Цаг үе
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ.
Төслийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав. “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөсөн бөгөөд өдөрт 1200-1500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна.
НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Өмнө нь хог шатаах үйлдвэр бариагүй билүү. Тэр юу болсон бэ. Нэг үйлдвэрээ ашиглалтад оруулаагүй байж дахин үйлдвэр барих талаар яриад байна уу” гэсэн асуултыг тавив.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнгөрсөн жил барилгын хогийг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон. Энэ бол хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр юм” гэдэг тайлбарыг хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Дэлхийн улс орнуудад хог шатаах үйлдвэр нэлээд боловсронгуй болсон. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах талаас дэмжиж байна. Гурван үе шаттай үйлдвэрийг барихад туршлагатай компани, багагүй хөрөнгө оруулалт шаардана. Сонгон шалгаруулалтад үүнийг хэрхэн анхаарах вэ. Биологийн задралгүй хог хаягдлаа шатаагаад эрчим хүч гаргаад шийдчих юм байна. Тэгвэл биологийн задралтай хогоо хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Нэг хогоо шийдээд, нөгөө хогоо үлдээхгүй болов уу” гэсэн асуултыг тавилаа.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Байгальд ээлтэй талаасаа олон улсад нэлээд дээгүүрт орох төсөл гэж тодорхойлоод байгаа. Гурван үе шаттай явж байгаа төсөлд нэлээд анхаарч ажиллаж байна. Урьдчилсан шатад 4 компаниас ТЭЗҮ авсан. ШУТИС-ийн эрдэмтэд шинжилгээ хийсний үндсэн дээр ТЭЗҮ-г эцэслэсэн. Шатах боломжтой бүх хогийг шатааж эрчим хүч гаргах боломжтой. Зарим төрлийн тухайлбал, малын сэг зэмийг шатаахдаа нүүрс ч юм уу тодорхой зүйлийг хольж шатаах технологитой” гэв.
НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Төслийг дэмжиж байгаа. Гэхдээ Хан-Уул дүүргийн 24-р хороо Морингийн даваа орчмын иргэдийн эрх ашгийг, нийгмийн байдлыг дордуулахгүйгээр газрын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ. Мэдээж том төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй ч иргэдийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой учраас энэ талаар тодруулж байна” гэв.
“Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батырбек “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх газрын 142 га талбайд байршилтай 600 айл өрх бий. Гэхдээ эдгээр айлууд яг үйлдвэр барих газарт бол ороогүй бүс. Гол цаашдаа үйлдвэрийн парк барих төлөвлөлтүүд хийх юм. Дээрх айлуудын 583 нь дүүргээс, 13 нь нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгогдсон байгаа. Нийтдээ 444 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох, үлдсэн хашаа татсан болон амьдарч байгаа айлуудыг холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байна.” гэсэн тайлбарыг өглөө. Тодруулбал, 88 нь хашаатай, 14 нь газар дээрээ амьдарч байгаа, 356 нь хоосон буюу хоёр жил ашиглаагүй, хоёр жил болоогүй 141 газар байна. Иймд газрыг дүйцүүлж олгохоор суурьшил үүссэн бүсэд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа “Иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн саналыг асуух хэрэгтэй. Морингийн давааны эдгээр айлаас эхлээд санал асуулга авсан уу. Морингийн даваанд барих хог шатаах үйлдвэр барих байршлын хувьд хэр зохистой вэ” гэсэн асуултыг тодрууллаа. Харин албаныхан хуулийн дагуу асуулга явуулсан талаар тайлбар өглөө. Төслийн гол зорилго нь газрын хөрсний болоод агаар орчны бохирдлыг бууруулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэдгийг онцлов.
Харин НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн хогийг ангилан олгох талаар тодрууллаа. Тухайн үйлдвэр биологийн болон бусад зэрэг шатаах технологиос хамаарч гурав ангилах талаар тайлбарлав.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Эдийн засгийн ач холбогдолтой төслийг дэмжинэ. Гол нь энэ төслүүдээ яриад л байх биш гараанаас нь хөдөлгөмөөр байна. Мөн энэ үйлдвэр ашиглалтад ороход хэдэн жилийн дараа хоггүй болох вэ. Аюултай хог хаягдлыг цаашдаа яах вэ. Аюултай хог хаягдлыг устгах үйлдвэрийг хувийн хэвшил барьчихсан байна. Үүнийг дэмжиж байгаа зүйл байна уу” гэдгийг тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар Улаанчулуут, Морингийн даваа, Цагаа давааны хогийн цэгүүдэд дарж булшлах аргыг хэрэглэж байна. Жилд дунджаар 1.2 тонн буюу нэг иргэн өдөрт 0.8-1 кг хог гаргадаг гэсэн тооцоо бий. Үүний 75 хувь нь шатаах боломжтой гэсэн судалгаа хийсэн. Тиймээс хогноос эрчим хүч гаргах технологийг сонгосон. Аюултай хог хаягдлыг цаашдаа уг үйлдвэрт шатаахдаа ангилах талаар анхаарч ажиллана” гэсэн тайлбарыг өглөө.
НИТХ-ын төлөөлөгч Д.Наянбаяр “Ахуй хог хаягдлыг шатааж болж байна. Гол нь аюултай хог хаягдлыг цаашдаа хэрхэн шийдэх талаар ярих зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа уурхайтай холбоотой асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Налайхад дарах булшлах хог хаягдалд эмнэлгийн аюулгүй хог хаягдал их эзэлдэг. Үүнийг бас анхаарах хэрэгтэй байна” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Төслийг бол мэдээж дэмжиж байна. Гэхдээ эргээд гүйцэтгэл дээр маш онцгой анхаарахгүй бол хариуцах эзэнгүй үлддэг шүү” гэсэн саналыг хэллээ.
Түүнчлэн НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, гишүүнийг чөлөөлөх тухай, Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
