Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Огноо:

,

 Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 17 цаг 09 минутад 52.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт “Ерөнхий сайд огцрох хүсэлтээ гаргасанд харамсаж байна. Шинэ Үндсэн хуулийн түүхэнд анх удаа ийм тохиолдол гарч байна” хэмээн онцолсон. Ерөнхий сайдын огцрох саналыг хэлэлцэх  асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар тусгайлан зохицуулаагүй учраас уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасны дагуу хэлэлцэх горимын санал гаргав. Горимын энэ саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 55 нь 98.2 хувийн саналаар дэмжлээ.    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 99.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн огцрох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг дэмжсэн байна. 


    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын огцрох саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Г.Дамдинням, Ж.Сүхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Анхан, дунд шатанд иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг хүргэж буй албан хаагчдын ёс зүй, хандлага, хариуцлагын алдааг Ерөнхий сайд хүлээж, огцрох санал гаргаж буйд харамсаж байгаагаа гишүүд илэрхийлж байв. Төрийн ажил, алба бүр өндөр хариуцлагатай байдгийн илэрхийлэл, нэг албан хаагчийн ёс зүй, хандлага, ажлын гүйцэтгэл Засгийн газрын түвшинд ч нөлөө үзүүлдгийн бодит жишээ нь энэ тохиолдол гэдгийг гишүүд тэмдэглэж, цаашдаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд гаргах реформ хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. 
    Үүний зэрэгцээ ардчиллын чухал хэсэг болох олон нийтийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх үйл явцаас улс төрийн ашиг хонжоо олох зорилго, хандлага хэн нэгэнд байх ёсгүй гэдгийг хэлж байлаа.
    Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар “Улсын Их Хурал Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгээгүй, харин Ерөнхий сайд өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж байгааг анхаарах ёстой” хэмээн онцолж байв. Ерөнхий сайдын огцрох саналыг Улсын Их Хурал шийдвэрлэх ч Засгийн газрын бодлого, шийдвэр тогтвортой үргэлжилнэ гэдгийг тэрбээр тэмдэглэж хэлсэн. 


    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д “Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх, мэдээлэл хийх эрхтэй” хэмээн заасан байдаг. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн.


    Үргэлжлүүлэн тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан. 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ мэдэгдье” гэлээ.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлаа үргэлжлүүлэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын огцрох саналтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. 


    Ерөнхий сайд У.Хүрэлсүх шүүхийн шинэтгэл хийхэд улс төрийн манлайлал үзүүлж ажилласан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр тэмдэглэсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын асуултад Ерөнхий сайд хариулт өгөхдөө “Хоёр хоногийн өмнөх үйл явдал сэтгэл эмзэглэм байлаа. Цар тахалтай тэмцэх ажил бол санааны зоргоор, бүгдийн таалалд нийцүүлж хийх ажил биш. Ажил хийж байгаа хүнд алдаа оноо гардаг. Зөвхөн Монгол Улс биш, дэлхий даяараа цар тахлын өмнө хөл алдаж байна. Цар тахлын эсрэг хийж буй тэмцлийн явцад хүний эрхийн зөрчлүүд гарсан. Гэхдээ энэ нь Улсын онцгой комисс болон бүх шатанд ажил хариуцан ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш, гэр бүл, хувийн амьдралаа мартаад, хэдэн арван хоногоор өвчтөнүүдээ эмчилж, өөрөө өвчин тусаж, нийтийн дэг журмыг сахиулахаар ажиллаж байгаа хүмүүст бид баярлах ёстой. Монгол төрд тангараг өргөсөн 190 гаруй мянган төрийн албан хаагчийн буруу гэж би хэлэхгүй. Уулын мод урттай богинотой байдгийг адилаар улсын ажлыг сэтгэлтэй, сэтгэлгүй хүмүүс хийж байна. Төрийн ажил хариуцлагатай, сахилга баттай, дэг журамтай байх ёстой. Төрийн үйлчилгээний анхна шатны нэгжийн албан хаагчийн алдаа Засгийн тэргүүний огцрох шалтгаан байж болохыг төрийн албан хаагч нэг бүр мэдээсэй гэж хүсч байна. Ерөнхий сайдын хувиар хариуцлага хүлээж байгаа минь хаа хаанаа өндөр хариуцлагатай байх ёстойг мянга мянган төрийн албан хаагчдад ойлгуулна гэж найдаж байна. Шат шатны дарга нар хариуцсан ажлаа хийж чадахгүй бол, алдаа дутагдал гаргах юм бол хариуцлагаа үүрсэн шиг үүрээрэй гэдгийг энэ үйлдлээрээ сануулж байна” гэв.


    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, С.Амарсайхан, Х.Булгантуяа, С.Одонтуяа, С.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Н.Ганибал, С.Батболд, Х.Ганхуяг, Х.Болорчулуун, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Н.Ганибал нар үг хэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын огцрох саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.


    Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд огцорсноор Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гарна гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн. Дэлхийг хамарсан цар тахлын улмаас онцгой дэглэм мөрдөж, хөл хорио тогтоох зэрэг амаргүй шийдвэр гаргасан цаг үед бид ажиллаж амьдарч байна. Цар тахлын халдвараас иргэдээ, нөлөөллөөс нь улс орны эдийн засгаа хамгаалах, гарз хохирол багатай туулах чиглэлээр Монгол Улсын төр засаг, Улсын онцгой комисс, нийт ард түмэн хичээн ажиллаж байгааг дурдав. Гэвч төрийн зарим албан хаагч нөхцөл байдлыг буруу үнэлж, эрсдэлийг өөрөөсөө зайлуулах гэсэн явцуу сэтгэлгээ, хандлагаар хүний эрхийг ноцтой зөрчсөн нь Ерөнхий сайд, Засгийн газар огцрох үндэслэл, шалтгаан болж байгааг тэрбээр хэлсэн.
    Дээрх шиг хүний эрхийг зөрчдөг байдал төрийн албанд дахин гарах ёсгүй гэдгийг онцоллоо. Хүний эрхийг зөрчих, төрийн албан хаагчийн ёс зүйгээ умартах, сахилга, хариуцлагыг хөсөрдүүлэх үйл явдалтай цаашид ч тэмцэх үлгэр дуурайллыг энэ тохиолдол үзүүлж байна хэмээн үзэж байгаагаа Г.Занданшатар дарга хэлж байв. Төрийн албан хаагч ёс зүйг эрхэмлэх нь хуулиар хүлээсэн журамт үүрэг мөн бөгөөд шударга ёс, сахилга хариуцлагыг дээдлэх нь төрт ёсны амин чухал шаардлага гэдгийг сануулсан. Иймээс ч төрийн албан хаагчдын гаргасан алдаа, зөрчлийн хариуцлагыг төр өөртөө үүрч, ёс зүй, хариуцлагын шинэ жишиг тогтоох Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн манлайлал, улс төрийн эр зориг, байр суурийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэв.


    Тэрбээр "Ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэх нь төрийн бүх шатны байгууллага, төрийн нэрийн өмнөөс иргэдэд үйлчилж байгаа төрийн албан хаагч бүрийн үйл ажиллагаанд жишиг болж тогтох ёстой. Улсын Их Хурлын гишүүд ч энэ үлгэр дуурайллаас жишиг авах ёстой. Цар тахлын энэ цаг үед монгол хүн бүр улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг тэргүүнд тавьж, хэцүү цаг үеийг хамтын хүчээр даван туулах, нэг зорилгын дор хүчээ нэгтгэн, нягтарч, эвийг эрхэмлэх нь туйлаас чухал байгааг онцлон тэмдэглэж байна.
    Иймээс улс орон, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалан дуудах, түүнийг зохион байгуулахыг оролдох аливаа үйлдэл нь Үндсэн хуульт байгууллын эсрэг, Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн үзэх болно гэдгийг цохон тэмдэглэж байна. Ийм үйлдлээс урьдчилан сэргийлэх, аливаа санаархал, илэрлийг таслан зогсоох нь Монгол төрийн, тухайлбал төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын үүрэг гэж үзэж байна. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаалж, төр засгийн тогтвортой байдлыг хангах нь ард түмний амин чухал эрх ашиг, нийт ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн болох Улсын Их Хурлын нэн тэргүүний үүрэг юм. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд огцорсноор Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэх учиргүй. Улс төрд ч, нийгэмд ч, эдийн засагт ч хямрал үүсгэхгүйн төлөө түмнээ төлөөлсөн парламент сонор сэрэмжтэй, шуурхай ажиллах шаардлагатай. Төрийн ажил нэг өдөр ч алдагдах учиргүй. Ийм учраас Засгийн газрыг эмхлэн байгуулах ажлыг маш шуурхай шийдвэрлэх асуудлыг бүх шатандаа онцгой анхаарч, цар тахлын нөхцөл байдлын онцлогийг тооцох ёстой.


    Энэ Засгийн газар, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх муу ажилласан гэж Улсын Их Хурал, монголын ард түмэн үзэхгүй байгаа. Ард түмний дийлэнх олонх итгэл хүлээлгэж, түүнийг нь биелүүлэхээр хичээн ажилласан. Цар тахлын аюулаас хамгаалах ажлыг тууштай зохион байгуулж, бүтэн 10 сар халдварыг нэвтрүүлэхгүй, тогтоон барьж чадсан. Эдийн засаг, иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах олон чухал шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн. Агаарын бохирдлыг хэрхэн шийдсэн гэдгээс эхлэн томоохон бүтээн байгуулалтуудын явцаас ард түмэн харж, дүгнэж, мэдэрч байгаа.  
    Шударга ёсыг бэхжүүлэх, улсаа хөгжүүлэх, шийдлээ хүлээсэн олон чухал арга хэмжээг зоримог, зоригтой хэрэгжүүлсэн. Үлгэрлэн манлайлж, томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлсэн нь бодит үнэн. Монголын төлөө, ирээдүйн төлөө хийж ирсэн энэ бүх ажил цаашид үргэлжлэх учиртай. Энэ бол Монгол Улсын эрх ашиг, нийт ард түмний эрх ашигт нийцнэ гэв.


    Тэрбээр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлэхийн ялдамд шударга ёсыг бэхжүүлэх тэмцэл, улсаа мандуулах эрхэм зорилгынхоо төлөө тууштай зүтгэхийг хүслээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнд багтаж, чин сэтгэлээсээ зүтгэл гарган ажилласан Засгийн газрын гишүүн, сайд нарт талархал илэрхийлсэн юм. Шинэ Засгийн газрыг яаралтай байгуулах улс төрийн шийдвэрийг хугацаа алдалгүй шуурхай гаргаж, шийдвэрлэхийг МАН, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, Улсын Их Хурлын нийт гишүүдэд санууллаа. 


    Ийнхүү Ерөнхий сайд огцрох саналыг хэлэлцсэний дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжлээ. Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж танилцууллаа.


    Тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг даалгасан юм.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.

Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.

Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтоо толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.

Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.

Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.

Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/04/17

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ2026/04/17

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе2026/04/17

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе2026/04/17

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ2026/04/17

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе2026/04/17

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм2026/04/17

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох