Улстөр нийгэм
Б.Отгонсүх: Эрээн-Улаанбаатар хүртэлх тээврийн зардал 10 сая төгрөг болж, гурав дахин буурлаа
Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун, Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар, ГИХГ-ын Дорноговь дахь газрын дарга Д.Эрдэнэбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх "Замын-Үүдийг гаалийн газар иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж 08-22 цаг хүртэл ажиллаж байна. Хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийж, ачаа барааг өдөрт нь эздэд нь олгож байна. Энэ 20 гаруй өдрийн хугацаанд нийт импортын бараа бүтээгдэхүүн 50-60, экспортынх 10 орчим хувиар нэмэгдсэн байна. Гаалийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд гаалийн хяналт шалгалтыг өдөртөө авах боломж бүрдсэн.
50 мянган тонн орчим ачаа Эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан бол өнөөдрийн урд хилийн боомт дээр 20 мянган тонн орчим ачаа үлдээд байна. Энэ 20 мянган тонныг энэ сардаа багтаагаад авбал хэвийн горимдоо шилжинэ гэж тооцож байна. Иргэдэд тулгамдаад байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг гурван дахин бууруулахаар боллоо гэлээ.
Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу "2021 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж, дараалалд байгаа БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоож жолооч нартай гэрээ байгууллаа. Өнөөдрөөс эхлэн эхний 90 автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна" гэлээ.
Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар "Жолооч нар хариуцлагын гэрээнд хариуцлагатай хандаж хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллага хяналт тавина. Эрээн-Улаанбаатар хүртэлх тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд манай сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн утсаар иргэд мэдээлэл өгч болно.
Гэрээний үүргээ биелүүлээгүй нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төвөөс улс хоорондын Б зөвшөөрлийг олгохгүй байх хүртэлх арга хэмжээ зургаан сар буюу түүнээс дээш хүртэлх хугацаагаар авна" гэв.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Шударга мэдээ2023/02/02
ЗГ: Инновацын төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээгдлээ
-
Шударга мэдээ2022/01/20
Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ
-
Улстөр нийгэм2021/04/30
УОК: Орон нутгийн иргэдийн дархлаажуулалтыг эрчимжүүлнэ
-
Улстөр нийгэм2023/06/16
Төрийн банк тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлнэ
