Улстөр нийгэм
Хуулийн нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулав.
2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар, 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн, 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.
Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг нэгтгэж, анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хороо төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 23, найруулгын шинжтэй 3 санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Ажлын хэсгээс бэлтгэсэн “гадаад улсаас нутаг буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах. Тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулна.” гэсэн саналыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Түүнчлэн төслийн хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн байна.
УИХ-ын гишүүн П.Анужингийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв.
Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд “7.1.36 цар тахлын үед амь нас эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, эмч, эмнэлэгийн ажилтныг эрүүл мэнд амь насны даатгалд тэргүүн ээлжид хамруулах;” гэсэн агуулгатай доор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлд “10.15.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах.” гэсэн агуулгатай 7 дахь заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 7.1.35 дахь заалт, мөн зүйлийн 4 дэх заалт, 5 дахь заалтын 9.20 дахь хэсэг, төслийн 1 дүгээр зүйлийн 16, 17, 18 дахь заалтыг тус тус хасахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дэмжээгүй “гадаад улсаас нутаг буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах. Тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулна” гэсэн агуулга бүхий 1 дэх заалтыг төслийн 3 дугаар зүйлд нэмэх саналыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүд шийдвэрлэсэн.
Ийнхүү анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороодод шилжүүллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Үзэл бодол2022/07/20
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн фронтод зүтгэсэн Та бүхэн бол э...
-
Цаг үе2020/05/08
Фронт Цэгмид гуайд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг гардуул...
-
Улстөр нийгэм2022/10/18
“Итгэл” төслийн хүрээнд иргэд сайн дураараа хорт зуршлаас татгалзах ...
-
Шударга мэдээ2024/03/25
Энэ онд Шархад дэд төвд 110 айлын орон сууц ашиглалтад орно