Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээтэй төлбөрийг л төр даана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр боллоо. 

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой "Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам"-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө. Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна. Жишээлбэл өнгөрсөн жилийн 12 дугаар сард цахилгаан, эсвэл дулаандаа 30 мянган төгрөг төлж байсан хэрэглэгчийн төлбөр энэ 12 дугаар сард 40 мянган төгрөг гарвал 10 мянган төгрөгөө өөрөө төлнө гэсэн үг юм.

Төлбөрийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэн тухай сайд Н.Тавинбэх хэлэв. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэглээ 1308 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 200 МВт-аар,  шийдвэр гарахын өмнөх өдрөөс 108 МВт-аар нэмэгджээ. Ачаалал урьдчилан тооцоолж байснаас өндөр, ялангуяа 17.00-21.00 цагт нийт ачааллын 94 хувь нь гэр хороололд, зургаан хувь нь орон сууцанд ногдож байгаа учир аж ахуйн нэгжүүд дээрх цагт хэрэглээгээ 20 хүртэл хувиар бууруулах, айл өрх цахилгаан халаагуур ашиглахгүй байхыг журамд тусгажээ. Хэрэглэгчид стандартын шаардлага болон галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах ёстой юм байна.  

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэгүй өвс өгнө

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймаг болон Улаанбаатар хотод Улсын нөөцөөс үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ.  Нийт 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3,800 тн өвс, 1,900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Дээрх аймгуудын 72 суманд зуд болох эрсдэл хамгийн их байгаа бөгөөд 45 орчим мянган өрхийн 18,5 сая мал өвөлжихөөс 8,000 өрх, 4,3 сая мал оторлож байна.

Гантай, гандуу байсан аймгуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүй, отор, нүүдэл хийж туйлдсан, өвс, тэжээлийн нөөц муу, үнэ өндөр байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлсэн гэж Улсын онцгой комисс үзжээ. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим сум, отрын малчдад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Ингэснээр 40 орчим мянган өрх буюу нэг өрх 300 орчим мянган төгрөгийн тэжээлийн тусламж авах юм. Засгийн газар өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлж өвс, тэжээлийн гаалийн болон НӨАТ-ыг тэглэсэн. Мөн дотоодод үйлдвэрлэж байгаа малын гаралтай өвс, тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн борлуулалтаас авдаг НӨАТ-ыг чөлөөлөх хууль батлуулан хэрэгжүүлж байна.

2021 оноос цэцэрлэгүүд дэргэдээ ясли ажиллуулна

2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрөв. Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм. Тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. 2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно.

Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ. 2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэнэ.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймгийн хоёр яслийн бүлэгт 130 хүүхэд байгаа бол Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн клиник сувилал /1,8 сартайгаас зургаа хүртэл насны, архаг, суурь өвчтэй хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, асрах, эмнэгийн үйлчилгээ үзүүлэх/ ажиллаж байна.  

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа

Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолжээ. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна. Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.   

Товч мэдээ

-       2020 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар хот хоорондын нийтийн тээврээр 50,258, хувийн автомашинаар 16,703, нисэх онгоцоор 1012, нийт 67,973 хүн Улаанбаатар хотоос гарсан байна. Энэ нь шинжилгээ өгсөн иргэдийн 57,7 хувь юм. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш орон нутгаас 9,640 хүн Улаанбаатар хотод иржээ.

-       Цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцийн жагсаалтыг батлав. Жагсаалтад мах, улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, хүнсний будаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, элсэн чихэр, давс, савласан ус, ариун цэврийн цаас, хүүхдийн сүүн тэжээл, живх, гадаргуу цэвэрлэх ариутгалын бодис, шүдний оо, шүдэнз, бүх төрлийн зай, цэнэглэгч, мал, амьтны тэжээл, өвс зэрэг 27 төрлийн бараа, бүтээгдэхүүн багтжээ. 

-        “Цэргийн төв эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк хооронд байгуулах Экспортын зээлийн гэрээний төслийг дэмжив. Төслийн хүрээнд дүрс, оношилгоо, ангиографи, зүрх, судасны эмчилгээний лаборатори, хэв авиан оношилгоо, дуран, ариутгал, мэс засал, эрчимт эмчилгээ, лаборатори, шүд, эрүү, нүүр, ерөнхий мэс засал, гэмтэл, бичил мэс заслын багаж, тоног төхөөрөмж суурилуулна. Найман сая еврогийн хүүгүй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 14 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил байх юм.

-       Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөх бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг баталлаа.

-       Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн дээд сургууль болгов. Сургууль нь уран зураг, зураасан зураг, уран баримал, хувцас дизайн, фото арт гэсэн үндсэн таван хөтөлбөрийн хүрээнд 14 мэргэжлээр сургалт явуулж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

ЗГ: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав. Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.

2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;

4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;

5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Душанбе” олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын Тэргүүн Шадар сайд Холикзода Хоким, тус улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү нар угтаж авлаа.

Энэ удаагийн айлчлал Төв Азийн улс орнууд, тэр дундаа Тажикстан Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргана.

Айлчлалын хүрээнд хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн тус улсын Мажлиси Намояндагон /Парламентын доод танхим/-ын даргыг хүлээн авч уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн нарын ивээл дор анхны бизнес форум болон соёл, урлагийн тоглолт болох юм. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсаас анх удаа Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Душанбе хотноо хүрэлцэн ирсэн даруйдаа Тажикийн түүх, соёлын бэлгэ тэмдэг болсон Исмоил Сомони-гийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Тажикийн төрт ёсны түүхэнд тод мөрөө үлдээсэн Саманидын анхны эмир Исмоил Сомони-г ард түмэн нь мөнхөд дээдэлдэг бөгөөд 13 метр өндөр хөшөөг нь бүтээж, IX-X зуунд Бухарт баригдсан Саманидын бунхны хуулбар бүхий музей байгуулжээ.

Хөшөөний хоёр талд байрлах хүрэл арслангууд нь улсын тогтвортой байдал, энх тайван, үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг. Тажикистан Улсад айлчилж байгаа төр, засгийн тэргүүн, хүндэт зочид тус улсын Төрийн ёслолын журмын дагуу хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 24-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох