Цаг үе
Монгол оронд Торнадо болж байсан баримтууд

Биндэръяа уулын оройд газар тэнгэр нийлэн эрчилсэн багана үүсэн хавь ойрын үүлийг соронзон татах мэт хаман нэгтгэж бөглүү нүргэлсэн дуу гарган Хурх бригадыг чиглэсэн байна. Шилжин явах замдаа хуйлраа нэг хөндийрч дахин газар шүргээд, уулын бэлээс чимээ нь ихсэн уур манан шиг өнгөтэй болсон аж. Төдөлгүй 100-200 м зайд байгаа чөдөртэй 2 морь, Зил-130 машин, бусад эд зүйлс, мал агаарт хөөрөн эрчилсэн хуйлраа руу орохыг хараад эмээж, малаа цуглуулан замаас нь холдож зайлсан гэдэг. Энэ үед тэнд байсан 16 хүний 4 нь азаар амьд үлдсэн ажээ. Тэрхүү эрчилсэн хуйлраа 100-200 метр өргөн зурвасаар, замдаа тааралдсан бүхнийг сүйтгэн, ой модыг хярган, өвс ногоог арчиж хаясаар 60 км явсан байна.
1977 оны зургаадугаар сарын 16-нд Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Онц” бригадын нутгаар хүчтэй шуурга болж цаг уурын “Хомын талын экспедици” өртөн, 2 тонн жинтэй ганг 800 м хол аваачиж хаян, сайтар даруулж бэхэлсан экспедицийн гэрийн дээвэр туургыг нь сугалж аваад явчихсан байна. Шуурга дөнгөж эхлэхэд үедээ 40 м/с зааж байжээ. Энэ үед Дөрвөлжин сумын цаг уурын өртөөнд заалт 34 м/с хүрч, 51 айлын гэр унан, шуурганы замаар нарийн өвс байхгүй болж, тэсэгний үндэс 10 см ил гаран, өнгөн хөрс хийссэн байна. Энэ үзэгдлийг 2 сарын дараа УЦУХ-ээс хиймэл дагуулын зураг, ЦАЗ, бусад мэдээг үндэслэн борооны бөөн үүлтэй холбож тайлбарласан байдаг.
Ховд аймгийн Зэрэг сумын төвд 1997 оны дөрөвдүгээр сард 45 минутын турш үргэлжилсэн шуурганы үеэр 57 м/с хүрч заагаад М-63 багаж эвдэрсэн байдаг. Энэ шуурганаар сумын клубын дээвэр хуурч, бас бус хохирол гарчээ. Үүнийг ажигласан ажиглагч Cb үүл байсан, үүлний дор газар үүлийг холбосон хар хуй харсан гэж ярьжээ.

Архангай аймгийн Хашаат суманд 2014 оны долоодугаар сарын 26-ны 19 цагт сумын төвөөс зүүн урагш орших Номгон багийн “Хөөвөр” хэмээх газар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж нөөлөг салхи салхилан, 1 хүн нас барж мал үхэж, машин тэрэг хийссэн байна. Тухайн үед Хашаат сумын төвд 28 минутын турш мөндөр орж, салхины хурд 12 м/с хүрч байсныг бүс нутаг дахь ажиглагч мэдээлжээ. Хашаатад торнадо өргөн нь 300-400 м, урт нь 10 км орчим зурвас газар хамарснаас үүдэн 3 айлын гэр, 2 айлын байшин нурж, 1 парадо маркийн жийп автомашин хийсэн эвдэрч, 2.5 тонны даацтай Маяти маркийн ачааны машин ачаандаа байсан 1 тн ус бүхий савны хамт 300 м орчим хийсч жолооч шидэгдэж нас баржээ. Машин нь дундуураа мушгисан мэт болжээ. 1 гүний худаг эвдэрч, нилээд хэдэн хүн байшин нурахад дарагдсан болон мөндөрт зохигдож гэмтсэний улмаас эмнэлэгт хүргэгдсэн, адуу 65, үхэр 8, хонь 34, ямаа 63 тоогоор хорогдсон бог малын нүд, толгой мөндөрт хага цохиулсан зэрэг үйл явдал болжээ. Хүмүүсийн харсанаар мөндөрийн хэмжээ тенисны бөмбөгний хэмжээтэй байсан аж. Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцоход 136,894,000 төгрөг болжээ.
Өвөрхангай аймгийн Тарнийн гүүр орчимд мөн 2014 он долоодугаар сарын 26 өдөр 17-18 цагийн орчимд Торнадо ажиглагдаж, ширүүн том мөндөр орсныг явуулын хүн зургаар баталгаажуулсан байдаг.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2021/01/05
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2023/10/17
ЦЕГ: 21 үхэр, 5 адуу хулгайлан, худалдан борлуулах гэж байхад нь илрүүллээ
-
Улстөр нийгэм2023/02/17
Зөвлөлдөх санал асуулгын тайланг Зөвлөлдөх зөвлөлд хүлээлгэн өглөө
-
Улстөр нийгэм2022/06/08
Нийслэлийн орон сууцны корпорациас сэрэмжлүүлж байна
