Шударга мэдээ
Хотын төвд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Бага тойруу, Их тойруу орчимд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ.
Энэ талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бага тойруу орчим нь нийслэлийн түүхэн хөгжил, соёл, архитектурын өвийг хадгалсан онцгой хэсэг. Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх, иргэний амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Улаанбаатарт ашиглалтын шаардлага хангахгүй нийт 376 барилгын 40-50 нь хотын төвд байна. Бага тойруу орчимд хүн амын нягтралыг нэмэгдүүлэхгүй байх, гэхдээ хотын түүхэн соёл, өнгө үзэмжид уялдуулан барилгыг дахин төлөвлөх, шинээр барих барилгын өндрийг эцэслэх шаардлага байгаа. Иргэдийг тавтай амьдруулах үүднээс санал асуулгыг явуулж байгаа учир иргэд, олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр хуралд Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны Бага тойруугийн хэсгийн 243.3 га талбайд хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах талаар танилцуулсан. Энэ хүрээнд
- Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ хотын хүн ам, барилгажилтын нягтралыг тэнцвэртэй хөгжүүлэх.
- Барилга байгууламжийн барилгын өндрийг нарны ээвэрлэлт, барилга хоорондын зай хэмжээтэй уялдуулан шийдвэрлэж, өндрийн хязгаарыг тогтоох.
- Явган хүний зам, дугуйн замын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй өргөтгөл, шат довжоог буулгах.
- Хот байгуулалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ хүн амын зохистой нягтралтыг авч үлдсэнээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, авто зогсоолын хүртээмжийг хадгалж авч үлдэх.
- Түүх, архитектурын дурсгалт барилга, байгууламжийн зөвшөөрөлгүй өргөтгөл, зохимжгүй байгууламжуудыг буулгаж, анхны төрхийг нь нөхөн сэргээх талаар арга хэмжээ авах.
- Түүх, архитектурын дурсгалт барилга, байгууламжийг хүчитгэх, чанарыг авч үлдэх талаар инженерийн шийдэл боловсруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлж, шийдүүлэх, иргэд, олон нийтээс санал авахыг нийслэлийн Засаг даргаас үүрэг болгоод байна.
Санал асуулгад дараах холбоосоор оролцоно уу.
Шударга мэдээ
Хяналтын улсын байцаагч нарын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгажээ
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа эрх бүхий байгууллагын албан тушаалтны 2025 оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.
Шалгалтаар Нийслэлийн мал эмнэлгийн газар, Дотоодын Цэргийн анги, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил,хамгааллын хэлтэс, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Цэргийн штабын хяналтын улсын байцаагч нарын шалгаж шийдвэрлэсэн, нийт 2831 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хамруулжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны шалгаж шийдвэрлэсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэлтээр нь авч үзвэл 13.5 хувь буюу 383 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, 3.5 хувь буюу 97 зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 83 хувь буюу 2351 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл болон хэрэгт торгох шийтгэл оногдуулсан байна.
Хяналтын улсын байцаагч нар “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих” 1253, “Татварын хууль зөрчих” 414, “Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих” 263, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчих” 142 зөрчилд торгох шийтгэл оногдуулсан нь хамгийн их байна.
Шалгалтаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа холбогдох хууль тогтоомж, журмыг хэрэгжүүлж ажиллаагүй, үндэслэлгүй шийтгэл оногдуулж хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогджээ.
Нийслэлийн прокурорын газраас шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлүүдийг арилгаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах талаар дүүргийн прокурорын газруудад үүрэг болгожээ.
Тус прокурорын газраас хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын тодорхой ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Татварын ерөнхий газарт прокурорын шаардлага, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газруудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах, зохион байгуулалтын арга хэмжээ авахуулах хугацаатай үүрэг өгч, албан бичиг хүргүүлсэн байна.
Шударга мэдээ
Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн зүүн урд талд зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна. Энэ хүрээнд НХШГ-ын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Тодруулбал, дээрх байршилд “Юби роботикс” ХХК саарал ус ашиглах зориулалттай автомашин угаалгын газар байгуулахаар Үндэсний соёл, амралтын хүрээлэнтэй түрээсийн гэрээ байгуулжээ. Тус компани барилгын ямар нэг зөвшөөрөлгүй, түрээсийн газартаа барилга барьж байсан зөрчлийг зогсоолоо.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, зорчих нөхцөл бололцоог хангах үүднээс дагаж мөрдөж байгаа холбогдох стандартуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Улсын байцаагч холбогдох бичиг баримтуудыг шалгахад энэ байгууламж нь барилгын ажлын даалгаваргүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй, Барилгын хөгжлийн төвд зураг төслөө батлуулаагүй зэрэг зөрчилтэй байсан. Тиймээс бид албан шаардлага хүргүүлж, барилгын ажлыг зогсоолоо. Тус байгууллагад торгуулийн арга хэмжээ авч уг байгууламжийг богино хугацаанд буулгуулна. Улсын байцаагчийн заасан хугацаанд компани тус байгууламжийг буулгахгүй бол улсын зардлаар нурааж, гарсан хөрөнгийг зөрчил гаргасан этгээдээр төлүүлнэ.
Мөн Үндэсний соёл, амралтын хүрээлэн энэ газрыг амралт, зугаалгын цогцолборын зориулалтаар ашиглахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зөвшөөрөл авсан. Хотын төвийн А бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж бариулах эрх Үндэсний соёл амралтын хүрээлэнд байхгүй” гэдгийг хэллээ.
Шударга мэдээ
“Хүннү 2222” болон “Ривер гарден” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүллээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, "Хүннү 2222" хорооллыг "Ривер гарден" хотхонтой холбох 120 метр авто замыг шинээр барих ажил эхэллээ.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын зүгээс “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөж, “Хүннү 2222” болон “Ривер гарден” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, тус компанийн эзэмшлийн агуулахыг буулгаж, хоёр эгнээ 120 метр авто замыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр барих юм. Гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК шалгарсан бөгөөд есдүгээр сарын 15-нд тус замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.
-
Цаг үе2020/08/03
Ургамлын тоосны харшлаас сэргийлэх аргууд...
-
Цаг үе2025/08/21
Ургац хураалтад иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна
-
Улстөр нийгэм2024/10/10
2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарь га...
-
Улстөр нийгэм2025/02/20
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын IV бага хурал бо...