Улстөр нийгэм
Ирэх сарын эхээр сая тун “Спутник-V” вакциныг хүлээн авна

Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын даргын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб энэ сарын 26-ны өдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриев нарт тус тус захидал илгээсний дагуу энэхүү вакцин нийлүүлэх гэрээг байгуулжээ.
ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд сая тун вакцин нийлүүлэхээс гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакциныг нэмж нийлүүлэхээр ажиллаж байгаа талаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб уулзалтын үеэр мэдэгдлээ.
Хоёр орны Засгийн газрын зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур 1,3 сая вакциныг хоёр хувааж нийлүүлнэ гэдгийг тэрээр хэллээ.
Монголын ард иргэдийг вакцинжуулах ажилд хувь нэмрээ оруулж, цар тахлын амаргүй цаг үеийг хамтдаа даван туулж, хөрш орнуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд туслалцаа үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлээд, цаашид вакцины худалдан авалтыг үргэжлүүлэх бодлого баримталж байгаагаа дуулгалаа.
Мөн энэ үеэр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийг сэргээх үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд хэллээ гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2020/09/14
Уурхайчид дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих 3 сарын аянд нэгдлээ
-
Цаг үе2020/07/21
"Дакар-2022" Залуучуудын Олимпын наадам хойшиллоо
-
Улстөр нийгэм2021/05/25
Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлэв
-
Цаг үе2023/09/22
“Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар 607.0 сая а...