Улстөр нийгэм
Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо 21 аймаг, 9 дүүргийн сургагч багш нараа бэлтгэлээ

Тус сургалтыг орон нутагтаа сургалт бие даан зохион байгуулах боломжтой сургагч багш бэлтгэх, НАМЗХ-ын салбар зөвлөлийн гишүүд дэмжигчдээ чадавхжуулах зорилготойгоор зохион байгуулсан юм. 21 аймаг 9 дүүргээс шалгарсан шилдэг 30 залуус 8 сарын 23-аас 8 сарын 28-ны хооронд амжилттай суралцан сертификатаа гардан авч, төгсөлтийн баяраа тэмдэглэлээ.
Сургагч багш бэлтгэх сургалтын үйл ажиллагааг Х.Сайхансанаа захиралтай Сургалт, судлагааны “Стратеги академи-”ийн хамт олон хамтран зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд залуус "Сургагч гэж хэн бэ", "Илтгэгчийн суурь ур чадварууд" , "Нийгмийн ардчиллын үнэт зүйл", "Сургагчийн ур чадвар", "Нийгмийн баримжаат эдийн засаг", "Ерөнхийлөгчийн сонгууль ба олон нийтийн зан төлөв" зэрэг хувь хүний хөгжил, сургагч багшийн мэдлэг авах олон сонирхолтой хичээлд хамрагдан оюуны цар хүрээгээ тэллээ.
Сургалтыг “Нийгмийн Ардчилал” залуучуудын академийн захирал, Хувь хүний хөгжил, бизнес менежментийн сургагч Б.Золбадрал, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Хувийн ур чадварын гуру, “Дел Карнеги” болон “JСI” байгууллагын олон улсын сургагч Э.Чинзориг, “POSITIVE MIND” буюу “Эерэг сэтгэлгээний давлагаа” төслийн удирдагч Н.Энхбаатар, “Mongolian leadership institution” гүйцэтгэх захирал Б.Ганпүрэв, Сургалт, судалгааны “Стратеги академи” сургагч багш Г.Чулуун-Үрэл, А.Хишигтөгс, О.Оюундалай, П.Түмэнцэцэг гэсэн шилдэг сургагч багшийн төлөөллүүд өөрийн мэдлэг чадвар, ололт амжилт, туршлагаасаа залуустай хуваалцсан.

Сургалтын хаалтын үйл ажиллагаанд “Нийгмийн Ардчилал" залуучуудын академийн захирал Б.Золбадрал, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил, дэд ерөнхийлөгч, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, УЗ-ийн гишүүн Я.Энхбаатар, Нарийн бичгийн дарга Б.Галсан болон сургалт орсон багш нар оролцлоо.
Энэ үеэр НАЗА-ийн захирал Б.Золбадрал “Сургагч багш та бүхэн залуучуудад хувь хүний хөгжлийн хурыг түгээх маш чухал, ёс төртэй үүргийг хүлээж авлаа. Энд хүрч ирээд зүгээр нэг сургалт үзээд сургагч болж байгаа юм биш, бүгд нэг анги, нэг хамт олон болж, нэг зорилгын төлөө нэгдэж байна. Цаашид олон жил хамтарч ажиллан, бас нөхөрлөнө, түүнчлэн олон залууст эерэг өөрчлөлт, өөрийгөө хөгжүүлэх ухааны хурыг түгээнэ. Тиймээс сургагч багш болж буй залуус бүгд цаашид улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг хэлж байлаа.
Мөн НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил “Залуус та бүхэнд маш том хариуцлага тулж ирлээ. Сурсан мэдсэн бүх зүйлүүдээ аймаг, сум, дүүргийнхээ залуучуудад харамгүй түгээж, сургаж, дараагийн үеийн залуучуудаа бэлтгэх ажилд идэвхтэй оролцоорой. НАМЗХ-ны эд эс дараагийн үе болж буй залуус та бүхэн улам хийхийг хийж, бүтээх чадвартай гэдгийг онцолъё” гэлээ.
Ийнхүү аймаг, дүүргийн шилдэг залуус “Нийгмийн Ардчилал" залуучуудын академийн сургагчийн ёс зүй, хариуцлагын гэрээг байгуулж, төгсөлтийн үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөлөө. Монголын шилдэг илтгэгч сургагч багш нарын үг, туршлага, мэдлэг мэдээлэл бүхэн залууст шинэлэг ололт амжилт, хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, урам зориг өглөө гэдгийг залуус онцолж байв. Мөн уг сургалт шинийг сурсан, шинэ үүд хаалга, боломжийг нээсэн, цаашлаад шинэ ур чадварыг олох боломжтой, хаана байгаагаас үл хамааран хамтдаа хөгжих боломжийг бидэнд олголоо гэдгийг ч хэлж байв.

Тус сургалтад залуус нэгдэн оролцсоноороо хувь хүний хөгжил, сургагч багшийн суурь мэдлэг, ур чадвар зэрэг олон зүйлийг суралцан цаашид олон мянган залуусыг чадавхжуулах ур чадварыг эзэмшсэн юм.
Ийнхүү бид цаашид дүүрэг, орон нутгийнхаа залуусыг чадавхжуулах, ур чадвартай шилдэг сургагч багш бэлтгэх суурийг үүгээр тавьж байна. Эдгээр залуусын хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс үе үеийн шилдэг сургагч багш төрнө гэдэгт итгэлтэй байна.












Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.