан хэлэлцүүлэв. Сайшаал шүүмжлэл, айдас эргэлзээ аль аль нь байлаа. “Зоригийг чинь үнэлж байна. Гэхдээ чи галаар наадаж байна шүү!” гэсэн анхааруулга ч сонслоо. Аргагүй дээ, зуугаад жил дэлхийн цараатай томоохон театрууд, дэлгэцнээ янз бүрийн хэлбэрээр хэдэн арван удаа тавигдсан алдарт “Анна Каренина” юм чинь.
“Гал аюултай, гэхдээ галыг бас эрхшээж болно”. Найруулагч Наранбаатарын авьяас, ур чадвар, туршлага тэмүүлэл, цогтой энэ үгэнд театрынхан, уран бүтээлчид, зөвлөлийнхөн ч бүрэн итгэсэн юм. Жүжиг үзэгчдийн хүртээл болтлоо хичнээн олон хүний хүч хөдөлмөр шингэж, цаг хугацаа, саад бэрхшээл туулдгийг хүмүүс төдийлөн мэдэхгүй. Тэр дундаа ахмад, дунд, залуу үе, оюутнууд нэгдсэн 70 гаруй уран бүтээлчдийн ансамбль, гэрэл, тайз, маркетинг гээд арын албаны өргөн бүрэлдэхүүнтэй том бүтээлийн ард юу эс өрнөх...
Найруулагчийн онож харсан гол дүрийн нэгэн жүжигчин театраас гарсан, гэрлийн төхөөрөмж хэдэнтээ шатсан, халаалтгүй хүйтэн, ханиад томуу элбэг, жүжигчдийн эрүүл мэнд барагтай, үүр цайтал ажилласаар байсныг тэд үнэндээ тоодоггүй юм билээ. Харин театр нээгдэхгүй, уран бүтээлээ үзэгчдэд хүргэхгүй удсандаа л шаналж, тэсэж ядан хүлээсэн. Бэлдсээр, сайжруулсаар, дахин хянаж, нягталсаар...
Эрх чөлөө ба эсрэг биш эсрэг
2020 оны аравдугаар сарын 3.
УДЭТ. Хонх гурвантаа цохиж, хөшиг нээгдлээ. Цар тахлыг давж, цаг улирлыг тоолсоор, “илүү тээлттэй” Анна ингэж Монголд мэндлэв.
Энэ жүжгийн дүрүүд, үзэл санаа, тавилт ч, тайз ч үзэгчдэд бодол төсөөллийн эрх чөлөөг олгосон, нэг асуултад олон хариулт өгч болохоор ухаалаг бас сонин. Гол дүрээ хоёр, гурав, магадгүй түүнээс олон Аннагаар илэрхийлсэн нь бодитой бас хийсвэр, үзэгдэх ба үл үзэгдэх, хуучин бас шинэ.
*Алексей Александровичийн эхнэр, Серёжа хүүгийн ээж Анна Аркадьевна.
*Хайр дурлалын өмнө нүцгэрч, Вронскийн “бийрээр” дахин төрсөн шинэ бүсгүй.
*Алексей Крыловичид ухаангүй дурлаж, охин төрүүлсэн ээж.
*Төрөх, үхэх зэрэгцэн хаалга тогшиход, гэмшил уучлал эрэн, хоёр эрийн дунд “цовдлогдсон” үйлийн үр.
*Баталгаагүй гэр бүлд төрсөн, ирээдүй нь бүрхэг бяцхан Анна. Хэдийгээр жүжигт биеэр харуулаагүй ч, үйл явдлын нэгэн гогцоо, аврал бас дөнгө мэт хамгийн гунигтай дүр.
*Эмэгтэйчүүдийн эрх чөлөө, сонголтын төлөө, хүчирхийлэл гадуурхалд цэг тавихыг хүссэн тэмцэгч.
*Дотоод хүн буюу хувь заяа хэмээгч Анна. Энэ дүрийг толины тусгал, хүсэл, хойд нас, тэнгэр элч, бүр хорон санаа гэж ч харж болохоор.
Тайзан дээрх гурван Алексей зургаа болоод төсөөлөлд тань хөлхөж байж ч мэднэ. Нэг хүнээр илэрхийлсэн энэ дүрүүд үзэл санааны улаан шугамыг тодотгож, олон ургальч сэдлээр тунгаан шигшихэд чиглүүлжээ.
Энэ жүжгийг үзсэн хэн бүхэнд сонирхон сонжсон, өлгөж цохсон, ухаж түншсэн, ухаарч ойлгохын төлөөх асуулт, хариулт байгаа бол зорилгын сум чухам байгаа оносон гэлтэй.
Хар хүрэм, тортой хар малгай духдуулсан ихэмсэг Анна, цав цагаан даашинзтай гэнэхэн Анна, олны дунд онцгойрон бүжих, тас хар хун мэт гоо Анна... Наранбаатарын хоёр өнгө, эсрэг биш эсрэгийн хослол энэ бүтээлд илтэд шингэжээ. Хайр харуусал, үнэн худал, бурхан чөтгөр, сүнс махан бие, цас бороо, өдөр шөнө, төрөх үхэх...Эхлэлээс төгсгөл хүртэл таныг дүүжин савлуурт “тарчлаана”. Жүжгийн дараа ч тархи, зүрх хоёр чинь зөрж лугшиж мэднэ. Нэг нь үгүй бол нөгөө нь үл орших эсрэг тэсрэг, хоёр тал, хос нэгдэл, арга билгээр хоймсуулан сүлжсэн найруулагчийн ур энд буй.
Тайзнаас бүх зүйлийг бодитоор харуулж, гарцаагүй хариулт өгөхөөс татгалзаж, хүмүүст өөрийнхөөрөө дүгнэх эрх олгохын сацуу мөн үүрэг хүлээлгэж чаджээ. Нийгэм, цаг үе ч биднээс сонголт шийдвэртээ хариуцлагатай, үнэнч байхыг шаардаж байгаа билээ.
Найруулагчдын сонгодог хүүхнүүд
Бүсгүй ертөнц гэдэг урлагийн халуун сэдэв. Театр, тайз гоо үзэсгэлэнгээр гэрэлтэж, үзэгчид харж таашаахуйн хүслээр зорин, догдлон ирдэг. Олон давхар оньсон цоожтой “бүсгүй гэр” ур эв, ов ухаан, омголон бадрангуйд нээгддэг. Үе үеийн найруулагчдын бүтээхийн шунал, бардам зан, хүсэл аазгайг хөдөлгөж байдаг нууцлаг бөгөөд сонгодог хүүхнүүдийг тэд өөрийнхөөрөө урласан байдаг. Түүх сөхье.
1984 он.
Дэлхийн олон оронд 150 шахам жил үзэгчдийн оюуны соёлыг арвижуулсаар ирсэн Норвегийн зохиолч Г.Ибсений “Нора” жүжгийг найруулагч Г.Доржсамбуу өвөрмөцөөр тавьж, Монголын театрын урлагт сонгодог жүжгийн шинэ арга дэгийг бий болгожээ. Жүжиг эхлэхэд Нора жижигхэн гурвалжин дотроос гарч ирдэг. Тайзаар тусгаарлагдсан жүжигчний тоглолтыг үзэгчдэд ойртуулж, “хана нураах” шинэ төлөв хандлагыг ийн эхлүүлсэн.

“Бид гэрлээд найман жил болсон ч анх удаа чин сэтгэлээсээ ярилцах гэж байна. Чи намайг хайрладаггүй. Бүх зүйлийг өөрийнхөөрөө л хийдэг. Би чамайг ердөө л хөгжөөх үүрэгтэй” гэж Нора нөхөртөө хэлдэг. Үйл явдал өрнөсөөр тайлал нь гэрээсээ явахаар шийдэж буй бүсгүйн тэсрэлт байв. Жүжгийн тайз, орчны шилжилт, эргэлдэх шооны шийдлүүд нь найруулагч, зураач хоёрын /Г.Доржсамбуу, Б.Төмөрхуяг/ эвсэг хамтрал, “өгч авах” мэдрэмжээр амилан босжээ. Норагийн дүрийг бүтээсэн Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд “Би Норад тоглосноор амьдралын хийгээд мэргэжлийн ур чадварын бас нэгэн их сургууль төгссөн. Жүжиг тухайн үедээ дуулиан тарьж, эрэлт хэрэгцээт бүтээл болсон юм” хэмээжээ.
2020 он.
Л.Н.Толстой “Анна Каренина”-гаа мөн өдгөөгөөс 150 жилийн тэртээ зохиосон бөгөөд найруулагч Н.Наранбаатарын бодит ахуйгаас хийсвэр сэтгэхүйд шилжсэн, шинэ сонин арга барилаар амилан жүжиг болов. Үндсэн чигийг орчин цагийн сэтгэл зүйн драм руу татаж, шилжилт хийсэн гэж болохоор.
Жүжиг эхлэхэд дөрвөлжин толины өмнө хоёр Анна зогсоно. Үзэгчдийг толины тусгалаас өөрийгөө олж хараасай гэж хүссэн мэт. Гэрлээд мөн л найман жил болж байгаа Анна, Долли нарын зовлон, тэвчиж тэсэж өнгөрүүлсэн амьдрал. Нийгэм, хууль, зэрэг зиндаа, ёс суртахуун гэх нөмрөг доорх хүлээс гинж, эрхээ эдэлж, хүслээ биелүүлэх төлөөс, чөлөөлөгдөхүйн золиос. Энэ бол бүсгүйчүүд бидний төлөө дуугарсан уран бүтээлчийн эмзэглэл. Маш цомхон минимал тайзанд хөшиг, гэрэл, хаалга, цаг, хөрөг зураг өөрийн орон зайндаа. Нүсэр эд хэрэгсэлгүй, амьд тайз буюу хүнээр илэрхийлсэн зоригтой өөрчлөлт, өнгөний тоглолт, гэрэл сүүдрийн тусгал найруулагч, зураач хоёрын /Н.Наранбаатар, Т.Ганхуяг/ ур, санаа нийлсэн шинэ туршилт мөн.

1984 ба 2020. 36 жилийн дараах жирийн бус давхцал. Нэг нутаг усаар овоглодог, эрдмийн театрын өв залгамжлагчдад үргэлжлэх холбоо, үелзэл хэмнэлийн огтлолцол, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран нэг дуудлага, нэг хараа байх шиг санагдана. Энэ тухай театрынхан ч ярьдаг, Наранбаатар ч үгүйсгэдэггүй билээ. Аннагийн дүрийг бүтээсэн СТА Н.Баярмаагийн театрт бүтээсэн анхны дүр нь шинэчлэн тавьсан “Нора” жүжгийн гол дүр байсанд одоо гайхах зүйл алга. Бас Сувд багшдаа /анхны Нора/ нууцлаг гол дүрээ зориулан өгсөн найруулагчийн өглөгт талархаж байна. Доржсамбуу найруулагч Нораг “Хүүхэлдэйн байшин”-д хорихыг хүсээгүй шиг, Наранбаатар найруулагч Аннаг үхлээс аварчээ. Тэд эмэгтэй хүнийг хайрлаж, өмөөрч чанга дуугарчээ.
Наранбаатарын өрөг
2020 оны аравдугаар сарын 31.
УДЭТ-ын уран бүтээлчид “Анна Каренина” жүжгээ сарын турш 28 удаа тоглож, 160 мянга гаруй үзэгчдэд хүргэлээ. “Энд одоо, өнөөдөр үзэгчдийн амталж байгаа сэтгэл хөдлөлийг өөр юугаар ч сольж орлуулах арга байхгүй” хэмээн аугаа К.С.Станиславский дуу алдсан. Нээрээ л, юугаар, яаж орлуулах вэ дээ? Баганат байшингийн шатаар өгсөж, том хүнд хаалгаар ороод л өөр ертөнцөд ирсэн мэт. Улаан сандал, улаан хөшиг, удаан хүнгэнэх хонхны цуурай. Би театрт жүжиг үзэж байна...
*Алдаа онооны хос зам өмнө дурайж, сануулга мэт галт тэрэгний дохио чихэнд хадаж, ариулах мэт цагаахан цас бударч, амьдралыг таллан хуваах мэт “агааран хана” зааглана /хар, цагаан хөшиг, хиймэл цас, гэрэл, шум, хөгжим/
*Стивагийн овжин заль мэх, тогтворгүй байдал, Левиний өөртөө итгэлгүй зан, нийгэмтэй зөрчилдөх байдлыг эсрэгцүүлэн, хошин байдлаар үзүүлсэн нь энэ хүнд жүжгийн салхивч мэт /хувцас, биеийн хэл, дуу хоолойны өнгө, хөдөлгөөн, шум, гэрэл, жижиг хэрэглэл/
*Аннаг өөр эртэй дотно байгааг харсан Каренин эхнэрээ бүжгэнд урих боловч, зүрхний хэмнэл, сэтгэлийн долгион эвлэхгүй, цааш ганцаар бүжиглэнэ /харц, нүүрний хувирал, хөдөлгөөн, хөгжим, гэрэл/
*Морин тойруулга, уралдааны талбар. Морь-хүүхэн, эрчүүдийн зугаа, хүн-мал, нийгмийн гажуудал /хувцас, хөлийн товшилт, авиа аялга, арын сүүдэр ший/
*Анна, Доли, Кити. Агуулгын гурван салаа, гурван дүрийн амьдрал ба хувь заяаны өгүүлэмж /шар, цагаан, улаан жаазнууд, гурван сандал, хөдөлгөөн, зургаан үг, хөгжим/
Театрын бүтээл хөгжим, хөдөлгөөн, гэрлээр нүд чихний баясгаланд хөтөлдөг. “Анна Каренина” жүжигт эдгээр нэгдлүүд хоршин найрч, нэгэн цул болжээ. Тайз, техник орчин үеийн шаардлагаас хоцрогдсон, шинэчлэх шаардлагатай байгаа. Мэргэжлийн ажилчид хүрэлцээгүй, гэрэлтүүлэгт л гэхэд зургаан хүн “дөрвөн мөчөөрөө” ажиллаад ч цөөддөг.
“Жүжгийн 70 гаруй хувьд массын хөдөлгөөн зонхилж, утга хөдөлгөөний солбицол неоклассик бүжгийн төрөл ба биомеханикийг хослуулсан” гэж бүжиг, хөдөлгөөний найруулагч Д.Энхбаатар онцолсон. Дэлхийн хүмүүс ойлгох глобаль хөгжмийг голчлон 20 гаруй хөгжим бичиж, даяараа мэдэх шилмэл танил аялгуунаас ашигласан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын шийдэл ч зөвхөн Монголдоо бус, Орос болоод дэлхийн тайзнаа тэмүүлэх найруулагчийн том зорилгод нийцэж байна. Жүжигт нийгмийн тусгал, орчин цагийн шинэ хандлага, бэлгэдэл ба ёр цээр, уламжлалт сэтгэлгээ, шашин, гүн ухааны ойлголтууд ч багтсан.
Бурхан хүнийг гайхамшигтай бөгөөд аймшигтайгаар бүтээжээ. Аймшигтай байдгийн үр нь муу үг ба бодол. /Аннаг хүмүүс хорт хэлээрээ сүлбэсэн/
Гайхамшигтай байдгийн учир нь хайр. Хүн насан туршдаа Бурхан ба хайрыг тус тусад нь эрж хайдаг. Угтаа Бурхан бол хайр гэдгийг эрт ухаарч, эрлээ нэгтгэвэл амьдрал үл дуусах ч юм бил үү? Бүгд гэм зэмтэй ч хайр түүнийг далдалдаг. /Анна хайраар зөвтгөгдөнө/

Хайр бол мөнхийн дуудлага, хүмүүний дэнс. Энэ дэнсэнд та бид тэнцэх эсэхээ одоо нэг шалгахад гэмгүй.
Тайзыг шатрын хөлөг гэвэл найруулагч бидэнтэй “зэрэг тоглолт” хийлээ. Түүний нүүдлийг бид өөр өөрийнхөөрөө төсөөлж байсан. Тэр “мастер тоглогч” гэдгээ дахин батлав. Тулааны талбарт олон дайсан байлаа ч, өөрийгөө ялах нь хамгийн том ялалт. Өөрчлөгдсөн, шинэ Наранбаатарыг бүтээнэ гэдэг бас эрсдэлтэй. Чансаатай шатарчин өрсөлдөгчөө хөгжүүлж байдгийн адил чанартай уран бүтээлээр үзэгчдийн ухаан сэтгэхүйг тэлэх нь найруулагчийн үүрэг гэдгийг тэр эрт ухаарсан. Гурван цагийн өрөгт Наранбаатар биднийг алсын хараатай, уран нүүдлүүддээ уяж хожлоо. “Санасандаа хүрч чадав уу?” гэхэд “70 хувь” гэж хариулсан. Тэр хийсэндээ ханаж бардсангүй.
2020 оны арван нэгдүгээр сарын 12.
Монгол улсын мэргэжлийн театрын урлагийн эх үүсгэл Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ 89 жилээ угтаж байна. Ачаагаа дэнхийтэл үүрсээр эрдмийн театр оршин байна. Алга ташилт, атаа бартаа дундуур Наранбаатар найруулагч бүтээсээр явна.
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Үзэл бодол
Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.
Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

