Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улс орнуудын сонин хачин хуулиудаас...

Огноо:

,

Хаана ч явсан инээх ёстой...

Италийн Милан хотод эмнэлэг болон оршуулах ёслолоос бусад газар үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулж явах ёстой гэсэн хууль үйлчилдэг ажээ. Энэ нь магадгүй Милан хот олон гайхалтай газруудтайгаас гадна, жуулчдын хамгийн ихээр очих дуртай хотуудын нэг байдагтай холбоотой биз ээ

Хааны ордонд амьсгал хурааж болохгүй...

"Westminster" ордон нь хааны гэр бүлийн өмч юм. Тэд тус ордонд хааны гэр бүлийн ёсоор амьдарч, тус ёсоор үхдэг байна. Мөн энэхүү ордонд амьсгал хурааж, амьдралаа цэглэх нь тэдний хувьд нэрийн төрийн хэрэг хэмээдэг билээ.  Харин "Westminster" ордонд хааны цусан төрлөөс өөр хүмүүс амьсгал хураахыг хориглодог бөгөөд хэрэв хэн нэгэн нас барвал "St. Thomas"-ийн эмнэлэг рүү хүргэж, тэнд нас барсан хэмээн тэмдэглэж үлдээдэг байна. 

Гахайндаа "Напалеон" гэж нэр өгч болохгүй...

Францын засгийн газраас гахайдаа агуу их удирдагч болох Наполеоны нэрийг өгч болохгүй гэсэн хатуу хуулийг гаргаж байжээ. Харин бидний сайн мэдэх амтат бялууг Наполеон гэж нэрлэхийг хориглодоггүй аж.

Сайхан биетэй бол нүцгэлж болно...

Италийн Тропеа гэх хотод наран шарлагийн газар нүцгэлэх тухай хачирхалтай хууль байдаг бөгөөд уг хуулинд "Хэрвээ тухайн эмэгтэй тарган, царай муутай бол олон хүн цуглардаг наран шарлагийн газар нүцгэлж болохгүй. Харин эсрэгээрээ гоолиг сайхан биетэйгээс гадна, гоо үзэсгэлэнтэй бол нүцгэлж болно." хэмээн заажээ. Энэ нь залуу эмэгтэй гоо сайхнаа бусдад үзүүлж байгаа хэрэг гэж үздэг байна. Тэгэхээр та уг хотод очиж, наран шарлагийн газар дээрх нүцгэн залуухан охидыг харж болох нь ээ.

Гал гарах үеэр юм идэж болохгүй...

АНУ-ын Чикаго хотод гал гарч буй барилга дотор ямар нэгэн байдлаар юм идэхийг хориглодог ажээ. Тэр тусмаа амттай пицца болон төрөл бүрийн амттан идэхийг зөвшөөрдөггүй юм. Харин энэхүү хуулийг хотын иргэд дуу нэгтэйгээр эсэргүүцдэг байна.

Үхэр маллавал татвар төлнө...

2008 оноос Эстонид үхэр маллахад татвар авдаг болсон бөгөөд энэ нь улс орны байгаль орчныг бохирдуулж байна гэж үзсэнтэй холбоотой юм. Эстонын засгийн газраас ард иргэддээ хандан үхэр нь агаарыг бохирдуулдаг "метан" гэх зүйлийг их хэмжээгээр ялгаруулдаг хэмээн хэлсэн байна. Сонирхолтой нь нохой болон муур тэжээхэд татвар авдаггүй ажээ.

Бохь зажилж болохгүй...

Сингапурт 2004 оноос хойш гудамжинд бохь зажлахыг хатуу хориглох болсон бөгөөд зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр эмчилгээний зориулалттай бохь зажилж болдог байна. Энэ нь хүмүүс гудамж талбайг бохирдуулдагтай холбоотойгоос гадна, зорчигчид метрогоор үйлчлүүлэхдээ хаалганд нь бохь ихээр нааж, хүндрэл учруулдаг байжээ.

Таргалахыг хориглоно...

2009 оноос хойш Японд их хэмжээгээр жин нэмэхийг хоригложээ. 40 насны эрэгтэйн хэвлийн тойрог 79 см байх ёстой бол, эмэгтэй хүнийх 65 см байх ёстой гэж үзсэн байна. Том биетэй сүмо бөхчүүдээрээ алдартай Япончуудын хувьд энэхүү хууль дүрэм нь байж боломгүй мэт санагдаж байж болох юм. 

22:00 цагаас хойш 00 орж болохгүй...

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Швейцарт 22:00 цагаас хойш орон сууцанд 00-ын өрөө орохыг хориглодог байна. Энэ нь 00-ын усыг татах үед дуу чимээ гардагтай холбоотой бөгөөд бусдын ая тухыг үгүй хийнэ гэж үздэг ажээ. Харин уг асуудлыг сүүлийн үед сантехникийн шинэ шийдлээр шийдвэрлэх болсон гэнэ.

Хосууд гараа барилцах, үнсэлцэх хориглоно...

Хөгжил дэвшил, хөрөнгө мөнгөний ноён оргил болсон Арабын Нэгдсэн Эмират улсад хосууд гар гараасаа барилцан алхах, үнсэлцэх зэргийг хуулиндаа хориглож, зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулдаг байна. Маш олон жуулчид олон нийтийн газар үнсэлцсэн, тэврэлдсэн зэргээсээ болж цагдаад баригдаж, мөнгөн торгууль төлж, шоронд хоригдож байжээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах төхөөрөмж авч яв...

Мэдээж согтууруулах ундаа уусан тохиолдолд машин жолоодож явна гэдэг хуулиас гадуур зүйл билээ. Харин Франц улсад жолооч нарыг согтууруулах ундаа уусан эсэхийг шалгадаг төхөөрөмжийг заавал авч явахыг шаарддаг байна. Хэрэв хуулийг зөрчиж, төхөөрөмжийг машиндаа авч яваагүй тохиолдолд 11 еврогийн мөнгөн торгууль ногдуулдаг аж.

Тагтаа хооллохыг хориглоно...

АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод тагтаа хооллохыг хориглодог байна. Энэ нь нян бактери тарааж, хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулах үйлдэл гэж үздэг төдийгүй тагтаа хооллож байгаа хүн харагдвал оршин суугчид шууд цагдаа дуудаж, асуудлыг шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдийг баривчлахыг хүсдэг гэнэ.

Хамрын дусаагуур хэрэглэх нь хууль бус...

Харшил хөдөлж, ханиад хүрснээр хамар битүүрсэн үед бид дусаагуур авч хэрэглэдэг бол Япон улсад энэ нь хууль бус хэрэгт тооцогддог байна. Учир нь хамрын дусаалгад "псевдоэфедрин" гэх бодис агуулагддаг бөгөөд үүнийг донтуулах үйлчилгээтэй гэж үздэг тул Япон улсад тус бодисын орцтой бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглодог ажээ.

Хэрвээ та захиалсан хоолондоо цадаагүй бол...

Дани улсад нэгэн өвөрмөц, сонирхолтой хуулийг баримталдаг байх юм. Энэ нь хоолны мөнгөө төлөх, тооцоогоо хийхтэй холбоотой аж. Хэрвээ та захиалсан хоолондоо цадаагүй, өөрт тань таалагдаагүй бол тооцоогоо хийлгүй явж болох бөгөөд танд хэн ч юу ч хэлэхгүй гэнэ. 

Эх сурвалж: uridchilan-sergiileh.police.gov.mn

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Огноо:

,

Прокурорын байгууллагаас 2025 он, 2026 оны I улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” нийт 2,144 хэрэгт хяналт тавьжээ.

Орон нутагт хамгийн ихээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэн гарч байгаа аймгуудын хувьд Хэнтий аймагт 326, Дорнод аймагт 189, Архангай аймагт 193, Сүхбаатар аймагт 163 бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 47, Хан-Уул дүүрэгт 43, Налайх, Багахангай дүүрэгт 13 бүртгэгдсэн нь хамгийн их байна.

Прокуророос мал хулгайлах гэмт хэрэгт 551 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас насны хувьд 18 хүртэл насны 6, 18-30 насны 183, 31-44 насны 261, 45-аас дээш насны 101 хүн, хүйсийн хувьд эрэгтэй 538, эмэгтэй 13 хүн байгаа бол, ажил эрхэлдэг 66, эрхэлсэн ажилгүй 485 хүн байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 393 хүнд холбогдох 246 хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс 239 хэрэгт 333 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Тодруулбал, 262 шүүгдэгчид 1-12 жил хүртэл хугацаагаар хорих ял, 29 шүүгдэгчид 6 сараас 4 жил, 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 42 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, хянан харгалзжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 349,2 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 55,6 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, нийт 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байгаа тул малчид та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд малаа байнгын хариулгатай байлгах, тэмдэгжүүлэх, хотны зохион байгуулалтыг сайжруулах, хөршийн холбоог ашиглан малаа хамтран хамгаалах, сэжигтэй үйлдэл илэрвэл цагдаагийн байгууллагад мэдээлэх нь чухал болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Огноо:

,

Авлигатай тэмцэх газар-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2026 оны нэгдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар 59 тохиолдолд зөрчил тогтоогдож, хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулсан байна. Мөн зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлжээ. Түүнчлэн авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн байна.

Тухайлбал, Зээлийн батлан даалтын сантай холбоотой шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нэгэн компанид батлан даалт гаргахдаа хууль зөрчсөн, мөн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн нөхцөл тогтоогдсон тул холбогдох албан тушаалтнуудад ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах, цалингийн хэмжээг багасгах зэрэг сахилгын шийтгэл ногдуулжээ.

Мөн “Цемент шохой” ХХК-д хийсэн шалгалтаар санхүүгийн зөрчил болон хуурамч боловсролын баримт бичиг ашигласан нөхцөл илэрч, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу явуулах талаар Эрдэнэс Монгол-д мэдэгдэл хүргүүлжээ.

Мөн нас барсан иргэний тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон зөрчил илэрсэн байна. Шалгалтаар улсын бүртгэл болон нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн солилцоо хангалтгүй, холбогдох зохицуулалт дутмаг байснаас ийм нөхцөл үүссэн гэж үзжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар-ын 2023-2025 оны шалгалтын дүнг нягтлахад нийт 721 иргэнд нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй олгогдсон байна. Үүнээс 1.8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоож, 1.1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулжээ. Одоогоор 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина

Огноо:

,

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах хүрээнд шат дараатай ажлуудыг хийж байна. Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл өнөөдрийн хурлаар хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцлээ.

Улмаар Бага тойруу дотор 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавихаар боллоо. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр тусгайлан сургалтад хамруулах байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлье. Эхний ээлжинд Бага тойруу дотор явган хүний замаар явуулахгүй байхад хяналт тавих шаардлагатай байна. Өнгөрсөн намраас л хавар 16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан, анхааруулсан. Гэтэл одоо ч зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна” гэв.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал:

-Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар баруун хөвөөгөө чөлөөлж өгөх. Хөвөөгүй тохиолдолд баруун талаар зорчих боломжийг олгож бусдад хүндэтгэлтэй хандах.

-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх

-Эхний ээлжинд Бага тойруу доторх 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллах

-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах

-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.

-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.

Иймд иргэд болон жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/04/17

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ2026/04/17

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе2026/04/17

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе2026/04/17

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ2026/04/17

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе2026/04/17

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм2026/04/17

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох