Шударга мэдээ
Төрийн банкны үйлчилгээ иргэдэд ойртлоо /Төрийн банк киоск машинтай болно/
Төрийн банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Г.Энхтамиртай ярилцлаа.
-Манай улсын банк, санхүүгийн байгууллагууд технологийн шийдлээрээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж чадаж байгаа болов уу. Бусад улстай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?
-Манай банкууд технологийн шийдлээрээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд бэлэн бус төлбөр тооцоог чухалчилсан цахим шилжилтийн үйл явц дэлхий дахинд хурдацтай өрнөх боллоо. Ирээдүйд банкны үйлчилгээ улам ойртоно. Одоо ч гэсэн банкинд ирэхгүйгээр асуудлаа шийдчихдэг харилцагчдын тоо олширсоор байна. Тийм ч учраас банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа мэдэрч, шинэлэг цахим бүтээгдэхүүн гаргах тал дээр цаг ямагт анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харилцагчдынхаа нийтлэг эрх ашгийг бодолцож, хөгшин, залуу ямарч насны хүн ашиглаж болохоор энгийн, ойлгомжтой бас орчин үеийн шийдэл нэвтрүүлэх нь өнөөгийн хэрэгцээ, шаардлага болоод байна. Гэхдээ энгийн гээд нууцлал, аюулгүй байдлыг орхигдуулж болохгүй л дээ. Ялангуяа “банкны тархи” гэж тодорхойлж болох бүртгэлийн суурь систем сайн байх тусмаа банкны үйл ажиллагаа өргөжин хөгжиж байдаг. Тийм ч учраас бид өнгөрсөн гуравдугаар сард системийн шинэчлэл хийж, харилцагчиддаа олон шинэ боломж нээж өглөө. Өндөр хөгжилтэй улсын банк, санхүүгийн байгууллагуудтай ч эн зэрэгцэх боломж бүрдлээ.
-Төрийн банк одоогоор хэчнээн харилцагчтай вэ. Банкны суурь системээ үндсээр нь шинэчилснээр харилцагчдад ямар боломж нээгдэв?
-Манай банк 2.2 сая гаруй харилцагчтай. Орон сууц буюу хэрэглээний төлбөрийн 90 гаруй хувийн гүйлгээ манай банкаар дамжиж байна. Мөн тэтгэврийн тал хувийг, халамжийн дийлэнх хэсгийг Төрийн банкаар олгодог. Тиймээс бид энэ олон харилцагчийнхаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор системээ шинэчилсэн. Ингэснээр харилцагчийн бүртгэлийг илүү дэлгэрэнгүй бүртгэх нөхцөл бүрдсэн. Харилцагч ямар нэг гүйлгээ хийхдээ эхлээд ХУР системээр хурууны хээгээ баталгаажуулдаг боллоо. Энэ бол аюулгүй байдал сайжирсны нэг том илрэл. Түүнчлэн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдээд байна. Тухайлбал, Төрийн банк киоск машинтай болж байна. Ингэснээр иргэд банкинд урт дараалал үүсгэх шаардлагагүй болно. Манай банкны 2011 оноос хөгжүүлсэн Гялс банкин дээр л гэхэд маш олон шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Гялс банк бол манай гол брэнд шүү дээ. Мөн өмнө нь бусад системийн өндөрлөгөөг хүлээж, 00:00 цагаас гүйлгээ саатдаг байсан. Энэ байдал өөрчлөгдлөө. Бид суурь системээ шинэчилснээр системүүдийн өндөрлөгөө зэрэг хийгддэг болсон. Хамгийн гол нь теллер, харилцааны менежерүүдийн гар ажиллагааг автоматжуулснаар банкны үйл ажиллагаа хурдан шуурхай болж байгаа юм. Бид шинэ системийнхээ хөгжүүлэлтийг байнга л хийж явна.
-Системээ шинэчилснээр хадгаламж, зээлийн үйлчилгээний бүртгэл илүү хурдан шуурхай болж, энэ хэрээр банкны үйлчилгээ хурдан шуурхай болно гэсэн байсан. Энэ талаар тодорхой тайлбарлахгүй юу?
-Системийн шинэчлэл хийснээр хадгаламж, харилцах дансны бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтөлдөг болсон. Хадгаламж, харилцах, зээлийн дансны үлдэгдэл хөтлөлт, хүүний сан хөтлөлт илүү дэлгэрэнгүй, тодорхой болж ирсэн. Мөн ковер данс хөтлөх боломжтой болсон. Жишээ нь, 1111 гэсэн харилцах данс дээр 2222 гэсэн ковер данс холболоо гэж бодьё. Хэрэв 1111 дансны үлдэгдэл гүйлгээ хийж, төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол 2222 гэсэн ковер данснаасаа автоматаар гүйлгээ хийх боломж бүрдсэн гэсэн үг. Энэ мэт маш олон давуу тал бий болсон.
-Уншигчид маань санаж байгаа бол гуравдугаар сард Төрийн банкны АТМ болон интернэтийн гүйлгээ гурван өдрийн турш зогссон. Тэр үед банкны систем яг шилжиж байсан байх. Цаашид тийм байдал давтагдах уу? Ер нь шилжилт бүрэн дууссан гэж ойлгож болох уу?
-Банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэн солино гэдэг бол маш нарийн төвөгтэй ажил. Хүнээр бол нэг үе дуусаад дахин шинэ залуу, эрч хүчтэй үе төрж байгаатай адил. Гэхдээ харилцагчийн мэдээлэл, датанд ямарч өөрчлөлт орохгүй. Төрийн банкны хуучин ашиглаж байсан систем технологийн хувьд хуучирч, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломжгүй болоод байсан юм. Харин Төрийн банкны 3000 гаруй ажилтан, тэр дундаа мэдээллийн технологийн ажилтнуудаар ахлуулсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн нөр их хөдөлмөрөөр энэ ажил биелэлээ оллоо. Бид ГрейпСити Монголия компанитай хамтран нэг жил гаруйн хугацаанд системээ хөгжүүлж, туршиж байж энэ том ажлын ард гарсан. Монгол инженерүүдийн ур ухаанаар дэлхийн хэмжээний систем хөгжүүлж, нэвтрүүлж болдгийн тод жишээ энэ байлаа. Мэдээж ийм том хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний саатал, бэрхшээл, доголдол, тооцоолж чадаагүй эрсдэл гарсан. Үүнийг манай хамт олон шуурхай шийдвэрлэж, шинээр нэвтрүүлсэн систем маань долоон хоногийн дотор л тогтворжсон. Тиймээс цаашид үйл ажиллагаагаа түр зогсоох шаардлага гарахгүй. Мөн ямар нэг доголдол үүсч, харилцагчдаа бухимдуулахгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ завшааныг ашиглан систем шилжих үед хүндрэл учруулсандаа харилцагч та бүхнээсээ хүлцэл өчье. Бид цаашид улам хичээх болно оо.
-Монголын томоохон арилжааны банкуудаас хамгийн түрүүнд Төрийн банк олон улсын банк, санхүүгийн байгууллагад ашигладаг IBAN дансны дугаарлалт руу шилжлээ. Энэ дугаарлалтын давуу тал нь юу вэ?
-IBAN (International Bank Account Number) дансны дугаарлалт нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий дугаарлалт юм. Манай банк ISO13616-1, 2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаарлалтыг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүсэн анхны банк боллоо. Ингэснээр манай харилцагчид дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн дансны дугаараар олон улсын гүйлгээ хийх боломж бүрдэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын дагуу ирэх он гэхэд бүх банк IBAN дугаарлалт ашиглаж эхэлнэ.
-Төрийн банк үйлчилгээндээ киоск машин нэвтрүүлэхээр туршилт хийж байна. Хэзээнээс хэрэглээнд нэвтрэх вэ?

- Бид системийн шинэчлэлээс гадна технологийн шинэчлэлд ч анхаарч байна. Хэрэглээний төлбөр төлөх, халамжийн мэдээлэл авах зэрэг шалтгаанаар иргэд банкинд дараалал үүсгэдэг. Энэ байдал өөрчлөгдөнө. Манай банкны хувьд цахим шилжилтийн хүрээнд нэлээн олон бүтээгдэхүүн үйлчилгээг тусгаад явж байна. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахал биднийг тойрсонгүй, ажилд багагүй төвөг учрууллаа. Гэхдээ бид хойш суусангүй, зарим салбартаа нэвтрүүлээд туршилтын хэмжээнд явж байна. Бид энэ сардаа багтаад банкны салбарууд дээрээ 40-өөд киоск машин байрлуулна. Харилцагчдаа хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгнө. Мөн эхний ээлжинд Дархан, Эрдэнэт гэх мэт хүн ам ихтэй хотуудад байршуулна. Цаашлаад улс орон даяар хүртээмжийг нь шат дараатай нэмэх төлөвлөгөөтэй байна.
- Киоск машинаар ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?
- Иргэд банкинд урт дараалалд зогсож, багагүй бухимддаг шүү дээ. Ялангуяа манайх шиг ачаалалтай банк энэ асуудлыг бага ч болов шийдэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Шинээр нэвтрүүлж буй киоск төхөөрөмжөөр дамжуулан харилцагч банкны бэлэн бус төлбөр тооцооны бүх үйлчилгээг авах боломжтой. Гэхдээ үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмнэ. Манай банкны харилцагчдын хувьд хурууны хээгээрээ ХУР системд өөрийгөө баталгаажуулаад бүхий л төлбөр тооцоо, гуйвуулгаа хийж болно. Мөн дурын банкны харилцагч Төрийн банкны киоск машиныг ашиглан байрны төлбөрөө карт болон QPay ашиглан төлөх боломжтой. Ер нь ашиглахад аль болох ойлгомжтой байхаар хөгжүүлсэн гэж бодож байна.
Энэ дашрамд Төрийн банкны нийт харилцагчиддаа хамт олныхоо өмнөөс Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн мэндийг хүргэе. Та бүхэн цахим бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал, зөвлөгөөгөө бидэнд харамгүй өгч байгаарай. Төрийн банк харилцагч та бүхнийхээ санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж, хурдан шуурхай үйлчлэхийн төлөө зүтгэх болно оо.
Шударга мэдээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.
Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.
Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.
Шударга мэдээ
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
