Улстөр нийгэм
Ирэх лхагва гарагаас нийслэл хот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буцаж шилжинэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв.
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. 14 хоногийн хугацаанд:
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, такси
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх
- Банк
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Оршуулга
- Хүүхэд хамгаалал
- Төрийн захиргаа гэсэн салбарынхан хэвийн ажиллана.
Бусад салбар ажиллахгүй. Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллах юм. Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код олгоно.
Өмнө нь код авсан бол идэвхжүүлэх юм байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино. Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тухай ХХААХҮ-ийн сайд хэлэв. Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөх юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд халдвар нэмэгдсэн байна. Тухайлбал БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг дэх голомтоос үүссэн халдвараар сүүлийн хоёр хоногт 20-30 хүн өвчилж 62 болжээ. Халдвартай иргэд, тэдний гэр бүл болон ойрын, дам хавьталтай иргэд бусад дүүрэгт амьдардаг учир зөвхөн Баянзүрх дүүрэгт хөл хорио тогтоох боломжгүй гэж үзсэн байна. 14 хоногт хавьтлыг тогтоох, тусгаарлах, эмчлэх, тархалтыг хумихаар төлөвлөжээ. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан вакцин оруулж ирнэ гэж Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хэлэв. 2020 оны 12 дугаар сарын 21-ний 11.00 цагийн байдлаар 993 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 392 нь зөөвөрлөгдсөн, 601 нь дотоодын халдвар юм. Үүнээс:
- Улаанбаатарт 206
- Архангай аймагт 3
- Говьсүмбэр аймагт 4
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Орхон аймагт 25
- Сэлэнгэ аймагт 216
- Энхсаран тусгаарлалтын байранд 49
- ХӨСҮТ-д 17
- Цэргийн төв эмнэлэгт 4. Улсын хэмжээнд 41 тусгаарлах байранд Монгол Улсын 1,568, гадаадын найм, нийт 1,576 иргэн байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Халдвар гарсан бусад аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байна.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
