Цаг үе
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
2020 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 22-27 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Хангай нурууны өвөр бэл болон цас багатай газруудаар 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Цаг үе
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 18-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт. Шинэ Засгийн газрын эхний хуралдаанаар төрийн үрэлгэн зардлыг багасгах, төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг хэлэлцэж байна. Сайд нар салбарын төсөвтэйгээ танилцаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгоод энэ сарын 20-ны баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ.
Тус төслөөр,
Нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно. Ингэхдээ чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, удирдах, гүйцэтгэх ажилтны зохистой харьцааг хангах өөрчлөлтийг оруулж, багш, эмчээс бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар тооцлоо.
Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцжээ.
Төрийн албаны орон тоог цомхон болгохтой зэрэгцүүлэн төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновац бүрийг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлж, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг дордуулахгүй байх зарчим баримтална.
Төрийн байгууллагуудын тэргүүн дэд, дэд, орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ.
Төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцжээ.
Хоёрдугаарт, гэрээ байгуулагдаагүй төслүүдэд хуулиар заасны дагуу хэмнэлт хийнэ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд холбогдох хуулиудын хүрээнд гэрээ байгуулсан төслүүдийн санхүүжилтийг хөндөхгүй байх, худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон тендерийн хэмнэлтийг хэмнэх зарчмыг тус тус баримталж нийт 328.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцлоо.
Харин гадаад зээл, тусламжийн хувьд 2025 онд батлагдсан гадаад зээлийн ашиглалт 1.5 их наяд төгрөг, тусламжийн 417.0 тэрбум төгрөг, нийт 1.9 их наяд төгрөгийг бүрэн ашиглахаар хүлээгдэж буй тул төсвийн тодотголоор санхүүжилтийг өөрчлөхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн төслүүдийн гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн өндөр дүнтэй ашиглалт энэ онд хийгдэнэ.
Гуравдугаарт, төсвийн зардлыг нэмэгдүүлж буй салбарын хуулиудыг цэгцэлнэ.
Төсвийн тодотголд нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, бүх шатны боловсролын байгууллагын хоол, үдийн хоолны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний төлбөр, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардал зэрэг хууль, тогтоомжийн дагуу зайлшгүй санхүүжүүлэх зардлыг бууруулаагүй гэдгийг Сангийн сайд мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 932 хуулиас 208 хуулийн 1028 заалт нь ямар нэг байдлаар төсвийн зарлагыг нэмэгдүүлж, тодотголоор хэмнэх боломжгүй болгож байна. Иймд төсвийн урсгал зардлыг хумих, сахилга бат, хариуцлагын тогтолцоог чангатгахад салбарын зарим хуулийг хүчингүй болгох, өөрчлөн найруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг харгалзан холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг шинээр барьж байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, боловсролд хөрөнгө оруулахыг дэмжих бодлоготой уялдуулан анхаарч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дүгээр хэсэгт заасан татварын хөнгөлөлтөд өмчийн хэлбэр харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж шинээр барих үйл ажиллагааг нэмж тусгахаар хуулийн төсөл боловсрууллаа.
2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ.
-
Цаг үе2024/06/10
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
-
Улстөр нийгэм2022/05/20
Х.Баттулга Улсын Дээд Шүүхийн үйл ажиллагаанд хүчээр нөлөөлж байна
-
Үзэл бодол2021/10/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд...
-
Улстөр нийгэм2021/04/27
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв...