Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Ковид-19 халдварын тандалтын судалгааг өргөжүүлнэ

Огноо:

,

Өчигдөр орой Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймгийн шуурхай штабын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ. Уг хуралд Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, тархвар судлаач, мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул, Сайдын зөвлөх О.Чимэдсүрэн нар оролцлоо.
 
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил тус аймаг дахь халдварын тархалтын төлөв, хэрэгжүүлж буй арга хэмжээ, зарим тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Тус аймагт энэ сарын 09-ний өдөр 3 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 207 (Сүхбаатар сум-202, Мандал сум-3, Алтанбулаг сум-2) байгаагаас дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж, 40-49 насанд өвчлөл хамгийн өндөр байна. Ойрын хавьтлын 1216, хүнийг илрүүлж, тусгаарлалт, хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар суманд 17,927, бусад сумдад 12,382, нийт 30,309 иргэн хамрагдаад байна.
 
Хурлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бүртгэгдсэн тохиолдлын тоо 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш бага зэрэг буурах хандлага байсан хэдий ч 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш дахин нэмэгдэх төлөв харагдаж байна. Халдвар тархалтын динамик, шалтгаант загварын тооцооллоор 12 дугаар сарын сүүлээр нууц үедээ буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс улбаалан 2021 оны 2 дугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна. Өөрөөр хэлбэл халдварын дэгдэлтийн 2 дахь давалгаа эхлэх магадлалтай байна.
 
Иймд Сүхбаатар сумын төвийн 5200 өрх бүрээс нэг иргэнийг ПГУ-ын шинжилгээнд хамруулан тандалт хийх, нөгөө талаар хүн амын дунд халдвар тархан эдгэрсэн эсэхийг тодруулахын тулд серо-эпидемиологийн судалгаа хийнэ” гэлээ. Аймгийн онцгой комисс уг саналыг дэмжин ойрын өдрүүдэд бэлтгэл хангах, Улаанбаатараас сорьц цуглуулах шинжилгээний баг нэмэлтээр орон нутагт ажиллах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Төрийн банк Ногоон харилцах дансны үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ

Огноо:

,

Төрийн банк тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, ногоон эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Ногоон харилцах дансны үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.

Ногоон харилцах данс нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжигч иргэн, аж ахуйн нэгжид зориулсан харилцах данс бөгөөд харилцагч өдөр тутмын төлбөр тооцоо хийх, банкнаас санал болгож буй цахим үйлчилгээнд хамрагдах зэргээр тус дансаа ашиглах боломжтой.

Мөн Ногоон харилцах данс шинээр нээлгэж, зургаан сараас доошгүй хугацаанд ашигласан тохиолдолд бичил бизнесийн зээл, эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, ПОС-ын орлого барьцаалсан зээл, тэтгэврийн бизнесийн зээл, өрхийн бизнесийн зээл, гарааны бизнесийн зээл зэрэг бизнесийн зээлийг тогтоосон интервалын доод хүүгээр авах боломжтойгоороо давуу талтай.

Түүнчлэн харилцагч таны харилцах дансны сарын дундаж үлдэгдлийн 10.0 сая төгрөг тутамд нэг мод тарих нийгмийн хариуцлагыг банкны зүгээс хэрэгжүүлэх бөгөөд тарьсан модны тоо болон байгаль орчинд үзүүлсэн нөлөөг ил тод тайлан хэлбэрээр хүлээн авч, хүрээлэн буй орчиндоо эерэг өөрчлөлт түүчээлэх “ногоон” тэмүүллийг тань алдаршуулах болно.

Харилцагч та банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл өөрт ойр байрлах Төрийн банкны салбар нэгжид хандаж Ногоон харилцах данс нээлгээрэй. Ногоон харилцах данс шинээр нээлгэхэд Дансны тусгай дугаарын үйлчилгээнд хураамжгүйгээр хамрагдаж, цээжлэхэд хялбар алтан, мөнгөн дугаарлалтаар дансаа нээлгэх боломжтой.  

Итгэл төгс – Ногоон ирээдүй

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ЗГ: Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж, Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахална.

Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.

Сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөөс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна.

Ганц хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Иймд бусад улс орны жишгийн дагуу Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, хуулийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-нд Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2025 оны долоодугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, говийн бүс нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.


2025 оны долоодугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох