Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ

Огноо:

,

Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад:

  • 2003-2011 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 265 офицер, ахлагч 13 ээлжээр,
  • 2009-2015 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротын 1,252 алба хаагч 10 ээлжээр,
  • 2010-2015 оноос “Аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин” ажиллагаанд нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын бүлгийн 54 цэргийн алба хаагч 9 ээлжээр, хамгаалалтын салааны 439 алба хаагч 8 ээлжээр,
  • 2015 оноос “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 1,356 алба хаагч 12 ээлжээр тус тус үүрэг гүйцэтгэсэн юм.

Ийнхүү Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3,300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирээд байна.

Үүнтэй холбогдуулан тус улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга оролцож, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгэндээ:

“Хүндэт зочид оо!

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа!

Эрхэм Элчин сайд аа!

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан цэргийн ажиллагаануудад АНУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

1991 оноос өнөөг хүртэлх 30 жилийн хугацаанд Монгол, АНУ хоёр улсын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр эрчимтэй хөгжиж ирсэн.

Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагатай 1999 онд цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулж, 2002 онд Улсын Их Хурлаас “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталснаар Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулах эрх зүйн үндэс бүрдэж, тухайн жилдээ манай цэргийн албан хаагчид анхлан НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.

Харин 2003-2008 оноос цэргийн багийн бүрэлдэхүүнээр “Иракийн эрх чөлөө” дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох болсон. Аль Хилла хот дахь “Чарли” болон “Эко” цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг монгол цэргүүд нэр төртэйгөөр гүйцэтгэсэн байдаг. Монголын Зэвсэгт хүчний 10 ээлжийн цэргийн баг, нийт 1,195 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг нотлон харуулсан билээ. Нэгэн тод жишээ нь, 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 750 килограмм тэсрэх бодис бүхий амиа золиослогчийн халдлагыг таслан зогсоосон ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ендон нарын гавъяа юм. Тэд 2000 гаруй цэргийн алба хаагч байрлаж байсан баазыг үхлийн аюулаас аварсан юм. Монгол дайчдын эр зоригийг үнэлж Польш улс “Мөнгөн загалмай” одонгоор шагнаж байв.

2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагад өртсөний дараа Америкийн Нэгдсэн Улс тэргүүтэй Эвслийн цэргийн хүчин Афганистан дахь Талибаны засаг захиргаа, “Аль Кайда” зэрэг олон улсын террорист бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагааг эхлүүлсэн. Монгол Улс Эвслийн цэргийн “Тогтвортой эрх чөлөө”, НАТО-ийн цэргийн  “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”, “Шийдвэртэй дэмжлэг” гэсэн гурван ажиллагаанд цэргийн багуудаа илгээсэн.

Афганистанд үүрэг гүйцэтгэсэн анхны баг нь артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг байв. Түүнээс хойш 2003-2011 онд 13 ээлж, 2010 оны 10 дугаар сараас нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын 9 ээлжийн бие бүрэлдэхүүн Афганистанд үүрэг гүйцэтгэжээ.

2009 оны 9 дүгээр сараас “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротыг илгээж,  нийт 10 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн бол хамгаалалтын салаа нь 8 ээлжээр Кабул хотын олон улсын хүчний нисэх буудлын аюулгүй байдлыг хангах, хариуцлагын бүсэд эргүүл хийх, хайгуулын ажиллагаа явуулах зэрэг үндсэн үүргүүдийг гүйцэтгэлээ.

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс 12 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн байна.

Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр бид даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ  эртний дайчин түүх, уламжлалтай Монгол цэргийн нэр хүндийг ахин таниулж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа бусад улсын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, цэргийн алба хаагчдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, байнгын үлгэр дуурайл болсоор ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд онцлон тэмдэглэж байна. Та бүхнээр монголын ард түмэн бахархаж, омогшиж байгаа. Өвөг дээдсийн дайчин нэр төрийг хамгаалж, өндөрт өргөж ирсэнд Та бүгдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол цэрэг – дэлхийн цэрэг, монгол цэрэг Чингисийн цэргүүд билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн жавхаа, хийморь ашид мандан бадрах болтугай!” гэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Дэслэгч генерал Д.Ганзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар оролцов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ

Огноо:

,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болж, улсын төсвийн 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
 
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
 
Төслийн хүрээнд 5 блок бүхий цогцолбор эмнэлэг баригдаж байгаа бөгөөд А блокт амбулаторийн кабинетууд,
 
В блокт рентген, компьютер томографийн оношилгоо болон лабораторийн тасгууд,
 
С блокт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд,
 
D блокт хэвтэн эмчлүүлэх нэмэлт ор, тасгийн хэсэг,
 
Е блокт шарил хадгалах байр (морг) тус тус байрлахаар төлөвлөгджээ.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Өгөөмөр баян дэнж" ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү цогцолборыг 2026–2027 онд үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж байна.
 
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор оношилгоо, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж өргөжин, Булган аймгийн эрүүл мэндийн салбарын чадавх шинэ түвшинд хүрнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

2026.06.11 /Пүрэв гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
15
Хэлэлцэх асуудал: 15
 
  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  2. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  7. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  8. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  11. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  12. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  14. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  15. Бусад
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох