Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Б.Пүрэвдагва: "Алтан Сарнай" нийгмийн нөлөөллийн шилдэг төсөл шалгаруулна

Огноо:

,

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүр “Алтансарнай” наадмыг ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай. Хорин жилийн турш зохион байгуулагдаж байгаа “Алтансарнай” наадам тун удахгүй болох гэж байна. Энэ талаар бид Нийгмийн Ардчилал Монголын  залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Б.Пүрэвдагвагаас тодрууллаа.


-“Алтансарнай” наадам бол жил бүр болдог, шинэ жилийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг. Энэ удаа “Алтансарнай” наадмыг  шинэ жилээр бус сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулах гэж байгаа юм байна. Ямархуу байдлаар зохион байгуулах вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Манай Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо 1997 онд байгуулагдсан түүхтэй. Энэ байгууллага маань 2000 оноос эхлэн “Алтансарнай” наадмыг зохион байгуулж улс төр, урлаг спорт, эрүүл мэнд, сэтгүүл зүйн гэх мэт  салбар бүртээ онцгой амжилт гаргасан залуучуудыг шалгаруулж шагнал, цом гардуулдаг, хүмүүсийн хүсэн хүлээдэг, брэнд арга хэмжээ болж чадсан. Өнөөдөр “Алтансарнай” наадам 20 дахь жилийнхээ босгон дээр өөрийн өнгө төрхөө өөрчилж шинэчлэгдэж байна. Өөрөөрхэлбэл тус наадмын үеэр хэн нэг хувь хүнийг бус нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа шилдэг төслүүдийг шалгаруулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр Z үеийнхэн буюу бүхэл бүтэн шинэ үеийнхэн гарч ирж байна. Техник технологийн хөгжил, мэдээллийн хурдацтай байдал бидний амьдралын хэв маягийг бүхлээр нь өөрчилж эхэллээ. Үүнийг дагаад залуучуудын байгууллага маш мэдрэмтгий, хурдтай өөрчлөгдөх ёстой гэж үзсэн. Залуучуудын байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээ ч гэсэн илүү нийгэмдээ чиглэсэн, олныг хамарсан, удаан хугацааны үр өгөөжтэй байх учиртай гэж үзсэний үндсэн дээр “Алтансарнай” наадмын гол шалгуур үзүүлэлтүүдийг өөрчлөх шийдвэр гаргасан.

-Та сая  хэн нэг хувь хүнийг бус нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа шилдэг төслүүдийг шалгаруулна гэж ярьсан. Энэ талаар тодруулж өгөөч?

- Нэгдсэн Үндэстний байгууллагаас тодорхойлсон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, Монгол Улсын хөгжлийг тодорхойлж байгаа “Алсын хараа-2050” зорилтуудын биелэлтүүдийг дэмжихэд хувь нэмрээ оруулах, нийгмийн эерэг өөрчлөлтүүдийг дэмжих зорилгоор  боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хүртээмжтэй нийгэм, технологи инновацийг хөгжүүлэхэд чиглэсэн шилдэг  5 төслийг шалгаруулна.

-Цаашид “Алтансарнай” наадмын гол суурь үзүүлэлт нь нийгмийн эерэг нөлөөлөл гэдэг үг байх юм байна гэж ойлголоо. Гэхдээ энэ эерэг нөлөөллийг хэрхэн тооцож, үнэлж цэгнэх  вэ гэдэг асуудал маань бас маргаантай шүү дээ?

-Сүүлийн үед манай монголчууд хамтраад хандив мөнгө босгон, ядарсан, өвдөж зовсон нэгэндээ хувцас, гурил будаа өгдөг, зарим нь орон байрны асуудлыг нь хүртэл шийддэг болсон. Энэ бол сайн үйлс, нийгмийн хариуцлага юм. Харин эерэг нөлөөлөл гэдэг маань арай өөр ойлголт. Олон нийтийг хамарсан, тэднийг илүү эрч хүчтэй, илүү эрүүл саруул амьдрах, мэдлэг боловсрол олж авахад нөлөөлж чадсан төсөл хөтөлбөрүүдийг бид онцолж байгаа. Өнөөдөр дэлхийн улс орнууд нийгмийн хариуцлагаас нийгмийн дундын үнэ цэнийг бий болгох чиг хандлага руу чиглэж, нийгмийн эерэг өөрчлөлтүүдийг дэмжих зорилгоор сайн үйлсийн төсөл, хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлж байна. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны гишүүд ч энэ чиг хандлагыг даган хамтдаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хамтын үнэ цэнийг бүтээх зорилгыг удиртгал болгож нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн төсөл, иргэн, хуулийн этгээд, багийг шалгаруулан танилцуулдаг арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

-Боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, технологи инновацийн эерэг нөлөө үзүүлж байгаа шилдэг төслүүд бол ойлгомжтой. Харин хүртээмжтэй нийгмийн шилдэг төсөл гэхээр зарим хүнд жаахан ойлгомж муутай байна л даа?

-Хүртээмжтэй нийгмийн тухай асуудал НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилтод туссан асуудал. Дэлхий улс орнууд 2015 оноос хойш хүртээмжтэй нийгмийг бий болгох чиглэлээр маш их зүйл ярьж бас хийж байгаа. Хүний эрхийг хангахын тулд нийгэм хүн бүрт үйлчлэх, тэгш хандах, тэгш боломж олгох ёстой. Гэтэл бидний дунд хөгжлийн бэрхшээлтэй, сурах боломжгүй, алслагдсан суурин газарт амьдардаг, биднээс өөр амьдралын хэв маягтай янз бүрийн хүн амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яаж энгийн хүмүүстэй адилхан сурч боловсорч, эрүүл мэндийн үйлчилгээ авах вэ гэсэн асуулт тулгараад байна. Мөн газар зүйн байршлаас болоод тэгш үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдийн асуудал ч яригддаг. Жишээлбэл Увс аймгийн Баруунтуруун, Говь-Алтай аймгийн Чандмань сум,  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа гурван залууд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж, мэдээллийн хүртээмжтэй байдал харилцан адилгүй байгаа. Энэ ялгааг адил түвшинд авчрах төслүүд хэрэгжиж эхлээд байна. Хүн бүр тэгш эрхтэй байхын тулд хүртээмжтэй нийгмийг бид бий болгох ёстой. Хүртээмжтэй нийгэм бүрэлдэж байж хүнлэг ардчилсан иргэний нийгэм бүрдэж чадна. Тиймээс олон нийтэд хүртээмжтэй нийгэм гэж юу гэдгийг ойлгуулах, энэ төрлийн төслүүдийг бид дэмжих ёстой гэж үзэж энэ чиглэлийг төслийг шалгаруулахаар шийдвэрлэсэн.

-Одоогийн байдлаар нийт хичнээн төсөл ирээд байна вэ? Шагналын сангийн талаар тодруулж болох уу?

-Нийт 5 номинацид 15 төсөл ирээд байна. “Алтансарнай”  цомын төлөө өрсөлдөхөөр  төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын төсөл хөтөлбөрүүд, компани, хувь хүмүүс гээд янз бүрийн салбараас материалаа ирүүлж байгаа. Сонгон шалгаруулалтын дүнг бид хоёрдугаар сарын 5-ны өдөр олон нийтэд зарлана. Нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа энэ төслүүдийг дэмжих, урам зориг өгөх, цаашид илүү өргөжүүлэх зорилгоор бид шагналын санг өндөр байх ёстой гэж үзсэн. Нийт шагналын сан 150 сая төгрөг байгаа. Өөрөөрхэлбэл шалгарсан төсөл бүр 30 сая төгрөгийн шагнал авна. Шагнал гардуулах ёслол маань битүүний өдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр болох юм.

-150 сая төгрөг гэдэг их мөнгө. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа вэ?

-Үндэсний томоохон үйлдвэрлэгч, компаниуд  нийгмийн үнэ цэнийг бидэнтэй хамтран бүтээхээр ажиллаж байна. Энэ шагналын мөнгө бол хамтын үнэ цэнийн хүрээнд бий болж байгаа мөнгө.

-Ёслолын арга хэмжээг яаж зохион байгуулах вэ? Шүүгчийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс орж байгаа вэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан арга хэмжээгээ телевизүүдтэй хамтран зохион байгуулах гэж байна.  2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу битүүний орой 21 цагаас “Боловсрол суваг” телевизээр дамжуулан улс орон даяар энэхүү арга хэмжээг шууд дамжуулна. Шүүгчийн бүрэлдэхүүнд нийгмийн салбар бүрийн 15 хүнийг сонгож авсан. Энэ 15 хүн эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, сэтгүүл зүй, улс төр, шинжлэх ухаан гэх мэт 15 салбарыг төлөөлж байгаа.  Шүүгчдийн бүрэлдэхүүнд бусад улс төрийн намын төлөөллүүд хүртэл багтаж байгаа. Төслийг шалгаруулахдаа хэн нэг нөлөөтэй хүний үгэнд бусад шүүгч автах, бусад номинацид нэр дэвшиж байгаа төслүүдийг хооронд нь харьцуулах зэрэг сул тал гарахаас сэргийлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд орж байгаа хүмүүсийн нэрийг бид нууцалсан. Шүүгчид маань ч өөртэй нь хамт хэн энэ төслүүдийг шүүж байгааг мэдэхгүй байгаа. Мөн нэг шүүгч, нэг санал гэсэн журмаар шалгаруулалтыг явуулна. Бидний хамтын үнэ цэн маань хүмүүнлэг ардчилсан нийгмийг бүтээж чадна гэсэн зорилготойгоор энэхүү арга хэмжээг бид зохион байгуулж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд Алтансарнай наадам жилдээ  ганцхан удаа болдог, шилдэг төслийг шагнаад өнгөрдөг арга хэмжээ байхгүй. Хүртээмжтэй нийгэм, нийгмийн үнэ цэн, хамтын хүчийг сурталчилсан төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, залуучуудаа уриалж, тэдний идэвхи санаачлагыг өрнүүлсэн форум, уулзалт хэлэлцүүлгүүдийг шат дараатайгаар зохион байгуулж байх юм.

-Уучлаарай. Ярианыхаа төгсгөлд нэг зүйл тодруулья. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын бие тааруу, гадаадад эмчлүүлж байгаа. Биеийнх нь байдал хэр байгаа вэ?

-Манай Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учралын бие өвдөж эх орондоо эмчлүүлж байгаад гадаадад хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Хагалгаа амжилттай болж биеийн байдал нь өдрөөс өдөрт сайжирч байна. Бид Н.Учрал гишүүн болон түүний ар гэрийнхэнтэй байнга холбоотой байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ

Огноо:

,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болж, улсын төсвийн 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
 
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
 
Төслийн хүрээнд 5 блок бүхий цогцолбор эмнэлэг баригдаж байгаа бөгөөд А блокт амбулаторийн кабинетууд,
 
В блокт рентген, компьютер томографийн оношилгоо болон лабораторийн тасгууд,
 
С блокт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд,
 
D блокт хэвтэн эмчлүүлэх нэмэлт ор, тасгийн хэсэг,
 
Е блокт шарил хадгалах байр (морг) тус тус байрлахаар төлөвлөгджээ.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Өгөөмөр баян дэнж" ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү цогцолборыг 2026–2027 онд үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж байна.
 
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор оношилгоо, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж өргөжин, Булган аймгийн эрүүл мэндийн салбарын чадавх шинэ түвшинд хүрнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

2026.06.11 /Пүрэв гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
15
Хэлэлцэх асуудал: 15
 
  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  2. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  7. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  8. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  11. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  12. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  14. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  15. Бусад
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох