Улстөр нийгэм
Хувийн тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

Өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй.
Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна. Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчдын 10-15 хувь нь ажлын байрандаа ажиллах хязгаар тогтоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг цахимаар ажлаа явуулах шаардлага тавьж эхэллээ.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл өнөөдөр хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгалаа. "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилладаг нэг хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарлаж ойрын болон дам хавьтлыг тогтоож эхэлсэн байна. Шинжилгээний эцсийн хариу маргааш гарна. Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй шийдвэр хэвээр байна.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2020/01/10
Иргэн Б.Болороогийн нөхөр нас барсан хэргийн давтан шинжилгээний дүгнэлт гарсан ...
-
Шударга мэдээ2021/03/27
СКАЙтел ХХК “100 бэлэг авах 100 хэрэглэгч”-ийг тодруулна
-
Цаг үе2021/11/18
Берлин дэх Монгол нутагтаа хийж буй уулзалт
-
Цаг үе2023/02/08
Та тээврийн хэрэгслийн хасалт хийлгэх бол...