Шударга мэдээ
Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөө зарлагдсанаас хойш буюу 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 18,000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид 1,823.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тухайн зээлүүдийн ард 125 мянган ажлын байр хамгаалагдсан байна. Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч байгаа ч зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргаад байна.
"Ажлын байрыг дэмжих" зээл нь жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байх бөгөөд аж ахуйн нэгжүүд 500 хүртэлх сая, бичил бизнес эрхэлдэг иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс зөвхөн НӨАТ төлдөг байх гэсэн шалгуурыг тавьж байна. Харин бизнес эрхлэгч иргэдийн хувьд тус зээлийг хэрэглээндээ зарцуулах бус зөвхөн бизнесээ идэвхжүүлэхэд зориулах шаардлага тавина. Үүнээс гадна арилжааны банкаар дамжин зээл олгох учир банкнуудын шаардлагыг хангасан байх ёстой.
рилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн батлан даалт гаргах боломжтой. Харин Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой.
Зээлийн батлан даалтын сангаас батлан даах дээд хэмжээ 300 сая төгрөг.
Зээлийн батлан даалтын сантай холбогдох утас: 7700-2035
Шударга мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:
Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал
Шударга мэдээ
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Шударга мэдээ
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа
Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.
Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
-
Шударга мэдээ2024/09/16
Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын хөдө...
-
Цаг үе2025/02/18
“Миний Монгол 2025” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ
-
Цаг үе2023/11/28
Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтран ажиллана
-
Цаг үе2023/10/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй