Цаг үе
Эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэх нь - Афганистаны таван сургамж
Нэгдүгээрт, улс төрийн хүчтэй, зоригтой манлайлал зайлшгүй шаардлагатай боловч ширүүн эсэргүүцлийг өдөөдөг. 2015 онд доктор Фероззудин Фероз Афганистаны Нийгмийн эрүүл мэндийн сайд болсон бөгөөд өөрийнх нь эсрэг авлигын хэргээр буруутгаж байсныг ч үл харгалзан тэр даруй авлигын эсрэг зогсож, энэ талаар хэд хэдэн захирамж гаргаж, авлигын эрсдэлийн хараат бус үнэлгээ хийлгэхийг хүссэн юм. 2016 оны 6-р сард Хяналт шинжилгээ, үнэлгээний хороо эрүүл мэндийн салбар дахь авлигын асуудлыг шийдвэрлэж чадаагүй Яамыг маш их шүүмжилж, зуу гаруй зүйлийн өөрчлөлт шинэчлэл хийхийг зөвлөсөн хараат бус тайлан гаргахад сайд уг тайланг ил тодоор дэмжиж байв.
Хэдийгээр парламентын гишүүдийн зүгээс маш их дарамт шахалт ирж байсан ч тэрээр импичментээр албан тушаалаас нь огцруулах гэсэн парламентын оролдлогыг даван гарсан юм. Афганистан дахь асуудлын нэг хэсэг нь парламентын гишүүд бөгөөд тодорхой хүмүүсийг, тэр дундаа эрүүл мэндийн салбарт ажилд авахыг яамнаас шаардаж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гэрээ байгуулахад нөлөөлөхийг оролддог. Сайдын энэхүү хатуу байр суурь нь аюултай боловч зайлшгүй шаардлагатай байсан юм.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэх талаар хэсэгчилсэн бус, цогц, иж бүрэн арга хэмжээ авах нь зүйтэй. Хяналт шинжилгээ, үнэлгээний хорооны тайлан болон түүнээс урган гарсан шинэчлэлийн хүчин чармайлтын ялгагдах нэг зүйл бол түүний өргөн цар хүрээ байв. Энэхүү тайлан непотизм хайх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүний эрхийг зөрчих, мөнгө нэхэх, залилан мэхлэх, үнэмлэх, диплом хуурамчаар бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчил, төрийн өмчийг шамшигдуулах, хувьдаа завших, хээл хахууль зэрэг эрүүл мэндийн салбарын авлигын асуудлуудыг бүхэлд нь хамарсан байна.
Дараа нь сайд Фероззудин Фероз эрүүл мэндийн тогтолцооны зургаан хэсэг болох (1) эрүүл мэндийн зохицуулалтын удирдлага, (2) эрүүл мэндийн үйлчилгээ, (3) бүтээгдэхүүний түгээлт, хадгалалт, (4) эрүүл мэндийн бүтээгдэхүүний маркетинг, (5) худалдан авах ажиллагаа, (6) санхүү, ажиллах хүчний менежмент дэх авлигатай тэмцэх дөрвөн үндсэн элемент болох (i) зохицуулалт, (ii) урьдчилан сэргийлэх, (iii) яллах, (iv) олон нийтийн оролцоонд чиглэсэн авлигын эсрэг цогц стратегийг боловсруулсан байна.
Гуравдугаарт, бодлогын үр ашигтай багц шинэчлэл бүрэн хангалттай биш бөгөөд стратегийг хэрэгжүүлэх бат бөх бүтэц болон үйл явцыг бий болгож, түүнийг тайлагнах нь бас чухал юм. Афганистаны эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэх хүчин чармайлтын хувьд эрүүл мэндийн салбарын оролцогч талууд болон яамны дотоод удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн удирдлагын хамтын ажиллагааны бүлгийг байгуулав. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн идэвхтэй дэмжлэгийг авч, яамны ажилтнуудад зөвлөмжийг хэрэгжүүлэхийг даалгаж, эсэргүүцсэн зарим хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна.
Зохион байгуулалтын хамгийн гол өөрчлөлтүүд нь Үндэсний анагаах ухаан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газрыг шинээр байгуулсан (эмийн сан, эм импортлогч компани, лабораториудад аудит, хяналт шалгалтыг нэмэгдүүлж, лицензгүй олон зуун компанийг хар жагсаалтад оруулсан), мөн яамны бүтэцэд Өргөдөл гомдлыг хянах алба байгуулсан явдал байв.
Дөрөвдүгээрт, бодитой, нягт нямбай хяналт шинжилгээнд хүрэлцээтэй нөөцөөр хангах нь амин чухал юм. Афганистаны эрүүл мэндийн салбарын хувьд Хяналт шинжилгээ, үнэлгээний хороо хяналтын дараах шинэ хэлбэрийг бий болгов. Зөвлөмжүүд хэрэгжиж дууссан эсэхийг уламжлалт маягаар зөвхөн дөрвөлжин нүдэнд тэмдэглэхийн оронд эрүүл мэндийн гурван байгууллага бүрт нэг сарын хугацаатай ажиллаж, шаардлагатай арга хэмжээ хэрэгжиж байгаа эсэх талаар эрүүл мэндийн ажилтнууд, өвчтөнүүд, эмч нартай ярилцах тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулав. Энэхүү идэвхтэй хяналт нь нэлээд өртөг өндөртэй боловч энэ талбарт үнэхээр юу өөрчлөгдөж байгаа талаар Хяналт шинжилгээ, үнэлгээний хороо болон Яам хараат бус мэдээллээр хангагдах анхны алхам болсон юм.
Одоогийн байдлаар тус Хороо нь хяналтын энэхүү хэлбэрийг бүх яамд дээр томоохон дүн шинжилгээ хийхдээ ашиглаж байна. (Хяналт шинжилгээ, үнэлгээний хороо улирал тутмын тайлангаа нийтэлдэг бөгөөд эндээс үзэх боломжтой.)
Тавдугаарт, олон нийт болон орон нутгийн удирдагчидтай зарим талаар ил тод байдал, санал хүсэлтийг нь хангах, зарим талаар найдвар хүлээлтийг нь зохицуулах зорилгоор ажиллах. Афганистаны эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд үүссэн нэг асуудал бол гэрээт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх талаарх олон нийтийн хүлээлт болон яам, ТББ-уудын чадварын хоорондын үл нийцэх байдал юм. Энэхүү зөрүүтэй байдал нь олон нийтийн дунд үл итгэх байдал, яамны талаарх сөрөг ойлголтыг бий болгож, улмаар яам нь ТББ-уудыг хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд "хүчилдэггүй", өөрийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог завхруулсан гэсэн ойлголтыг өргөнөөр бий болгожээ. Энэ бол ноцтой асуудал бөгөөд Сайдын стратеги нь 12-18 сарын хугацаанд авлигын эсрэг шинэчлэлийг эхлүүлэх, дараа нь олон нийтийн уулзалт, үйл ажиллагаагаар хөндөгдөж буй асуудлуудад анхаарал хандуулах болно. Тэгэхээр энэ нь үр дүнд хүрэх эсэхийг хэлэхэд нэлээн эрт байгаа юм.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
