Улстөр нийгэм
Том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны наймдугаар сарын 03-ны өдөр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн талаар танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Засгийн газартай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгааг уламжлав.
УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын энэ үед эдийн засгийг тогтвортой байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн бодлого боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.
Түүнчлэн Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд одоогийн байдлаар 1.8 их наяд төгрөгийн зээлийг гаргасан байна. Төгрөгийн ханшийг тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг сайшаав. Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгалаа.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2021/10/27
УИХ-ын байнгын болон дэд хороодын хуралдаан болно
-
Цаг үе2024/08/13
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/06/11
Засгийн газар Хөшигийн хөндийд "Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс" бай...
-
Шударга мэдээ2023/09/07
"МИАТ" ТӨХК аяллын дугаар хуваах нислэгээр Вашингтон, Чикаго хот руу н...