Улстөр нийгэм
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2021 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Уг хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүний хамтаар санаачлан, боловсруулжээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан байдаг.
Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж хуулийн төсөл санаачлагч үзжээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээтэй холбоотой дээрх шаардлага нь анхлан бага хэмжээтэй хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нарт бэрхшээл учруулж болох талтай бөгөөд төлөөлөгчийн газарт хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбоотой хязгаарлалт байдаггүй боловч энэ статусаар үйл ажиллагаа явуулбал Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэн орлого олох эрхгүй байдаг байна. Иймээс хөрөнгө оруулалтын хамгаалалтын баталгааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах, түүний хэрэгжилтийг хангах зэрэг хэрэгцээ шаардлагатай гэж үзэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөлд :
1.Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээх хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан,
2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан,
3.Энэ хуулийн төсөлтэй нийцүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 136-д зарим шинэ төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахаар тусгагдсан.
Монгол Улсын хувьд тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2018-аас 2020 он хүртэлх тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр заасан. Харин 2021 оноос цаашид хэрхэн татварыг нэмэгдүүлэх талаарх бодлого одоогоор тодорхойгүй. Түүнчлэн, тус хэрэглээ нь нэгэнт бий болсон халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулах шаардлага үүсээд байна.
Иймд тамхины онцгой албан татварыг 2021 оноос эхлэн 2024 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх, халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.
Хуулийн төсөлд онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүнд халаадаг болон электрон тамхийг нэмж оруулан, халаадаг тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 100 ширхгээр, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах биет нэгжийг 10 миллиграммаар тус тус тогтоож, онцгой албан татварын хэмжээг 3180 болон 1000 төгрөгөөр тогтоосон. Онцгой албан татварыг ийнхүү тогтоосноор халаадаг тамхинаас жилд 1,9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж урьдчилан тооцоод байна.
Мөн янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 4600 төгрөгөөр тогтоомж, цаашид 2024 он гэхэд 5860 төгрөг, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 3400 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 4210 төгрөг болгон тус тус үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгаж, эдгээр нэмэлттэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуулийн хэсэг, заалтуудын уялдаа холбоог хангах өөрчлөлтийг тусгав.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай холбогдуулан “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог шинээр тодорхойлон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулав. Уг нэмэлтээр “тамхи” гэсэн нэр томьёонд “утаат тамхи”, “халаадаг тамхи”, “электрон тамхи” аль аль нь хамаарах бөгөөд энэхүү өөрчлөлтийн үр дүнд халаадаг болон электрон тамхины импорт, үйлдвэрлэл, худалдаа хуулийн зохицуулалт, стандарттай болох юм.
Мөн янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхины албан татварын хувь, хэмжээг “5” хувиар тогтоон мөрдүүлж байгаа нь Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тамхи үйлдвэрлэгчид татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх зохицуулалтад нийцэхгүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, тухайн төрлийн тамхины гаалийн албан татварын хувь хэмжээг 30 хувь болгон өөрчлөхөөр Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2021/11/12
Галактикийн хямд үнээр бараагаа авахдаа Төрийн банкны “Гялс” зээлийг...
-
Шударга мэдээ2022/06/23
Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн...
-
Цаг үе2023/12/20
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана
-
Үзэл бодол2021/07/23
Коронавирусний халдвар авч, өвдөөд эдгэсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээний зөв...
