Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо Баянхутаг, Галшар суманд бямба гарагт очсон юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Хэнтий аймгийн сумдын түүхэн онцлогийг тусгасан олон бүтээн байгуулалтын ажлыг тойргийнхоо сум бүрт эхлүүлээд байгаа юм.
Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт барилгыг шинээр барих хүсэлтийг тус сумын иргэд гаргасны дагуу санхүүжилтыг 2018 оны улсын төсөвттусгуулсан бөгөөд ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан юм. Тус барилгын гүйцэтгэгчээр “Си Эйч Би Жи Констракшн” ХХК шалгарсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй, хэвийн явагдаж байгаа, төлөвлөгөөт хугацаандаа буюу ирэх 09 дүгээр сарын 01 гэхэд ашиглалтанд хүлээлгэж өгөх боломжтой талаар тус компанийн инженер А.Боргил танилцуулсан юм. Мөн тус сумын төвд шаардлагатай дэд бүтцийн шугам хоолойг шинээр тавихад шаардагдах санхүүжилт зэрэг хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Дараа нь тус сумын Сантийн хоолой буюу 3-р багийн төвд шинээр баригдсан Халхын сүүлчийн Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн хөшөөний нээлтэнд оролцсон юм. Энэхүү арга хэмжээнд Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн үр хүүхэд, ач гуч, нутгийн иргэд хүрэлцэн ирсэн бөгөөд цаашид Алтан ургийн сүүлчийн Сэцэн ханд зориулсан томоохон цогцолборыг байгуулах хүсэлтэй байгаагаа Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс хүссэн юм. Үр хүүхдүүдийнх нь хүсэлтийг дэмжиж байгаа бөгөөд түүхэн аялал жуулчлалын бүстэй хэрхэн холбох асуудлыг судалж үзэхээ илэрхийлсэн.
Дараа нь Галшар сумын Хужирт бригадын төвд Өвгөн ноён, Хардал жанжин бэйс М.Пүрэвжавын дурсгалын цогцолбор, аялал жуулчлалын төвийн шав тавих ёслолд оролцов. Мөн энд цогцолбор шинээр бйагуулахтай холбогдуулж 16,5 км-ийн урт 35/10/0.4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус бригад руу татах ажил дуусч, ашиглалтанд хүлээж авсан юм.Тус сумын харъяат Хасу мегават” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш энэхүү цогцолборын бүхий л ажилд гар бие оролцож байгаа юм. Түүний дэмжлэгтэйгээр энэхүү бригадыг түшиглэж бий болох цогцолборын цахилгааныг шийдсэн гэсэн үг. Мөн саяхан газрын гүнээс цэвэр ус гаргах ажил дууссан байна. Тэгэхээр цахилгаан, ундны усны асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг. Одоо Хужирт бригадын хуучирч, муудсан барилгыг сэргээж зочид буудал, рестораны зориулалтаар ашиглахаар засварын ажил хийгдэж байна.
Монгол морины удам угсааг хадгалан Галшар үүлдрийг үүсгэж, морины соёлыг үр хойчдоо өвлүүлэх түүхэн үүргийг гүйцэтгэсэн Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалд зориулсан энэхүү цогцолбороор дамжуулж Галшар сумыг, Галшар адууг түүхэн аялал жуулчлалтай холбож, Монгол моринысудалгааны гол төв болгохыг зорьж байна.

Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
